SYNDICATE TALK EXCLUSIVE: СОНГО-БҮҮ УЙЛ
Манай багийн ээлжит 51 дэх шинэ дугаар та бүхэнд мульти форматаар хүрч байна. USAID Mongolia, Азийн Сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” санаачилгыг манай нэвтрүүлэг дэмжин ажиллаж байна. Залуус аа, сонгуульдаа идэвхтэй бас хариуцлагатай оролцож, ирээдүйгээ гартаа атгая! Нэвтрүүлгийн зочдоор “Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Х.Номингэрэл, “Зориг Сан”-гийн зөвлөх, улс төр судлаач С.Болдсайхан, “Хархорум дижитал”-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат, Фэйсбүүкийн “УУлАА” группын принцесс Б.Ялгуун нар оролцлоо.
В.Ганзориг: Хэдхэн хоногийн дараа сонгууль болох гэж байна. Та бүхний анх удаа оролцож байсан сонгуулийн дурсамжийг эхэлж сонсмоор байна.
Х.Номингэрэл: Би 2004 онд анхны сонгуулиа өгсөн байдаг. Манай эмээ, өвөө эрх баригч намын олон жилийн шүтэн бишрэгчид тул гэр бүлийн нөлөө маш хүчтэй байсан. Намайг сонгуулийн штаб дээр нэг өдөр дагуулж очоод тэнд нь хэсэг ажиллаж үзсэн. Тэр үед манай байрны айлуудыг бүгдийг нь цэнхэр, улаанаар ялгаад хаалганы дугаарыг нь бичээд жагсаасан байсан. Сонгууль багцлах, сүлжээний систем гэж ярьдаг зүйлс аль 16 жилийн өмнө гарчихсан байсан гэсэн үг. Одоо бүр төгс болсон байлгүй. Сонгогч бидний мэдээлэл нам, улс төрийнхөнд маш нарийн байдаг юм байна гэж тухайн үед би ойлгож авч байсан. Дараагийн сонгуулиар нь улс төр, нийгмийн мэдлэгээ дээшлүүлж, арай хэрсүүжээд өөрийн сонголтоо хийсэн.
Д.Энхбат: Би нэгийг нь ч алгасалгүй бүх сонгуульд оролцсон. Анхны сонгуулиа их тод санаж байна. Учир нь тэр үед персонал компьютер, принтер маш ховор байлаа. Ийм юмтай хүн сонгуулийн үеэр хүмүүсийн хөлд үрэгддэг байв. Тэр үед бид гурвуулаа ажилладаг байсан. Манай өрөөний хоёр Ардчилсан намын том зүтгэлтнүүд байсан тул манай өрөө бараг сонгуулийн штаб маягтай байдаг байв. Дараагийн санаж байгаа сонирхолтой сонгууль 2004 билүү 2008 онд болсон санаж байна. Инээмсэглэл хамтлагийн Ганболд сонгуульд орохоор болж имэйл newsletter хийж тараадаг байв. Тэр үеийн анхны email newsletter-ийг хийж тараагаад бас давхар хэвлэж байсан. Мэдээлллийн технологи тойрсон анхны улс төрийн амьдрал тэр үед үүсч байлаа. Анхны ардчилсан сонгууль 1990 онд болж, тухай үеийн МАХН ялаад Бямбасүрэн гуай Засгийн газраа байгуулсан. Тэр үед би Үндэсний хөгжлийн яамны дэд сайд болж байсан.
Б.Ялгуун: 2016 онд би анхныхаа сонгуулийг өгсөн. Сонгуульд оролцохгүй байх шалтгаан надад байхгүй. Өгөх ёстой гэж бодоод л ээжтэй гараад хорооны цэцэрлэг дээр очоод саналаа өгсөн. Энэ саяхан болсон процесс учраас би маш сайн санаж байна.
С.Болдсайхан: Миний хувьд жаахан онигоотой. Би өөрөө улс төр судлаач, залуусыг сонгуульд саналаа өг гэж уриалдаг атлаа нэг ч удаа сонгуульд саналаа өгч үзээгүй. Энэ жил миний хувьд анхны сонгууль болж байна. Би өмнөх сонгуулиудаар дандаа гадаадад байж таарсан тул сонгуульд саналаа өгч чадаагүй. 2012 онд анх удаа холимог тогтолцоогоор сонгууль явуулахад хилийн чанадаас санал өгөх боломж гарсан ч элчин рүү хагас өдөр машинаар яваад саналаа өгөөд буцаж ирэх цаг зав гараагүй. 2008 онд АНУ-д очиход тэнд их хямралын дараах Америкийн ерөнхийлөгчийн түүхэн сонгууль болж таарсан. Иракийн дайнтай хүнд нөхцөлд түүхэндээ анх удаа хар арьст ерөнхийлөгч сонгосон. Энэ бол миний хувьд үнэхээр анзаарахгүй байхын аргагүй сонгууль байсан. Учир нь тэнд үзэл санааны дайн болсон. Үүнээс хойш би улс төрийг сонирхож эхлэсэн. Сонгуулийг гоё хийж чадвал хүмүүсийг улс төрд сонирхолтой болгож болно.
В.Ганзориг: Энэ жилийн УИХ-ын сонгуульд 606 хүн нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдэд тавьж буй та бүхний үндсэн шалгуур юу байгаа бол?
Х.Номингэрэл: Сонгуулийг яах гэж зохион байгуулдаг, юунд санал өгч байгаагаа сайтар ойлгосны үндсэн дээр шалгуур урган гарах ёстой. Бид одоо УИХ-ын гишүүдийг сонгох гэж байна. Орон нутгийн сонгууль дараа нь тусдаа болно гэдгийг бодох хэрэгтэй. Иймээс миний хувьд энэ удаагийн сонгуульд оролцож буй нам, нэр дэвшигчдийн амлаж буй зүйл орон нутгийн биш улсын хэмжээний хөгжлийн асуудал байвал зүгээр гэж бодож байна. Олон сонголтуудаас сонголт хийх гэж байгаа тул шалгуур тавьж байж л шийдвэр гаргана. Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг нь заавал уншиж хараарай гэж залуучуудаас хүсмээр байна. Хоёр том нам ялгаагүй гэж бид байнга ярьдаг ч өчигдрөөс олон нийтэд нээлттэй болж байгаа намуудын мөрийн хөтөлбөрийг харахаар яах аргагүй ялгаа нь харагдаж байна лээ. Жишээ нь, орон нутгийн хөгжлийн асуудал дээр МАН Дорнодод ийм юм барина гэх зэргээр аймаг бүр дээр маш тодорхой хийх зүйл бичсэн байхад АН бүсчилсэн хөгжлийн бодлого, орон нутгийн хөгжил гээд илүү бодлогын төвшинд бичсэн байсан. Ийм ялгаа бодитой байгаа тул бид намуудын мөрийн хөтөлбөртэй сайтар танилцах ёстой.
Одоогийн сонгуулийн систем том мажоритар буюу хүн сонгодог систем. Хичнээн намын бодлого харж байгаа ч гэсэн санал өгөх цаасан дээр бид хүний нэр дугуйлдаг. Иймээс сонгууль гэхээр яах аргагүй хүмүүс хоорондын өрсөлдөөн болж хувирдаг. Энэ хүнийг сонгох шалгуурыг би одоо хэлэхэд маш хэцүү байна. Учир нь эдгээр хүмүүс юуг чухалчлах нь янз бүр байхаар байна. Гэхдээ сонгох гэж буй хүн маань намынхаа хэрэгжүүлэх бодлогод хувь нэмэр оруулах, хэрэгжүүлж чадах эсэх дээр итгэл үнэмшил төрүүлэх ёстой. Нам, мөрийн хөтөлбөртэй нь холбож санал өгөх хүнийхээ шалгуурыг тогтооно.
Учир нь намтайгаа, хоорондоо авцалдахгүй нэр дэвшигч зөндөө байна. Намын бодлогынхоо эсрэг юм ярьж буй нэр дэвшигч ч олон байна. Ийм хүмүүс УИХ-д сонгогдоод гарч ирвэл ямар ч бодлогогүй, бас зорилгогүй ажиллана. Одоо ийм хүмүүсийг туршиж үзэх эсвэл сургах цаг бидэнд байхгүй.
Д.Энхбат: Сонгуульд олон хүн нэр дэвшиж буй нь сайн, муугийн нийлбэр. Энэ бол улс төрийн намуудад итгэл итгэл байхгүй болж, улс төрийн агрегаци хийдэг институтиуд суларсны шинж тэмдэг. Нөгөө талаас иргэдийн идэвх сайжирч улс төрд олноор орж байна. Миний хувьд тавьж буй шалгуур хувь хүнээс арай илүү. Өнөөдрийн Монголын улс төрийн намын тогтолцоо хоцрогдсон. Улс төрийн нам сайн ч бай, муу ч бай өөрчлөгдөж байх ёстой. Яг одоогийн намуудын тогтолцоо, ийм сонгуулиар бид цаашаа хол явж чадахгүй. Иймээс улс төрийн намуудыг алмай бүсээс (comfort zone) нь гаргах хэрэгтэй. Ингэж дотроос нь бүтээлч устгал хийж чадах улс төрийн хүчин хэрэгтэй байна. Энэ нь алсын Монгол Улсын стратегид хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг хийхэд тодорхой хугацаанд тогтворгүй байдал үүсч болно.
Чадалтай хүмүүс улс төрд орвол юу хийхээ өөрсдөө мэдээд хийгээд явчихна. Ийм хүмүүс сонгосон байхад тэднийг юу хийх бол гэж санаа зовох хэрэггүй. Ийм учраас өнөөгийн 21 дугаар зууныг төлөөлж ярьж чадах өөрийн үзэл бодолтой, зарчимтай боловч тэр нь заавал аль нэг намтай таарах албагүй залуусыг улс төрд гараасай гэж би хүсдэг. Яагаад гэвэл би одоо МАН эсвэл АН-ын үзэл баримтлал зөв гэдгийг хэлж чадахгүй. Аль алинд нь сайн, муу юм байгаа. Гэхдээ би ганц юмыг хэлж чадна. Тэр нь монголчуудын өмнөөс ярьж чадах өөрийн гэсэн тогтсон үзэл бодолтой, түүнийхээ төлөө амьдарч ирсэн, цаашдаа ч түүнийхээ төлөө явах эрч хүчтэй хүмүүс гарч ирвэл тэд юу хийхээ мэднэ. Энэ хүмүүсийн үзэл бодол минийхтэй таарах албагүй. Иймээс хүнээ гарга, бусдад нь итгэ! Ийм шалгуурыг би энэ сонгуулиар саналаа өгөхдөө өөртөө тавина.
Б.Ялгуун: Хүн сонгох шалгуур гээд хөгжилтэйгээр хэлэхэд миний хувьд нэр дэвшигч царайлаг ах, эгч байвал гоё. Гэрээс гараад явахад нэр дэвшигчдийн цээж зураг бүхий постерууд гудамжаар дүүрэн болчихлоо. Энэ зурагнуудаас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, эсвэл тэр хүмүүсийн үзэл бодол, зан чанарыг харах боломжгүй зөвхөн царай, төрх нь л байна. Эндээс би байгаа зургийг нь хараад ямар дажгүй ах, эсвэл эгч вэ гэдэг л мэдрэмж авч чадаж байгаа.
Сонгуульд залуус оролцдоггүй гэж ярьдаг. Үүнийг би өөрийн мэдрэмжээрээ тайлбарламаар байна. Нэг залуу нэг охины араас нь гүйгээд байгаа мэт мэдрэмжийг бид сонгуулийн үеэр авдаг. Нэг хөлдүү баагий аймаар гоё охины араас гүйгээд байдаг. Гэтэл яаж тэр гоё охин хөдөөний ч юм уу, хөлдүү, мэдрэмжгүй залууг тоох юм бэ? Нэр дэвшигчдэд тавих шалгуур гэвэл сайхан найз залуу, эсвэл сайхан найз охин байх ёстой гэж хэлмээр байна.
С.Болдсайхан: Би улс төр судлаач найзтайгаа цуг подкаст хийдэг. Саяхан яг энэ сэдвийг хөндөн ярилцсан. Энэ ярилцлагыг хийж байхдаа нэр дэвшигчдийн дийлэнх нь нийгмийн чинээлэг давхаргыг төлөөлж буйг анзаарсан. Сонгуулийн тогтолцоо ба намын санхүүжилт үүнд нөлөөлж байна. Том мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахад хоёр төрлийн хүмүүс л нэр дэвшдэг. Нэг нь олон нийтэд сайтар танигдсан хүмүүс, нөгөө нь 21 хоногийн хугацаанд олонд танигдаж чадах хэмжээний мөнгөтэй эсвэл ийм хэмжээний сурталчилгаа явуулж чадах боломжтой хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, төлөөлье гэж ярьж яваад байгаа иргэдээсээ хол тасарсан амьдралтай, иргэдийнхээ гэрт нь ороод сэжиглэхгүй аяганаас нь сүүтэй цай ууж, гэр хорооллын 00-д тухай бие засч чадахгүй хүмүүс нэр дэвшиж байна. Нөгөө талдаа намайг сонгоод өгвөл бүхнийг хийнэ гэдэг сонгодог популистууд ч зөндөө байна. Сонгогчдод ерөнхийдөө ийм хоёрхон л сонголт байна гэж харагдаж байна. Энэ дундаас сонголт хийхэд маш хэцүү.
Номингэрэл нэлээд сууж, мөрийн хөтөлбөрүүдийг сайтар уншиж байж намуудыг ялгааг олж харсан байх. Уг нь намуудын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр маш ойлгомжтой байх ёстой. Үзэл санаа, үнэт зүйл дээр суурилсан, нэг нь эрх чөлөөг, нөгөө нь тэгш эрхийг дээдлэнэ гээд уг нь тунхаглачихсан. Гэтэл намын гишүүд нь үүнийгээ мэддэггүй, нэр дэвшиж буй хувь хүмүүсийн үнэт зүйл нь мэдэгдэхгүй байна. Саяхан жиргээн дээр нэг нэр дэвшигч улс төрд орж буй хүмүүсийн цусыг Сонгуулийн ерөнхий хороо шинжлэх ёстой гэж бичсэн байсан. Ийм юм бичиж байгаа нь зөв. Учир нь тэр хүний үнэт зүйлийг бид мэдээд авч буй хэрэг. Ийм маягаар сонгогч бид нэр дэвшиж буй бүх хүмүүс нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлууд дээр ямар байр суурьтай байгааг нь мэдэх ёстой. Тэр хэд ч ярих ёстой. Тухайлбал, цаазын ял, ерөнхийлөгчийн засаглал дээр нэр дэвшигчид ямар бодолтой байдаг юм гэх мэтээр асуудал болгон дээр хувь хүмүүсийн үзэл бодлыг нь мэдэж чадвал сонголт хийхэд амархан болно.
Х.Номингэрэл: Залуучууд эхнээсээ ийм хүн сонгомоор байна гээд шалгууруудаа бичээд эхэлсэн байгаа. Тэндээс харахад боловсролтой, сэтгэл буюу өөрийн үнэт зүйл, зарчимтай хүн хүсч байна гэж харагдаж буй мэт боловч эдгээр шалгуур нэр дэвшигчдэд хэт өндөр байгаа мэт анзаарагдсан. Өндөр шалгуур тавихаар буцаад л нөгөө хэдхэн хүнээсээ сонголт хийх болдог. Манлайлагч эсвэл мундаг хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг загвар маань одоо байгаа хэдхэн хүнд баригдчихсан байна. Уулаа группын принцесс гэдэг шиг яагаад бид задгай сэтгэж болохгүй гэж? Миний хувьд залуус болон ахмадууддаа зөвлөхөд ямар хүмүүсийн дуу хоолой УИХ-д дутагдаад байгаа, ямар хүмүүс хөгжлийн боломжоос гадуур үлдээд байгаа билээ гэдгийг бодож, төлөөлж буй хүмүүсээ анхаарч хараасай гэж хүсч байна. Учир нь бид одоо хоёроос гурван хүнд зэрэг саналаа өгнө.
Д.Энхбат: Өчигдөр надаас нэг залуу “Олон сайн хүн сонгуульд нэр дэвшиж байна. Алийг нь сонговол зүгээр вэ” гэж асуусан. Би ганц л дүрэм хэлье гээд “шинэ хүнийг л сонго” гэж хариулсан. Яагаад гэвэл танигдсан хүн гэдэг бол хамгийн шилдэг нь гэсэн үг биш. Олонд танигдаагүй зөндөө мундаг хүн байгаа. Голын ус урсч байж тунгалаг болдог. Иймээс монголын улс төрийг одоо урсгах хэрэгтэй. Тэр нь шинэ хүмүүст итгэ, ажиллуул гэсэн үг. Өнөөгийн монголын улс төр зогсонги байдалд орсон байгаа ерөнхий өвчнийг харвал улстөрчдийг хурдан солиогүйд байгаа. Мундаг удирдагч эсвэл нэг манлайлагч Монголыг аврахгүй. Хурд, динамик л Монголыг аврана. Энэ хурд дунд ямар манлайлагч хаанаас төрөх нь аяндаа байгалийн хуулиар явна. Иймээс аль болох олон хүнийг сонгуульд оролцуулж, аль болох чөлөөт сонголтыг хийх ёстой. Бусад нь байгалийн хуулийн шалгарлаар явчихна. Үүнээс өмнө бид их удирдагчийг олж томилж чадахгүй.
В.Ганзориг: Энэ ярьж буй шалгуур, хүсч буй зүйлсээ хэлээд одоо нэр дэвшиж буй хүмүүст бид бодитой нөлөөлж чадаж байгаа юу? Ер нь чаддаг уу?
С.Болдсайхан: Залуусын хүрээнд чадахгүй байгаа. Яагаад гэвэл сонгууль болгоноор залуусын ирц бага байсаар ирсэн. Өнгөрсөн сонгуульд 18-25 насны сонгогчдын 51 хувь нь л оролцсон. Үүний өмнөх сонгуулиар энэ тоо бүр бага буюу дөнгөж 30 гаруй хувьтай байсан. Үүнтэй харьцуулбал ахмад настнууд 90 гаруй хувьтай сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгдөг. Нас ахих тусам сонгуулийн идэвх нэмэгддэг. Сонгуульдаа байнга, идэвхтэй оролцдог хүмүүс нэр дэвшигчдэд нөлөөлж чаддаг. Саналаа хэн өгч байна тэр л хүмүүсийн төлөөлөл сонгогдон гарч ирдэг. Иймээс сонгуульд оролцдог хүмүүсийн саналыг авахын тулд улстөрчид тэднийг сонсож судладаг. Юунд дуртай, яаж очиж танилцуулгаа өгөх, ямар хүнийг сонгуульдаа ашиглах уу гэх зэргээр ажилладаг. Иймээс сонгогдсон гишүүд нам, засаг дээр бодлого боловсруулахдаа халамж дээр уралдаж, тэтгэвэр тэтгэмж ярьдаг.
Залуусын дунд тулгамддаг хамгийн том асуудал боловсролын салбарын шинэчлэл гэж залуусын дунд хийсэн судалгаагаар гардаг. 10 залуугийн 7 нь боловсрол гэж хариулдаг. Гэтэл нийт иргэдийн дунд хамгийн сүүлд Сант Маралын хийсэн судалгаагаар боловсрол бол манай нийгмийн долоо дахь чухал асуудал гэж гарсан байсан. Үе хоорондын ялгаа ингэж тод гардаг. Залуус өөрийн үзэл бодол, үнэт зүйлээ шийдвэр гаргадаг төвшинд төлөөлүүлж чадахгүй байна. Шалтгаан нь сонгуульдаа оролцдоггүй. Залуус сонгуульдаа идэвхтэй оролцдог болбол улстөрчид хүссэн хүсээгүй залуусыг сонсдог болно. Тэр байтугай араас гүйдэг болно. Бид оролцдоггүй учраас улстөрчид мэдрэмжгүй, хөлдүү байдаг гэсэн үг. Иймээс одоогоор залуус улс төрд нөлөөлж чадахгүй байгаа. Гэхдээ нөлөөлөх бүрэн боломжтой.
Д.Энхбат: Мөнгөгүй хүн бол зах зээл биш гэдэг бизнесийн зарчим байдаг. Мөнгөгүй хүнийг тоолох ч хэрэггүй. Улс төрд яг адилхан. Сонгуульд оролцож санал өгдөггүй хүн улстөрчдийн хувьд хэн ч биш. Нийт сонгогчдын хувьд залуусыг хүнлэг байдлаар яриад байна. Яг үнэндээ залуучууд байхгүй. Байхгүй хүмүүс зориулж ямар ч улстөрч плакат хийхгүй. Улстөрчид та нарыг “байгаа” үед л хөдлөнө гэдгийг залуус ойлгох хэрэгтэй. Залуус өөрсдөө идэвхгүй бол байгаад ч хэнд хамаатай юм ер нь? Иймээс залуучууд Монголоо өөрчлөнө гэж ярихаас өмнө өөрсдөө өөрчлөгдөх ёстой. Үүнийг ойлгоогүй цагт залуучууд ямар ч нөлөөлөл үүсгэж чадахгүй.
Б.Ялгуун: Залуус бид мөрийн хөтөлбөр унших гэж оролддог. Гэхдээ уншсан ч бидэгд ямар ашигтай, хамаатай билээ гээд бодохоор нөгөө л мэдрэмжгүй агуулга угтдаг. Тэр дундаас өөртөө хэрэгтэй, хэрэггүйг нь шүүж чаддаггүй. Сонгуулийн сурталчилгаа сошиал медиагаар их идэвхтэй явж байна. Инфлюенсэр болох нэлээд олон дагагчтай залуучууд өөрийн дуртай улстөрчөө дэмжихээс эмээдэг. Учир нь өөрийн нэр хүндээ алдана гэж боддог. Ер нь залуучууд бид улс төртэй нэр холбогдохоос айдаг. Яагаад гэвэл улс төр, улстөрч хүн бидэнд сэжгийн санагддаг. Улс төр заваан гэдэг имиж бидэнд буусан байдаг. Хүмүүсийн ямар ажил хийдэг, хаана амьдардаг нь сонин ч гэсэн бид боловсролтой, эрүүл, царайлаг, нийтээрээ күүл (cool) байхыг хүсдэг.
Д.Энхбат: Ялгууны хэлсэн дээр тодруулга нэмэхэд залуучууд та нар мөнгөгүй тул дэлгүүрт ороод юу ч худалдаж авдаггүй. Иймээс дэлгүүр та нарыг сонсохгүй, дэлгүүрийн худалдагчид та нар ямар ч хамаагүй. Дэлгүүрт үнэхээр нөлөөлье гэж бодвол мөнгөө бариад орох хэрэгтэй. Залуучууд болон иргэний нийгмийн нөхцөл байдал яг үүнтэй адилхан буюу улстөрчдийн дунд хавчигдсан байгаа. Уг нь залуучууд намын мөрийн хөтөлбөр, дүрмийг унших биш өөрсдийн хувилбарыг тэдэнд тулгадаг байх ёстой. Товч хэлэхэд, залуучууд санаачилгыг гартаа авах хэрэгтэй. Ингэж тоглох ёстой болохоос биш хэдэн хөгшчүүд эсвэл миний үеийг хараад залуус та нарт зориулсан гоё бодлого гаргаж өгнө гэвэл 1000 жил хүлээсэн ч гарч ирэхгүй. Тийм юм байдаггүй юм. Залуучууд өөрсдийн үлгэр жишээ, манлайлагч, удирдагчийн загвараа (role model) өөрсдөө л үүсгэнэ. Үүнийгээ улстөрч, шийдвэр гаргагчдад тулгана. Өөр ямар ч зам байхгүй!
Х.Номингэрэл: Энэ бол зэрлэг өрнийн зарчим. Өөрт нь санал өгөх боломжтой үнэ цэнэтэй бүлэг дээрээ анхаардаг улстөрчдийн жишиг. Гэхдээ бид Монгол Улсын урт хугацааны, нийтлэг эрх ашгийг бодох хэрэгтэй. Эндээс үе хоорондын асуудал чухал болж гарч ирдэг. Монгол Улс олон жилийн дараа байж л байна. Сонгуульд саналаа идэвхтэй өгдөггүй ч залуучууд ажил хийж татвараа төлдөг. Энэ залуус л ирээдүйд Монгол Улсыг авч явна. Үүний тулд боловсролтой, улс төрийн сонголт хийж чаддаг байх ёстой.
Энэ хүмүүсийн амьдрал таатай байж гэмээнэ ирээдүйн зөв сонголтууд хийгдэнэ. Би энэ өнцгөөс харахыг хичээдэг. Өнөөдөр залуучууд сонголт хийж чадахгүй, эсвэл өмнөх үеэ дороос нь мөргөөд гарч ирж чадахгүй, санаачилгаа гартаа авч чадахгүй, иргэний нийгэм нь сул байж болно.
Залуучуудыг сурган хүмүүжүүлэх, залгамж халаагаа бэлдэх үүрэг өмнөх үеийнхэн байх ёстой. Гэтэл чаддаг юм бол гараад ир та нар, чадахгүй бол чадаж байгаа дээрээ бүх баялгийг бид хувааж авна гэж ах, эгч нар маань ярьж үйлдэж болохгүй. Яагаад гэвэл бид нэг нэгнийхээ үргэлжлэл. Гэтэл хоёр тусдаа салчихаад бие биенээ хараад байгаа нь надад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Өмнөх үеийн ах, эгч нарт залуу хамаатан садан, ядаж л бидний үеийн үр хүүхдүүд нь байгаа шүү дээ. Монгол Улсын эрх ашиг өрсөлдөхийн тулд байж болохгүй. Энэ бол нэг л зүйл. Залуус бид туршлагагүй, тэнэг, өнөөдөр буруу сонголт хийж болно. Бид суралцаад л явж байна. Бидний гол асуудал боловсрол гэж ярьж байгаа ч нийтийн шийдвэрээр улс эх орны гол асуудал уул уурхай гээд шийдвэр гарч болно. Гэхдээ л бидний ингэж асуудлаа хэлж ярьж байгаа процесс маш чухал. Иймээс шийдвэр гаргах төвшинд залуусын төлөөлөл заавал байх ёстой. Эрх ашиг урт хугацааных тул ялгаатай үеийнхэн бие биенээ хүлээн зөвшөөрөх ёстой.
В.Ганзориг: Энхбат захирлын хэлсэн дээр Ялгуун бодлоо хэлэх гэж байх шиг байсан?
Б.Ялгуун: Тийм ээ. Энхбат ах мөнгөгүй залуучууд та нар дэлгүүр ороод дэлгүүрт ямар ч ашиггүй гэж хэлсэн. Ер нь бол залуучууд бид хэрэггүй бол хэзээ ч дэлгүүр ордоггүй юм л даа. Манай үеийнхэн өмнөх үедээ муу сайн юмнууд, одооны хүүхдүүд гээд үе үе чичлүүлдэг л дээ. Улс төрийн асуудал дээр нь би боддог юм. Бидний үе одоогийн нийгмийг ийм байх үед төрсөн залуус. Аавын үе нийгэм солигдохыг үзэж мэдэрсэн хүмүүс. Хоёр өөр нийгмийн мэдрэмжийг хүссэн хүсээгүй энэ хүмүүс авчихсан. Бид өмнө нь ямар байсан, ямар байвал ямар байх байсныг мэдэхийн тулд судалгаа хийх хэрэг гардаг. Үүн дээр залхуу, хойрго ханддаг үе бий. Бас энэ талаас нь системтэйнгээр иргэний боловсрол бидэнд өгөөгүй. Ах, эгч нарт чичлүүлдэг нэг шалтгаан энэ болдог.
С.Болдсайхан: Залуучуудыг өмөөрөөд нэмж юмнууд хэлмээр байна аа!
Д.Энхбат: Би улс төрд явж ирсэн хүн. Улс төрд нэг л дүрэм байдаг. Тэр нь олуулаа болох. Өмнө нь ярьсан дэлгүүрийн жишээгээр бол улс төрд чи олуулаа байх юм бол мөнгөтэй хүнд тооцогдоно. Чиний ард 10 мянган хүн байвал улстөрчид чамайг үнэлнэ, чи улс төрийн капиталтай хүнд тооцогдоно. Улс төрд чи ганцаараа бол хэн ч тоохгүй. Номингэрэлийн хэлдэг ирээдүйгээ боддог, улс орны эрх ашгаа дээдэлдэг зүйлс ном, зохиол дээр л байдаг. Бодит улс төр дээр хүчний харьцаа, сонирхлын зөрчил л байдаг. Энэ бодит улс төр рүү орохын тулд залуучууд өөрийн капиталтай болох хэрэгтэй. Энэ нь залуус зохион байгуулалтад орох, зорилго, саналаа нэгтгэх, бусдад нөлөөлөхийг хэлж байгаа юм.
Би залуусыг муу хэлж байгаа юм биш шүү. Залуучууд улс төрд орохгүй байгаа нь тэдний сонирхлын асуудал биш ээ. Тэд улс төрийн тоглоомонд орох техникээ мэдэхгүй байна, лидерүүд нь тэдний бодлоос шал өөр зүйлийг ярьж байна. Магадгүй нэг өдөр нэг сайн ах таараад, эсвэл сайн ерөнхийлөгч сонгогдоод залуус та нарыг улс төрд оруулж болох юм. Гэхдээ ийм магадлал зууны нэг хувь шүү. Үүнээс 100 дахин их магадлал бол залуус та нар өөрсдөө өөрсдийнхөө төлөө явах. Дүрэм маш энгийн. Сонирхол, эрх ашгаа нэгтгэж, улс төрийн капиталтай бол! Залуус та нар нэгдээд 10 мянгуулаа болж чадвал яагаад ч юм нэг ид шидтэй зүйл тохиолдох болно. Чиний хэлсэн юм болгоныг улс төрийн намууд дэмжинэ, бас зөв гэж хэлнэ. Чиний ганцаараа бол хэн ч тоохгүй. Яг адилхан үгийг капиталтай хүн, капиталгүй хүн хэлэх өөр байдаг.
Дэлхийн бүх орны залуус улс төрийг шинжлэх ухаан, технологи, арга тактик ашиглан хийж байна. Түүнээс биш очиж уйлаад, гуйгаад хийдэг зүйл байхгүй болсон. Та нарыг хөөрхөн эсвэл залуу байна гээд хэн ч улс төрд оруулахгүй. Улс төр бол шинжлэх ухаан, технологи, мэдлэг. Өөрөөр хэлбэл, орчин үеийн монгол залуучууд бидний үеийнхнээс илүү сайн сурч эзэмшиж, хийж чадах ажил. Бидний үед айлын хаалга тогшоод 100 хүнд л цаас тарааж чадаж байлаа. Та нарын үед одоо бүхэл бүтэн фэйсбүүк байна. Яагаад энэ технологийг ашиглахгүй байгаа юм? Ийм хүчтэй зэвсгийг ашиглах ёстой шүү дээ.
С.Болдсайхан: Энэ асуудал бол нэг зоосны хоёр тал. Намууд залуусыг сонсохгүй байна, нөгөө талдаа залуус хоорондоо нэгдэж чадахгүй байна гээд. Гэтэл маш олон шинэ нам үүсч, энэ жил 160 гаруй залуус бие даан нэр дэвшиж байна. Хоёр том намын нэр хүнд муудсан, институт шиг ажиллаж чадахгүй болсон учраас энэ олон залуус улс төрд орж байна. Энэ хүмүүст залуучууд гээд ашиглагдаагүй асар том нөөц, боломж, хүч байгаа. Эдгээр залуусыг эрх ашгаар нь нэгтгэж чадвал залуусын улс төрийн идэвх сэргэнэ. Өөрөөр хэлбэл, улстөрчид ажлаа хийвэл залуус ажлаа хийнэ.
Монгол, Японы нөхцөл байдал тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Монголд гэртээ суугаад ажил хийх гэхээр хүүхдүүд шуугилдаад ажил хийлгэдэггүй. Тийм их хүүхдүүдтэй. Гэтэл Японд чив чимээгүй байдаг. Японд залуучууд нийгмийн цөөнх болсон. Ийм учраас залуучууд дээр ирдэг нийгэм, эдийн засгийн дарамт, татвар гээд хэцүү зүйлс их байдаг. Япон залуусын дийлэнх нь улс төрийн идэвхгүй. Мөн л хөгшчүүд нь асар идэвхтэй тул улс төрд оролцож саналаа өгдөг. Япон улсын өрийн хэмжээ ДНБ-нд эзлэх хувиараа дэлхийд тэргүүлдэг. Халамжаа багасгаач, татвараа тэнцвэржүүлээч гэдэг ч энэ ажлыг хийдэггүй. Яагаад гэвэл ийм амлалт өгвөл хэн ч сонгохгүй, улмаар эрх мэдэлд хүрч чадахгүй. Үр дүнд нь япон залуучууд хохироод үлддэг. Японд залуус маш урт хугацаагаар ажилладаг. Нийтийг хамарсан улс төрийн шийдвэр гаргах үед нийгмийн нэг хэсэг заавал хохирч үлддэг.
Үүнийг улстөрчид шударгаар хэлдэг байх ёстой. Тэтгэвэр нэмнэ гэж байгаа бол тэр нөөцийг хаанаас гаргах юм, эсвэл татвар нэмэх юм уу гэдгээ илэн далангүй хэлдэг байх ёстой. Ингэж чадвал залуучуудын хувьд сонголт хийхэд амархан болно.
Х.Номингэрэл: Улстөрчид үүнийгээ хэзээ ч тайлбарлахгүй шүү дээ.
С.Болдсайхан: Тайлбарладаггүй болохоор л үүнийг уриалаад яваач гээд шинээр улс төрд орж байгаа залууст хэлмээр байгаа юм. Хуучин улстөрчид үүнийг хэзээ ч хийхгүй юм шиг байна. Амлалт, шийдвэрийг ингэж тодорхой болгож чадвал тэр нэг улстөрчийг сонговол надад ашигтай бүү хэл харин нь ч надаас татвар зэргээр дамжуулж юм нэмж авах гээд байгааг ойлгох боломжтой. Улстөрчид энэ мэт ажлаа хийхгүй байгаа. Энэ нь залуучуудын буруу биш!
В.Ганзориг: Залуусын сонгуулийн оролцоо сул, улс төрд идэвхгүй байгаагийн шалтгаан нь залуучууд өөрсдөө яг юу хүсээд байгаагаа мэдэхгүй байгаатай холбогдож болох уу?
Б.Ялгуун: Хүмүүс насаар нь л залуу гээд байдаг байж магадгүй. Гэтэл миний бодож байгааг боддоггүй залуу хүн байдаг. Энэ мэтээр залуучууд бодлоо тэнцэтгэж чадахгүй байгаа учраас оролцоо сул байж магадгүй. Би нэг аятайхан сургуульд явмаар байхад тэнд нэг охин нөхөр, хүүхэдтэйгээ аятайхан амьдрахыг хүсч болно шүү дээ. Ийм олон өнцөг залуучууд бидэнд гарч ирдэг.
В.Ганзориг: Энэ зөвхөн залуус ч гэлтгүй улс нийтийн өмнө тулгамддаг асуудал байх аа.
Д.Энхбат: Улс төр бол эдийн засгийн үргэлжлэл. Өнөөдөр монгол залуучууд идэвхгүй байгаа нь муу, сайндаа байгаа юм биш. Энгийнээр хэлэхэд эдийн засгийн эрх чөлөөний ойлголт бүрдээгүй байна. Өөрийн гэсэн байргүй, ажилгүй, ээж, аавынхаа мөнгөөр амьдардаг залуучууд тэр хүрээнээсээ гарч сэтгэж чаддаггүй. Улмаар өөрийн оролцоогоо мэддэггүй бас мэдэрдэггүй. Би гурван хүүхэдтэй. Сайн, муугаар ярихад би өөрийн хүүхдүүд дээрээ үүнийг маш сайн харж байгаа. Хувь хүний зан, чанараас гадна монгол залуучуудын хамгийн том асуудал эдийн засгийн хувьд тэмцэж амьдрах ёстой гэдгээ одоо хүртэл ойлгоогүйд байдаг. Хөдөөнөөс ирж байгаа хүүхэд ээж, аавынхаа мөнгөөр дээд сургуульд дөрвөн жил муу ч, сайн ч сурдаг. Муугаар ярьвал энэ бол эцэг, эхийнхээ мөнгийг зүгээр л үрж буй ажил. Сурсан ч юмгүй, олигтой ч сургууль байхгүй. Энэ бол манай боловсролын салбарын проблем.
Боловсрол манайд хүн сургах биш эсрэгээрээ далд ажилгүйдлийг далдалдаг боловсролын лаг болчихсон. Их, дээд сургуулиуд хамгийн амархан, технологи шаарддаггүй, нийгмийн ухааны голцуу хичээл үзүүлж байгаад төгсгөдөг. Энэ манай нийгмийг эвдэж байгаа хэрэг. Бусад орны залуус яагаад чанга байдаг вэ гэвэл тэднийг 18 нас хүрмэгц бие даан амьдар гээд гэрээс нь хөөгөөд гаргадаг. Солонгост ажиллаж, Америкт сурангаа ажиллаж байсан залуус буцаж ирээд ядаж улс төрийн оролцооны хувьд идэвхтэй байж чаддаг. Тэд яаж мөнгө олж, яаж татвар төлдгийг мэддэг. Би энэ бүх юмыг муу гэж хэлдэггүй. 20 жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол үнэхээр маш сайн явж байгаа. Миний санаа зовдог ганц зүйл бол муу юм Монголд бас сайн явж байгаа. Муу, сайны харьцаа яаж явах нь маш чухал.
Х.Номингэрэл: Хэдэн жилийн өмнө “Залуучууд ба Ардчилал” сэдэвт олон улсын хуралд сууж байсан юм. Тэр хурал дээр Тайванийн эрдэмтэн залуу хүн гэдгийг томъёолсон. Хэдэн настай байх нь хамаагүй ээ, эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаа хүн болгон залуу хүн гэж тоглоом шоглоомоор хэлж байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн өрх гэрээ үүсгэн, зардлаа дааж амьдарч эхлээгүй л бол та залуу, хүүхэд хэвээрээ гэсэн санаа. Энэ бол манай хэвшээд ирсэн амьдралын хэв маяг, соёлын нэг хэсэг. Бид заавал энэ хэв маяг руу харах албагүй. Боловсрол гээд нийгмийг тэгшитгэгч том хүч байна.
Бурууг би өмнөх үетэйгээ холбож хэлэх гээд байна. Ялгаатай улс төрийн системийг үзэж мэдэрсэн өмнөх үеийхэн маань ухамсартай, ухамсаргүйгээр улс төрийн сонголт чухал гэдгийг ойлгочихсон хүмүүс. 1990 оноос хойш төрсөн хүүхдүүдэд ардчилал, иргэн ба хүний эрхийн боловсрол системтэй олгогдоогүй. Бидний голоод байдаг иргэний нийгэм чаргууцалдан байн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж энэ төвшинд авч ирсэн. Манай боловсролын систем биш иргэний нийгмийн жижигхэн бүлэг сонгогчийн боловсрол, хүний эрх, ардчиллын боловсролыг өнөөдрийн төвшинд хүргэсэн гэж би боддог. Иргэний нийгэм улс төрийн намууд, иргэдэд хавчигддаг гэдэг нь үнэн. Хийх ёстой ажлаа хийхэд хэцүү байдаг.
Залуусын идэвх хоёр өөр хэлбэртэй байдаг. Залуус сошиал медиа дээр асар идэвхтэй. Төртэй холбоогүй залуучууд хийх ёстой ажлаа маш сайн хийдэг. Хандивын аян, бусдад туслах, гал унтраах зэрэг бол бүгд иргэний нийгмийн ажлууд. Харин төр, албан тушаалтан, хэн нэг улстөрчтэй холбогдохоор л бүгд цэрвэдэг. Шалтгаан нь улс төр бол бохир, заваан, муухай гэдэг ойлголтыг бүх хэвлэл, мэдээллийг хэрэгслээр өгдөгт байдаг. Гэхдээ залуусыг улс төр, нийгмийн идэвхгүй юм уу гэхээр худлаа. Сошиал медиа дээр хэвтээ чиглэлийн манлайлалтай, хэн нэг удирдагч дагасан биш, хүссэн үедээ дуртай сэдэв дээрээ манлайлж чаддаг ийм улс төр залуусын дунд байгаа. Үүнийгээ харин улс төр, нийгмийн ажил гэж ойлгодоггүй байж магадгүй. Одоо цагт нийгмийн ямар нэг идэвхтэй байх тухай ойлголт бүх залуусын толгойд байдаг болсон. Үүнийг нь төртэй холбохоор л зугатаад алга болдог.
С.Болдсайхан: Улс төр бидэнд сэжгийн санагддаг гэж Ялгуун хэлсэн. Би яагаад тэгж хэлэв гэж их бодлоо. Сошиал медиагийн хэн нэг инфлюенсэр өөрийн итгэл үнэмшлээрээ хэн нэг улстөрчийг онцлон дэмжихээр хэн ч итгэхгүй болжээ. Энэ мөнгөнд нь л явчилаа, ээ чааваас даа, овоо гайгүй гээд хүндлээд дагаад явж байтал ийм л амьтан байж дээ гэж хардаг. Улс төр бол заваан, муухай, зөвхөн мөнгөний асуудал, улс төрд үнэнч, шударга, сайн хүн байдаггүй, харин ч худалч, хулгайч хүмүүсээр дүүрсэн гэдэг ойлголтыг залууст төрүүлсэн нь үүний цаад учир шалтгаан болж байна. Энэ бол ёстой болохгүй буруу хандлага. Улстөрчдийг дотор нь ялгаж салгаж чадахгүй, нийтээрээ ийм муухай гэж хүлээж авбал улстөрчдөд маш муу дохиог өгдөг. Тэр дунд сайн зүйл хийх гээд яваа зөв улстөрч хүн байж болно. Ийм орчинд энэ хүнд ажиллах ямар ч сэдэл, шалтаг байхгүй болдог. Цаашилбал би зөв ажиллах юм бол дахиж сонгогдоно шүү гэдэг түлхэх хүч алга болно. Бүгд адилхан муу хүмүүс гээд байвал улс төрд орох сайн хүн олдохгүй. Хамгийн аюултай нь ийм орчинд идэж уугаад муу ажиллаад байвал намайг дараагийн сонгуулиар хөөгөөд явуулах юм байна гэж хэн ч бодохоо болино. Өөрөөр хэлбэл, сайн ч юм хийсэн, муу ч юм хийсэн муу болдог орчил хамгийн аюултай.
Х.Номингэрэл: Бид улстөрчдөд тавьдаг стандартаа нэлээд доошлуулсан.
С.Болдсайхан: Нэр дэвшиж буй 76 хүн бүгд хүлээлтэнд чинь хүрэхгүй байж болно. Гэхдээ дотор нь ялгаж салган, хэрсүү сонголт хийх ёстой. Иймээс мөрийн хөтөлбөрийг нь унш, хувийн байр суурийг нь асуу гэж яриад байгаа юм.
В.Ганзориг: Сонгуулийн дараах шинэ УИХ, Засгийн газраас та бүхэнд ямар хүлээлт байна вэ?
Д.Энхбат: Сонгуулийн сурталчилгааны эхлэлийг харвал тийм хүлээлт байна. Гэхдээ дунд нь хор их орно, сонгуулийн төгсгөлд хар ПР их яваад утгаа алдаж магадгүй. Хүмүүс зөвхөн хэдхэн улстөрчдөд найдахгүйгээр өөрсдөө оролцъё гээд явж байгаа нь сайн тал. Хүний сайн, муу байх нь мөнхийн асуудал. 2000 жилийн өмнө л чөтгөр, бурхан аль аль нь байсан. Бидний гол асуудал бол систем, динамикийг үүсгэх юм. Надад таалагдаж байгаа ерөнхий хандлага бол залуус та бүхэн магадгүй муу хүнийг сонгож болно. Заримдаа сайн хүнийг ч олоод сонгохыг үгүйсгэхгүй. Тэр нь хамгийн чухал биш. Хамгийн чухал нь чи тасралтгүй энэ процессийг хийх ёстой. Өөрөөр хэлбэл, чи үргэлж алдана, бас үргэлж хожно.
Зөвхөн замд гарсан хүнд л зам нь тод харагддаг гээд Ираны соён гэгээрүүлэгчийн хэлсэн үг байдаг. Үүнтэй адил залуучууд улс төрд оролцохгүй л бол хэзээ ч харагдахгүй, хэзээ ч учрыг нь олохгүй. Улс төрд орлоо гээд та нар шууд ялахгүй, хурдан амжилт олохгүй. Гэхдээ ганцхан замдаа л гарах хэрэгтэй. Оролцох тусмаа л мэднэ. Улс төр, ер нь амьдрал өөрөө тийм. Голын ус урсч байж л тунгалаг болдог. Иймээс итгээд л урсгаад байх хэрэгтэй байна.
В.Ганзориг: Пүү, би тэгвэл сая дэвшдэг байжээJ (Бүгд инээлдэв)
Х.Номингэрэл: Үндсэн хууль өөрчлөгдсөн учраас дагаад нэлээд олон хууль, тогтоомж өөрчлөгдөнө. Шүүхийн систем, орон нутгийн эрх мэдэл өөрчлөгдөнө. Энэ өөрчлөлтөнд бид өөрсдөө л оролцохгүй бол бидний хүслээр өөрчлөгдөхгүй байж магадгүй. Энэ өөрчлөлтийг буруугаар ашиглах бодолтой цөөнгүй улстөрчид нэр дэвшсэн, сонгогдох магадлал нэлээд өндөр байгаа учраас айдас байна. Иймээс энэ сонгуулиар залуусаа идэвхжүүлэх, хүсч байгаа бодлого, улстөрчдөө бодитой дэмжиж ажиллана. Үүнийгээ ч ил тод зарлаж хэлнэ. Иргэний нийгмийн хүн гээд айж ичээд байх зүйл байхгүй. Тэр үе нь ард өнгөрсөн.
Бидний хүлээлт бодитой байх ёстой. Сонгуулийн маргааш амьдрал сайхан болно гэдэг хүлээлт маш гэнэн бөгөөд хэт гэнэн байсныг улмаас сонгуулийн дараа сэтгэлээр унаад, эмороод дараагийн сонголтоо хийж чадахгүй болох аюул байдаг. Сонгуулийн дараа дөрвөн жил бодлого явж, амьдрал үргэлжилнэ. Чухам энэ хугацаанд бид нарын оролцоо маш их хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад холбогдох хууль, тогтоомжууд нь аандаа өөрчлөгдөнө гэж би лав хувьдаа хараад зүгээр суухгүй. Ажлын хэсэгт нь орохыг бодно, нийтлэл бичнэ, судалгаа хийнэ. Үүнтэй адил өөрийн санаа зовдог асуудал, сонгоод явуулсан улстөрчөө дөрвөн жилийн хугацаанд бид араас нь амлалтыг нь нэхэн хөөцөлдөх ёстой. Ингэж байж хүсч байгаа зүйлээ тэднээр хүчилж хийлгэхгүй бол Болдсайханы хэлснээр ийм муухай орчинд би муу байж болох л юм байна шүү дээ гээд суучих эрсдэлтэй. Хариуцлага нэхэхийн тулд улстөрчдөд хандив өгдөг. Тэрнээс биш нэг их найз нөхөддөө туслаад байгаа ч юм биш. Жишээ нь арваад хүнд хувиасаа хандив өглөө. Би бүгдээс нь хариуцлага нэхнэ.
С.Болдсайхан: Энэ жилийн сонгууль нэлээд онцлог болж байна. Нэлээд хэдэн шинэ нам, эвсэл, мөн 160 гаруй хүн бие даан нэр дэвшиж байна. Хоёр том нам олон залуусыг нэр дэвшүүллээ. Нэр дэвшигчдийн дундаж нас нэлээд багассан гэж би сонссон. Жил болгоны сонгуулиар сонголт байсангүй гэж залуус гомдоллоод, саналаа өгөхгүй гэртээ суудаг. Энэ жил тэгэх шалтаг байхгүй шүү. Сонгуульд оролцохын давуу тал гэж бий. Сонголт хийхийн тулд хүн тархиа ажиллуулж эхлэдэг. Улмаар мөрийн хөтөлбөр уншин, тухайн хүнийг судалдаг. Ингээд улс төрд сонирхолтой болдог. Энэ хэрээр улс төрийн мэдээ, мэдээлэл авч заншин, улмаар улс төрийн боловсролтой болж төлөвшдөг. Ийм хүмүүс хариуцлагатай сонгогчид болдог. Улс төрийн боловсролтой хүн л сонгуулийн дараа амлалтыг нь нэхэн хөөцөлдөж явдаг. Ингэж зөв юмаараа хөөцөлдөж байж улстөрчдийг байнга шахан хянаж, ажлыг нь хийлгэдэг. Ирэх дөрвөн жилд хийх ажил маш их байгаа. Тэр болгонд залуус оролцон хянаж явах болно. Надад ийм хүлээлт байна.
Б.Ялгуун: Надад нэг их хүлээлт байхгүй дээ. Гэхдээ бүх залуучуудыг сонгуулиа идэвхтэй, хариуцлагатай өгөөрэй гэсэн хүсэл байна.
Д.Энхбат: Залуучууд амжилт гэдэг үгэнд их дуртай. Амжилт нэг удаагийн үйлдлээр ирдэггүй. Амжилт бол орчин үеийн амьдралын хэв маяг, дадал зуршил (lifestyle). Монголын хөгжил нэг удаагийн өөрчлөлтөөр ирэхгүй. Тэмцэл, зүтгэл, алдаа заавал байх ёстой. Тэмцэж амьдардаг үеийг л шинэ үе гэдэг. Дөрвөн жилд ганц удаа саналаа өгөх нь хангалтгүй. Тэмцэж амьдардаг, ийм дадал зуршилтай үе үүссэн нөхцөлд л үе бодитоор солигдоно. Тэмцэл дотроо олон хэлбэртэй. Мэдлэг, чадвар, ухаан, авъяас, үнэ цэнээрээ тэмцэн, зохион байгуулалтанд орохыг би хэлж байна. Ийм тэмцэл бол жижигхэн микро хэмжээний Монгол Улсаа байгуулж байна гэсэн үг. Ийм тэмцлийн амьдралын хэв маягтай залуус бий болсон цагт Монголд хөгжлийн шинэ загвар үүснэ. Өөрөөр хэлбэл, тэмцэл гэдэг нь залуучууд та нар ярьдаг, хүсч мөрөөддөг зүйлийнхээ төлөө явж эхлэх үе юм. Иймээс саналаа өг, сонгуульдаа ор, араас нь хөөцөлд, хийх ёстой бүх юмаа л хий. Энэ бол та нарын амьдралын загвар байх ёстой.
В.Ганзориг: Ялгуун күүл (cool) байхыг хүсдэг гэж хэлсэн. Тэр үгний тодорхойлолт энд гарч ирж байна даа. Сүүлийн асуултаа тавъя. Үлгэр жишээ авах өмнөх үеийнхэн ховор болсон гэж яриад дурдагдсан. Гурван залуугаасаа энэ асуултыг асуумаар байна. Тийм хүн та нарын хувьд бий юу?
Х.Номингэрэл: Амьдралын үзэл бодол минь төлөвшихөд чухал нөлөө үзүүлсэн, зөвлөгөөг нь авдаг хоёр ч ментор надад бий. Тэр хүмүүсийн зарим нь ингэж бодоогүй явж байгаа байх. Гэхдээ энэ хүмүүс улстөрчид биш. Намын залуучуудын байгууллага дунд явдаг хүний хувьд хэлэхэд залуусын дунд нэг тийм мэдрэмж байдаг. УИХ-ын гишүүдийг бид байнга шоолдог. Энтертайнмент нь давсан ийм хүмүүс байдаг юм бол би яагаад улс төрд орж чадахгүй гэж, бид эд нараас илүү ажил хийж чадна гэж боддог залуу үе байгаа.
С.Болдсайхан: Уг нь улстөрчийн нэр хэлсэн бол их гоё байхаар байна. Даанч надад үлгэр жишээ авдаг улстөрч Монголд байхгүй. Олон нийтийг байлдан дагуулсан зөв улстөрч Монголд хараахан гарч ирээгүй байна.
Б.Ялгуун: Харж явдаг хүмүүс байгаа.
В.Ганзориг: Би крашийг чинь асуугаагүй шүү!
Б.Ялгуун: Биш биш. Залуу хүн гэхээр дандаа ийм гэж битгий бодож бай! Учиргүй хуулаад байх нь хаашаа юм. Гэхдээ харж анзаарч байдаг хүмүүс бий. Тэдний хараад дотроо шүүгээд, авах юмаа сороод аваад явдаг. Харин тэгж харж явдаг улстөрч хүн байхгүй ээ.
В.Ганзориг: Таны хэлснээр өөрсдийнхөө төлөө тэмцээд гарч ирж байгаа залуучууд Монголд ер нь байна уу Энхбат ах аа? Эсвэл ээ энэ одооний залуус, бас л болоогүй байна гэж бодож явдаг уу?
Д.Энхбат: Үгүй, яалаа гэж! Бие даагчид ингэж ихээр улс төрд орж байна гэдэг чинь миний хэлсэн үгний жишээ. Форум нэвтрүүлэг хөтөлдөг байхад “Та яагаад энэ нэвтрүүлгийг хөтлөөд байгаа юм бэ” гэж асуудаг байсан. Би “ТВ-ийнхээ өмнө уурлаад сууж байснаас эндээ ирээд нэвтрүүлэг хөтлөх нь надад амар байдаг юм” гэж хариулсан.
В.Ганзориг: Би хэлэх нэг сайхан үгтэй боллоо шүү (Бүгд инээлдэв)
Д.Энхбат: Нэр дэвшин, улс төрд орж буй бүх хүнд би нэг л зүйл баттай хэлнэ. Ямар ч гэсэн тэд нар замдаа гарсан. Үүргэвчинд нь юу байгааг би мэдэхгүй. Яаж явахыг нь ч би мэдэхгүй. Гэхдээ л тэд гэртээ суугаагүй. Энэ хүмүүсийн дундаас нэг, хоёр нь гарна. Гэртээ сууж буй хүмүүс улс төрд хэзээ ч гарахгүй. Хэд гарахыг нь мэдэхгүй ч явж байгаа хүмүүс гэртээ байгаа хүмүүсээс ямар ч байсан найдвартай. Би ч гэсэн залуу байхдаа тэндээс 10 дахин тэнэг л байсан. Цаг ирэхээр бүгд ойлгодог. Хамгийн гол нь замдаа гарч явах шүү!
В.Ганзориг: Эрхэм зочдынхоо хамт залуучууд бас нийт иргэддээ хандан сонгуульдаа идэвхтэй бас хариуцлагатай оролцохыг уриалж байна.
нэвтрүүлэгийн видео хувилбарыг эндээс хүлээж авна уу.