SYNDICATE TALK EXCLUSIVE: Ардчиллын хөрөнгө оруулалт
Синдикат ярилцлага – Эксклюсив 12 дахь дугаараар 2020 оны эдийн засаг, нийгэм, улс төрийг тольдохыг хичээлээ. Нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, СЭЗИС-ийн дэргэдэх Глобал эдийн засгийн хүрээлэнгийн захирал Р.Амаржаргал уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
В.Ганзориг: 2020 он шувтрах гэж байна. Энэ оны эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнээд, ирэх жилийн өнгө ямар байх тухай асуултаар ярилцлагаа эхлэе!
Р.Амаржаргал: 2020 онд эдийн засаг ямар байсан бэ гэвэл бидний байгаа байдлыг шууд илтгэнэ. Хийж бүтээсэн ажлуудын үр дүн нь ингэж илэрч байна гэсэн үг. Энэ жилийн хувьд ковид дэлхийн эдийн засгийг донсолгож байна. Монголын эдийн засаг дэлхийн бусад орны эдийн засгаас жаахан өөр. Ковидын үеэр энэ онцлог тодорхой хэмжээгээр илэрлээ. Манай эдийн засаг түүхий эд дээр тулгуурласан, экспортоос асар их хамааралтай бүтэцтэй. Хүн амын бүтцэд эзлэх залуусын хувийн жин маш өндөр. Газар нутаг дээрээ тархай бутархай суурьшдаг хэдий ч хүн амын бараг тал нь Улаанбаатар хотод төвлөрсөн. Энэ бүхнийг тооцож үзээд эдийн засгийн өсөлт хасах дүнтэй гарна гэдэг хүлээлттэй байгаа. Бүх салбарын үзүүлэлт уналттай байна. Сан, төсвийн бодлогуудтай холбоотой үзүүлэлтүүд сайнгүй гарлаа. Энэ оны эцсээр хоёроос дөрвөн хувийн хасахтай гарах болов уу. Энэ бидний хувьд их том тоо. Эдийн засгийнхаа дөрвөн хувийг алдана гэдэг нь асуудлаа шийдэх гэж буй орны хувьд том тоонд тооцогдоно.
Энэ жилийн хувьд цар тахлаас гадна улс төр манай эдийн засагт хүчтэй нөлөө үзүүллээ. 2020 онд УИХ болон орон нутгийн сонгууль болж өнгөрсөн. Энэ үеэр далд эдийн засагт байсан санхүүгийн эх үүсвэрүүд эдийн засагт шахагдан орж ирсэн. Энэ хэмжээгээр эдийн засгийн уналтыг хэрэглээний төвшинд зөөлрүүлж чадсан. Дараагийн нэг зүйл бол улсын төсвөөр дамжин макро эдийн засгийн бодлогын дохиоллын системүүд их гажсан. 2020 оны улсын төсвийн тодотголыг нэлээд дээр буюу хавар хийх ёстой байсныг гүрийсээр байгаад сая хийлээ. Энэ нь эдийн засаг гэхээс илүү улс төрийн шалтгаантай байв. Үүний үр дагаварыг бид одоо амсаад сууж байна. Дундаж болон дунджаас доогуур төвшинд амьдарч байга хүмүүсийн хувьд бизнес нь асар ихээр хумигдаж байна. Ажилгүйдлийн сангаас олгодог мөнгөний хэмжээ даруй 25 гаруй хувиар өссөн. Мөнгө нь дутахаар гаднаас санхүүжилт авч байна. Бүхэлд нь дүгнэхэд цар тахал ба улс төрөөс шалтгаалан эдийн засгийн үзүүлэлтүүд нэлээд сөрөг гарлаа гэдгийг онцлох ёстой байх.
2021 онд эдийн засаг ямар байна гэж та төсөөлж байна вэ? Хамгийн муу хувилбарыг яаж харж байгаа тань сонин байна.
Эдийн засаг угаасаа хүнд байгаа. Намраас эхлээд цалин, тэтгэвэр, халамжийн мөнгө доголдоод эхэлсэн. Энэ хандлага цааш үргэлжлээд шинэ оны эхэнд нэлээд том хүндрэл үүснэ. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль гээд бас нэг улстөржсөн зүйл болно. Үүнийг тойрсон популизм хаа сайгүй үргэлжилнэ. 2021 оны есдүгээр сар хүртэл эдийн засгийн өнгө төрх надад олигтой харагдахгүй байна. Цар тахлын нөлөө 2021 оны наадам хүртэл үргэлжилнэ шүү гээд би өнгөрсөн тав, зургаан сард явж байхдаа хүмүүст хэлж байсан. Одоо би энэ хугацааг намар хүрнэ гэж харж байна.
Ковид19-ийн дараа дэлхий даяар өөрчлөлт явагдана. Маш олон зүйл өөрчлөгдөж, New normal гэдэг зүйл орж ирнэ. Энэ бүхнийг бид олж хараад, дэмжих ёстойгоо дэмжээд, болж бүтэхгүй зүйлээсээ маш хурдан ангижрах ёстой. Иймээс ирэх оны намар хүртэл маш соргог байх хэрэгтэй.
Эдийн засгийн нөхцөл байдлыг хамгийн муугаар төсөөлж үзье. Ковидын улмаар бизнесүүд нам зогсоод, иргэд орлогогүй, зорилтот бүлэг халамжийн мөнгөгүй болж, төр татвараа цуглуулж чадахгүй болбол шийдвэр гаргагчид болон эдийн засагчид ямар арга хэмжээ авах ёстой байдаг юм бэ?
Богино, урт хугацааны арга хэмжээ байж болно. Онцгой нөхцөл байдал үүссэн нөхцөлд дайчилгааны шинж чанартай эдийн засаг руу орох ёстой болдог. Бүх нөөцөө дайчлан зохион байгуулахаас өөр аргагүй. Би хоёр юманд л горьдож байгаа. Нэгт, энэ жил гайгүйхэн шиг ургац авчихаасай билээ. 450 мянган тонн үр тариатай байхад ирэх жил бид талх, гурилаар тасарчихгүй байх. Хоёрт, мал аж ахуй. Өөрийн чинь асуудаг хүнд нөхцөл үүсвэл бидний ганц найдвар хөдөө аж ахуй, мал, хүнс шүү дээ.
Монголын эдийн засгийн түүхийг аваад үзвэл хөгжлийн хамгийн эмзэг, эгзэгтэй үед дандаа ХАА дээрээ тулгуурлан босч ирж байсан. 20 дугаар зууны үед анхны аж үйлдвэрийн объектуудыг байгуулах, Халх гол, Дэлхийн хоёрдугаар дайн, атар эзэмших аян, социалист бүтээн байгуулалтын үйл ажиллагаа зэргийн бүх эх үүсвэр, хуримтлал төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн хүчирхийллийн механизмаар дамжин ХАА-н салбарын шүүсийг шахаж, тэндээс гаргасан. Хамгийн сүүлд эдийн засгийн 1/3 нь ганц өдрийн дотор байхгүй болж байсан 1990 оны аймшигтай хүнд үеийг хэдэн малын тусламжтайгаар л давсан шүү дээ. Цаашилбал 2007, 2012, 2014 оны хямралын үед ч ХАА л эдийн засгаа чирэн гарсан. Өөрийн чинь асуусан хүнд үе ирвэл би энэ хоёр салбарт нь найдаж байна.
Дайчилгааны эдийн засаг гэж та дурдлаа. Үүнийг жаахан тодруулж өгнө үү.
Онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрэглэдэг. Дэлхийн хоёрдугаар дайн, томоохон газар хөдлөлт, айхтар үер болох үеийн жишээг дурдаж болно. Үүнийг цэргийн эдийн засгийн хүрээнд нэлээд судалсан байдаг бөгөөд тэнд дайчилгааны эдийн засгийн тухай нилээд сүрхий онолууд байдаг.
Хувийн хэвшлийн салбар ирэх оны төсөв, төлөвлөгөөгөө хийж байна. Тухайлбал, инфляци ба ам.долларын ханшаа таамаглаж байгаа. Энэ үед та бизнесменүүдэд хандан ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
Би макро эдийн засаг сонирхдог хүн. Микро төвшний нарийн мэргэжлийн хүмүүс гэж бий. Миний хэлэх зүйл гэвэл одоо илүү, дутуу юмнуудаасаа салах хэрэгтэй. Бизнестээ тооллого, үнэлгээ хийх ёстой. Эхний хийх ажил бол ашигладаггүй, хэрэглэдэггүй зүйлсээсээ нэн даруй салах хэрэгтэй. Хоёрт, бэлэн мөнгөтэй хүн л ноён болно. Иймээс мөнгөний урсгалаа нарийн тооцож, бэлэн мөнгөний удирдлага дээрээ анхаарах хэрэгтэй. Гуравт, эргэн тойронд үүсч буй трендүүдийг соргог харах ёстой. Ковидтой холбоотой онлайн үйлчилгээ асар их идэвхжиж байна. Үүнийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ёстой болов уу. Том зүйл худалдан авах, элдэв янзын зүйл рүү хөрөнгө оруулахаа зогсоох хэрэгтэй. Өнөөдөр шинэ машин аваад яах юм бэ? Сонгуулийн үеэр хулгайлсан мөнгөөр хүмүүс худалдан авалт хийх л байх. Жирийн иргэд ийм төрлийн худалдан авалтаа хэдийнэ танасан байгаа.
Сонгуулийн үеэр далд эдийн засгаас багагүй мөнгө цутгаж орж ирсэн гэж та хэллээ. Далд эдийн засгийн хэмжээг та тодорхойлж хэлэх үү?
Хэрвээ би андуураагүй бол 10 жилийн өмнө хийсэн судалгаа байдаг. Тэр судалгаанд далд эдийн засаг Монголын эдийн засгийн 1/3 буюу 33-35%-тай тэнцдэг гэж гарсан. Одоо юм жаахан цэгцрээд, нэмээд НӨАТ-ыг эргэж олгодог болсонтой холбогдуулан багассан болов уу. Гэсэн ч далд эдийн засгийн хэмжээ одоо 20%-тай байгаа гэж бодож байна. Улсын төсвийн алдагдлыг хоёр ихнаяд төгрөгөөр батлаад, нэмээд тодотгол хийж дөрвөн ихнаяд төгрөг давуулсан. Ийм хэмжээний мөнгө улсын төсвийн хөрөнгө оруулалтаас цэвэр улс төр рүү явсан гэж ойлгож болно. Сая хийсэн төсвийн тодотгол бол улсын төсвөөс ямар нэг байдлаар зувчуулсан мөнгөө хуульчлан албажуулж, өөрсдийгөө шоронгоос хамгаалсан хэрэг.
Монгол Улсын өрийн талаар таниас асуумаар байна?
Өрийн асуудлаар дээр дооргүй шуугиж байна. Энэ шуугиан шийдэл биш. Ард иргэдийн анхаарлыг өөр тийшээ татаж буй зүгээр л тархи угааж буй үйл ажиллагаа. Асуудлын гол нь яриад байгаа өр, зээлийн агуулга, мөн чанар нь юу вэ, юунд, яаж хэрэглэж байгаа нь чухал. Өр тавиад байна гэдэг нь чиний орлого, зарлага тэнцэхгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сарын 80 төгрөгийн орлого, 100 төгрөгийн зардалтай амьдарч байна. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд байгаа юмаа зарах нэг арга байна, эсвэл аав ээжээсээ мөнгө гуйна, эсвэл найзаасаа 20 төгрөг зээлнэ. Уг нь энэ нөхцөлд орлогоо нэмэгдүүлж, зардлаа багасгах нь үндсэн шийдэл юм. Энэ бол микро төвшний жишээ.
Макро төвшинд авч үзвэл өр тавихад буруу юм байхгүй. Өр гэдэг нь зээл гэсэн үг шүү дээ. Эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үед зээл авах нь буруу зүйл биш. Харин ч нөхцөл сайтай зээлийг сайн авч байх хэрэгтэй. Эдийн засаг өсөлттэй байхад хөрөнгө оруулагчдын мөнгөний нөхцөл улам таатай болдог. Эдийн засаг сайн байгаа нөхцөлд зээл авахаас айх хэрэггүй. Харин авсан зээлээ зөв зохистой ашиглаж чадаж байна уу гэдэгт асуудал байдаг. Зээлээ эргэн төлөх ачааллаа улсын төсвийн ирэх жилүүдийн орлого, зарлагатай уялдуулах ёстой. Энэ нь манай экспорт, импорт, гадаад худалдаатай шууд холбогддог. Гадаад худалдааны баланс ашигтай гараад байвал ямар ч зээл авсан түүнийгээ төвөггүй төлөөд байх боломжтой гэсэн үг. Энэ бол нэг үндсэн зарчим.
Хоёрт, зээлийн эх үүсвэр гэдэг асуудал бий. Дотооддоо санхүүгийн эх үүсвэр байхгүй учраас л чи гаднаас зээл авч байна гэсэн үг. Дотоодын хуримтлал ба хөрөнгө оруулалт гэсэн хоёр ойлголт бий. Би эдийн засагтаа 500 төгрөгийн хөрөнгө оруулалт хиймээр байдаг. Гэтэл миний хуримтлал 250 төгрөг байдаг. Зөрүү 250 төгрөгийг зээлээр гадна, дотноос олох ёстой. Тиймээс яаж бид дотоодын хуримтлалаа нэмэгдүүлэх вэ гэдэгт асуудал байна гэсэн үг. Сангийн сайд Хүрэлбаатарын толгой зовох асуудал энэ байх ёстой. Ерөнхий сайд Хүрэлсүхийн толгой үүнд зовохгүй. Яагаад гэвэл мань эр энэ талын ойлголт багатай. Цалин аваад ажиллаж байгаа Сангийн сайдын гол ажил дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх байх ёстой.
Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг.
Нэгт, хөдөлмөрийн бүтээмж. Бизнесийн үр ашгийн тухай асуудал хөндөгддөг. Бүтээмж нэмэгдэх тусам орлого, үр ашгийн үзүүлэлтүүд өсдөг. Хоёрт, санхүүгийн зах зээл. Санхүүгийн зах зээлээ бэхжүүлэх ёстой. Тухайлбал, хэрвээ би андуураагүй бол өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 27, бараг 28 ихнаяд төгрөг хуримтлал, хадгаламж хэлбэрээр байгаа. Энэ бол асар их мөнгө. Энэ мөнгийг хэрэгтэй газар нь хийдэг механизм байх ёстой. Энэ бүхэн төрөөс цалин аваад ажиллаж буй нөхдүүдийн хийх ёстой ажил юм. Ингэж том зургаа харах хэрэгтэй.
Одоо жишээ нь мөнгөний бодлогоо хэлэлцэж байх шиг байна. Түүнийг нь харж байхад ийм зүйл, тийм юм хэрэгтэй, мөнгө гарга гээд Монголбанк руу дайраад байх шиг. Монголбанк шаардлагатай нөхцөлд мөнгө гаргаж болно л доо. Гол нь гаргаад яг яах билээ? Нэг хэсэг хүмүүс хулгайлж идэхийн төлөө мөнгө гаргах юм уу? Эдийн засгийн тодорхой салбарууд дээр ийм ийм ажлууд хийнэ, эдгээр ажлыг хийсний үр дүнд ийм өгөөж бий болно, энэ өгөөж эргээд манай дотоодын хуримтлалыг ингэж нэмэгдүүлнэ гэдэг бодлого салбар бүр дээр тодорхой байх ёстой. Энэ нөхцөлд Монголбанк санхүүжилтийн эх үүсвэр гаргаад л өгнө. Гэтэл ийм бодлогогүй, зөвхөн үзэмжээрээ хэдэн автобус авмаар байна, тэнд гүүр барьмаар байна, энд нэг хөшөө босгомоор байна гэх мэтээр Монголбанкны хараат бус, бие даасан байдал руу халдаж, уландаа гишгэж болохгүй. Ийм хэмжээний мөнгө гаргахгүй бол чамайг ажлаас чинь огцруулна гэж шантаажилж болохгүй. Монголбанкны ерөнхийлөгч рүү хандаж иймэрхүү зүйл ярьж байгаа эрхэм гишүүд, сайд нарын заналхийсэн яриа хэвлэл мэдээллээс анзаарагдах юм. Энэ хүмүүс институтийн тогтолцоогоо ойлгоогүй, өөрсдөө ч суудлаа олоогүй байна гэсэн үг.
Монгол залуучуудын орон гэж та тоо хэлсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө халамжийн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Давхардсан тоогоор хүн амын бараг 70% нь ямар нэг халамж авдаг болж таарсан. Би хувьдаа шоконд орсон. Яагаад бид халамжийн хавтгайруулсан бодлоготой улс болчихов оо?
Энэ асуудал дээр үеэс эхлэлтэй. Тодруулбал, бүр 2500 жилийн өмнөөс. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байна. Урьд нь хоорондоо үзэлцээд хэн нэг нь ялагч болж нэгнээ дийлдэг байсан бол сүүлдээ хэн ч бие биенээ дийлэхээ байсан. Нэгнийгээ дийлэхийн тулд бусдыг дайчлах хэрэгтэй болсон. Бусдыг гэдэг нь ард түмэн гэж нэрлэгддэг хүмүүс юм. Тэднийг өөрийн талдаа оруулж, үйл хэрэгтээ татан оролцуулахын тулд чихэр өгнө, гоё юм эдлүүлнэ гэх мэтээр амлалт өгч ирсэн түүхтэй. Энэ түүх явсаар байгаад өнөөдөр Монголд ийм хэмжээнд ирчихээд байна. Жишээ нь, сонгуульд ялахын тулд өгдөг популист амлалтууд, хүнсний талон, халамжийн систем. Хэрэв би андуураагүй бол 2003, 2004 онд хүнсний талоныг хамгийн эмзэг бүлэгт зориулан гаргаж байсан. Тэр хуулийг санаачилахад нь би оролцож байсан. Гэтэл өнөөдөр хавтгайрсан систем болж, улс төрийн зорилгоо биелүүлдэг механизм болж хувирсан.
Хавтгайрсан халамжийн асуудал эдийн засаг гэхээс илүүтэйгээр улс төртэй, улс төрийн өнөөгийн тогтолцоотой холбоотой.
Нөгөө талдаа нийгмийн эмзэг давхарга гэж ямар ч үед байдаг. Ахмадууд, нялх хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт. Хүүхдэд мөнгө өгнө гэдэг нь ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт. Хүүхэд эрүүл өсч, мэдлэг боловсрол эзэмшиж, өндөр бүтээмжтэй ажилтан болбол ирээдүйд эдийн засгийг хэд дахин өсгөж, эргүүлээд хөрөнгө оруулсан мөнгийг нийгэмд үржүүлж өгдөг. Энэ мэт мөнгө, халамжийг шууд үгүйсгэж болохгүй.
Гол асуудал нь халамж яг очих ёстой хүндээ очиж, хүртэх ёстой хүн нь хүртэж чадаж байна уу гэдэгт оршиж байна. Энд хяналтын механизм алга. Бидний байгаа байдал, сэтгэхүй, үнэлэмж, асуудлыг харж байгаа өнцөг, үнэ цэнэ ийм л байна. Дахин хэлэхэд энэ бол өнөөдөр үүссэн асуудал биш. Хүн төрөлхтний түүхээс харахад эртнээс бий болсон бөгөөд цаашаа улам л нэмэгдэх юм шиг байна.
Р.АМАРЖАРГАЛ: Ерөнхийлөгч Баттулгын аюулгүй байдал болон Монгол Улсын аюулгүй байдлын хооронд маш том ялгаа бий
Бидний байгаа нь л энэ гээд яваад байж болохгүй байлгүй дээ. Энэ байдлаа хэдүүлээ хэрхэн засах вэ?
Энэ асуудлыг харах чи бид хоёрын баримжаа өөр байгаад байна. Би жишээ нь 2500 жилээр харъя гэхэд асуудал өөрөөр харагдана. 1921 оноос хойших 100 жил, эсвэл сүүлийн 30 жил гэх мэтээр хэдий чинээ хугацааг уртасгана тэр хэрээр зүй тогтлууд тодорхой харагддаг. Яг өнөөдөр яах ёстой вэ гэвэл үнэхээр болохгүй байгаа зүйлээ харж чадаж байвал өөрчил. Энэ өөрчлөлтийг хийхийг шаардах, хяналтын механизмуудыг бий болгох хэрэгтэй. Энд нэг зүйлийг ойлгох ёстой. Тэр нь хэн нэг хүн гарч ирээд чиний өмнөөс бүх зүйлийг чинь шийдээд өгнө гээд бодоод зүгээр сууж огт болохгүй. Чи өөрөө л явж, өөрөө зүтгэх ёстой. Энэ бүхэн чиний л асуудал. Чиний амьдрал, үр хүүхдийн чинь тухай асуудал. Харин тэрнээс болсон, үүнээс боллоо, нөгөө 30 гэр бүлээс болж миний амьдрал муу байна гэж бодож байна тэгээд л тэндээ дуус. Харин энэ бүх зүйлд надаас хамаарах юм байгаа шүү гэж бодож эхэлбэл хийх ажлууд чинь тодорхой болно. Эс бөгөөс фэйсбүүк дээрээ лайкаа дараад сууж байх сонголт бас бий.
Энэ тал дээр манай иргэдийн оролцоо, нийгмийн идэвх хэр хангалттай байгаа гэж та боддог вэ?
Зовлонтой юмнууд бий. Дахиад эрт дээр үеэс эхлүүлэн харах гээд үзье. Эрт дээр үед манайд дээрмийн эдийн засаг байсан. Юм хэрэгтэй болбол очоод дээрэмдээд, булаагаад авдаг байсан. Сүүлийн 100 жилийн эдийн засаг гэвэл үндсэндээ дийлэнх нь тусламжаар л явж байна. ЗХУ, коммунист интернационал дэглэм Куба, Монгол, Вьетнам гурван улсыг үлгэр жишээ социалист улс болгохоор шийдсэн. Буурай, хөгжилгүй, ядуу улсууд ялсан пролетари нарын тусламжтайгаар яаж сайхан орон болж болдгийг дэлхийд харуулахыг зорьж, асар их хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бүхэн эдийн засгийн амьд зүй тогтолтой огт холбоогүй бөгөөд хиймлээр маш их зүйлийг хийсэн.
Тухайн үед дээд боловсрол эзэмшсэн хүн ажилд ороод сарын 550 төгрөгийг цалин авдаг байсан. Энэ нь нэмэгдсээр байгаад 750 төгрөгт хүрдэг байв. Гэтэл энэ мөнгийг үрэх зүйл, авах юм байдаггүй байв. Баранд суух боломжгүй. Уртаашаа Улаанбаатар зочид буудлын ганц бартай. Энд гадаадын иргэд л ордог, монголчуудыг оруулахгүй. Хувийн машин байхгүй, хувийн өмч хориотой. Дэлгүүрт нь сонголт байхгүй. Бидний мөнгө тэр үед ямар ч үнэ цэнэгүй, худалдан авах хүчгүй байсан байхгүй юу. Тийм өөр тогтолцоо байсан. Энэ үеэс тогтсон халамжийн, бэлэнчлэх сэтгэлгээ өнөөдрийг хүртэл арилахгүй байна. Арилгах боломж гарсан хэдий ч 2000 дундаас эхлээд халамжийн бодлого маш эрчимтэй явчихсан. Одоо бид үүнээсээ салж чадахгүй. Нэг том зүйл тохиолдохгүй л бол өөрчлөхөд маш хүнд болсон. Хүн болгон өвдлөө, үхлээ гээд халамжаа нэмүүлэхээр улам их шаардана. Харин хэн ч ажил хийе гэж ярихгүй. Нөгөө талдаа энэ бүх халамжийн эх үүсвэр нь одоогоор уул уурхай салбар шүү дээ.
АНУ-ын эдийн засаг ковидтой байхад айхтар унаад энэ оны гуравдугаар улирлын байдлаар 33%-ийн өсөлттэй гарлаа. Энэ өсөлтийг хадгалж чадвал оны эхэнд нэмэх дүнтэй гарч магадгүй. Хятадын эдийн засаг улирлын дүнгээр 6%-ийн өсөлттэй гарлаа. Энэ бол сайн үзүүлэлт. Гэхдээ Хятадын эдийн засгийн өсөлт 5%-иас доош орвол сүйрнэ. Учир нь нийгмийн халамж, ачааллаа дийлэхгүй. Түмэн амьтан босоод ирвэл аюул болно. Ковид гэдгийг далимдуулаад өндөр хөгжилтэй орнууд хөгжлийн дараагийн зүг чигээ их зөв тодорхойлж байна. Энэ нь ердөө ногоон хөгжил гэдэг концепц. Европ, АНУ, Хятад улсууд бүгдээрээ ковидоос үүдэлтэй эдийн засгийн хямралаас гарахдаа ногоон хөгжлийг чиг баримжаа болгон сонгон авч байна. Үүнийгээ ч маш тодорхой зарлалаа. Хятад улс 2060 он гэхэд хүлэмжийн хийгээ бүрэн хязгаарлахаа зарласан. Коммунист намын хурлаараа ирэх жилүүдэд үүнтэй холбоотой бүх ажлуудаа зоогоод өгсөн. Япон, Солонгосууд 2030 гэхэд ийм үр дүнд хүрнэ гээд амлав. Хэрэв Байден АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол ийм чиг баримжаатай ажиллана гэж ярьж байна. Дэлхий хүрэн нүүрснээс татгалзаад эхэлсэн.
Эдгээр улсууд эдийн засгийн хямралд анх удаа орж байгаа юм биш шүү дээ. Тэд хямралаас гарах аргаа мэддэг, гарахдаа цоо шинэ чанар руу шилжиж, шинэ эдийн засгийг бүтцийг хийж чаддаг. Харин бид энэ хямралаас хэрхэн гарах, гараад хаашаа явахаа тодорхойлж чадаагүй л байна. Бид дэлхийтэй цуг алхах ёстой. Улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр хэдэн төгрөг ногоон хөгжил дээр тавьсан бол? Энэ хүчин зүйлийг сайн тооцож явах ёстой гэж би хувьдаа боддог.
Либерал, нео либерал талын зарим хүмүүс ногоон эдийн засгийг дэмждэггүй. Бараг уламжлалт эдийн засгаасаа илүү өртөгтэй зүйл гэж ярьдаг даа.
Дэлхийн дулаарал гэж мэддэггүй, уур амьсгалын өөрчлөлтийг тоодоггүй хэсэг бүлэг хүмүүс бий. Энэ сэдвээр академик төвшинд мэтгэлцэх нэг өөр, улс төрийн тавцанд ярилцах бас өөр. Төрийн бодлого болгоод хэрэгжүүлж байгаа кэйсүүд бүр өөр шүү. Ногоон хөгжил Европын холбоонд жишээ нь төрийн бодлого нь болчихсон. Хятад энэ зам руу орчихлоо. Солонгос, Япон хэдийнэ эхэлчихсэн. 2060 он хүртэл манай хүрэн нүүрсний үнэ цэнэ яах бол? Үүнийгээ химийн үйлдвэрлэл рүү шилжүүлж чадах уу? Бид 2030, 2040 он хүртэл нүүрснээсээ мөнгө хуримтлуулж аваад хүссэн хүсээгүй цоо шинэ эдийн засгийн салбарууд руу шилжих ёстой болж байна. Энэ бүхнийг тооцож, эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсдог баймаар байна.
Тэтгэвэрийн сан, нийгмдийн даатгалын реформ хийх цаг болсон гээд нэлээд яригддаг болжээ. Үүн дээр таны бодол ямар байдаг вэ?
Дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн системээ хөгжүүлэх ёстой гэж би дээр хэлсэн. Үүний нэг хэсэг нь тэтгэвэрийн тогтолцоо. Хүмүүсийн тэтгэвэрийн хуримтлал урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр болох ёстой. Үүнийг яриад явж буй залуус бий. Маш зөв. Магадгүй үүнийг 10 жилийн өмнө хийх ёстой байсан байх. Өнөөдөр энэ бүхнийг хийх бүх боломж бүрдсэн. Иймээс энэ өөрчлөлтийг зоригтой хийх ёстой. Яагаад энэ өөрчлөлтийг хийхгүй, дэмжихгүй байгаагийн учир шалтгааныг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Ашиг сонирхлын зөрчил ч байгаа байх, жинхнээсээ ойлгохгүй ч байгаа байх. Шинэ юм хийхэд мэдээж эрсдэл гарна. Нааш цаашаа тодорхой хэмжээний мөнгө төгрөг алдахыг ч үгүйсгэхгүй. Айгаад юу ч хийхгүй суугаад байвал хэзээ ч урагшлахгүй.
Хар, саарал жагсаалтын тухай би таниас асуух ёстой.
Анхнаасаа л эдгээр жагсаалтанд орох ёсгүй байсан. Гурван юм байдаг. Нэг нь мөнгө угаах, терроризмтай тэмцэх байгууллага. Тэрэнд нь бид ороод сая гарлаа. Нөгөө нь Европын холбооны жагсаалт. Гурав дахь нь OECD-гийн 28 орны жагсаалт байдаг. Хамгийн амархан шалгууртай нь мөнгө угаахтай холбоотой жагсаалт нь. Европын холбоо болон OECD-гийн жагсаалтанд орвол гарах процедур нь маш хэцүү. Яг нарийн ширийн зүйлийг нь би орж үзэж судлаагүй. Эрхбиш үүнийг судлах ёстой бөгөөд үүнийхээ төлөө цалин аваад суудаг нөхдүүд манайд байгаа байлгүй дээ.
Улаанбаатар хотын төвлөрөл, замын түгжрэлийг шийдэх зорилгоор их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх тухай мэдэгдлийг саяхан холбогдох яамнаас хийлээ. Үүнээс үүдэлтэй эдийн засгийн эерэг болон сөрөг үр дүнг юу гэж харж байна вэ?
Өнөө, маргаашийн асуудлыг шийдэх механик шийдэл гаргаж байгаа бол нэг хэрэг. Алсыг харсан том бодлого явж байвал өөр хэрэг. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд энэ өөрчлөлтийг хийвэл зөв гэж хэлнэ. Харин зүгээр л ХААИС Дархан руу яваарай гэвэл утгагүй. Үүнийг дагаад эрдэм шинжилгээ, судалгааны хот, хотхон байгуулагдах ёстой. Дээр үед нааш цаашаа явах боломж хязгаарлагдмал байдаг байв. Улаанбаатараас Дархан явахын тулд бид зам явах, хороо хорины зөвшөөрөл авдаг захиргааны аргатай байсан. 1990 оноос хойш энэ өөрчлөгдсөн. Гэхдээ л хүнийг хүлээд яг тэр байранд нь байлгадаг зүйл бол орон сууц юм. Орон сууц хувьчлагданаар энэ нөхцөл ч өөрчлөгдөж чадсан. Гэхдээ дахиад л Улаанбаатар гэдэг том зах зээлээс холдвол утгагүй болно. Улаанбаатарын хүн ам нэг сая давж байж л бодитой зах зээл болсон. Хотоос явуулж байгаа хүмүүсийн эдгээр асуудлыг яаж шийдэх, нөхөн олговор өгөх эсэх дээр бид одоо хүртэл учрыг олж чадахгүй л явна.
Гэхдээ энэ шинэ зүйл биш. Өмнө нь бид Багануур гэдэг хот байгуулах гэж оролдсон түүхтэй. Хэн ч сайн дураар очоогүй. Эцэст нь Багануурыг Улаанбаатар хотын нэг дүүрэг болгож байж хүмүүс татсан. Тэр үед Улаанбаатар хотын иргэн болох нь хамгийн том асуудал байсан юм. Нийслэлийн иргэн болоход л юм юманд ойрхон болдог байв. Тэгэхээр их, дээд сургуулиудыг шилжүүлж байгаа хотуудад иймэрхүү ямар бодлого байгаа нь сонин байна. Энэ бол дан ганц Боловсролын яамны асуудал биш. Гэхдээ шинжлэх ухааныг том кампус болгон хөгжүүлнэ гэдэг санаа нь зөв.
Манай улсын худалдааны хамгийн том түнш Хятадын банкны салбар Монголд байгуулагдах ёстой, ёсгүй гэдэг маргаан олон жил явж байгаа. Эдийн засагч хүний хувиар таны байр суурийг сонсмоор байна.
Энэ асуудлыг судлахын тулд цалин авдаг хүмүүс байдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ҮАБЗ, Монголбанк, УИХ-ын гишүүд гэх мэт. Уг нь тэднээс энэ асуултыг асуух ёстой. Бодлого тодорхойлдог эдгээр хүмүүс энэ асуудлыг тал талаас нь судлан эдийн засаг, санхүү, банкны зах зээлээ харж, нөгөө талаасаа улс төр, гео эдийн засаг ба гео улс төр, гадаад харилцаагаа тооцоолж шийдвэр гаргах үүрэгтэй. Мэдээж эдийн засаг, үндэсний аюулгүй байдал хамгийн том шалгуур болох ёстой. Энэ бол маш олон давхрагатай, олон үл мэдэгдэх гишүүнтэй томоохон тэгшитгэл бодох ёстой гэсэн үг. Асуудлыг шийдэх арга зам нь ийм л байгаа байх.
Хятадын банкийг оруулж ирэхээсээ өмнө бид өөрсдөө яг юу хүсээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Тухайлбал, аюулгүй байдал гэдгээ бид юу гэж томъёолоод байгаа юм бэ? Юунаас айхыг аюултай гээд байна, юуг аюул гээд байна вэ? Эдгээрийг тодорхой болгож чадвал дээрх асуултын хариу амархан гараад ирнэ. Монгол Улсын аюулгүй байдал болон Монгол Улсын Засгийн газрын эрх ашиг хоёр шал өөр зүйл шүү. Тэр дундаа эрх барьж буй намын эрх ашиг, аюулгүй байдал гэвэл бүр өөр ойлголт болно. Ерөнхийлөгч Баттулгын аюулгүй байдал болон Монгол Улсын аюулгүй байдлын хооронд маш том ялгаа бий. Хэний, ямар аюулгүй байдлын тухай яриад байгаагаа бид эхлээд дотроо тодорхойлох хэрэгтэй.
Монгол Улсын Ерөнхий сайд асан, АН-ыг үүсгэн байгуулж байсан хүнээс улс төрийн тухай асуулгүй нэвтрүүлгээ дуусгаж боломгүй байна. АН-ын шинэчлэлийн талаар таны бодлыг сонсмоор байна.
Хамгийн хүнд асуултыг хамгийн сүүлд тавьж байна. АН бусад намуудаас ялгараад байгаа зүйл байхгүй. Харин өнөөдөр АН дотор гэрэл тусаад, нэмээд сөрөг хүчин болсон тул дотор нь болж буй процесууд ил харагдаж, түүнийг тойруулж шуугиан дэгдээж байгаа байх. МАН, АН яг адилхан. АН ялагдсаныхаа, харин МАН ялсныхаа зовлонг эдэлж байгаа. Тэрнээс биш бид шалдаа буугаад, бусдаас илүү зовоод байгаа юм байхгүй. АН-ын хувьд хөгжлийнхөө нэг үе шатанд хүрээд, шинэ хуудас нээх цаг нь болсон гэсэн үг. Шинэ зорилт, шинэ удирдлага, шинэ стратегиа дэвшүүлж, үүнийгээ шинэ арга барилаар хэрэгжүүлээд явах асуудал гэж би хувьдаа харж байна. Ний нуугүй хэлэхэд би үүнд сүртэй эмзэглээд янз бүр болоод байгаа зүйл байхгүй.
Ардчилал гэдэг үгний утга, агуулгыг ойлгож байгаа хүн Монголд хэд байдаг гэдгийг ний нуугүй хэлэхэд сайн мэдэхгүй байна.
Социал демократ ардчилал мөн үү гэвэл мөн. Төвлөрсөн удирдах ардчилсан зарчимтай коммунизм ч ялгаагүй. Фашизм хүртэл өөрийн ардчилалтай байсан. Консерватизм, либерализмд ардчилал бий. Энэ бүгдэд ардчилал байдаг юм бол ардчилал гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэдгийг ялгаж салган ойлгох ёстой. Ардчилал хамгийн сонгодог утгаараа Афин гэдэг хот улсад л байсан. Ардчиллын үр шимийг бүх хүн биш зөвхөн энэ хотыг иргэд эдэлдэг байв. Хотын иргэд л олонхоороо асуудлыг шийддэг байсан болохоос бусад нь хүн сүрэг буюу боолууд байсан. Улмаар түүхэн хөгжлийн явцад хаан, тиран, дарангуйлагчид гарч ирсэн. Хаант засаглал удмаараа эрх мэдлээ залгамжлаад явдаг бол цусан төрлийн холбоогүй тиранууд эрх мэдлийн төлөө дайтаж эхэлсэн. Харин эрх мэдэлд хүрсэн дарангуйлагч нарыг, үе дамжсан хаант засгийг унагаахын тулд либералууд, ардчилагчид бүгд нэгдэж тэмцсэн. Тэмцээд ялсныхаа дараа ашиг сонирхлын улмаас хоёр тийшээ салаад явчихдаг. Либерал нь илүү хүний эрх чөлөөг онцолдог бол ардчилал нь олонхийн засаглалд илүү ач холбогдол өгдөг. Энэ бүхэн явсаар байгаад 21 дүгээр зуунд ямар хэлбэрээр, яаж илэрч байна, Монголд чухам аль нь байна, аль нь байхгүй байгааг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна аа.
АН нэг том алдаа гаргасан. Тэр нь ардчилалдаа маш бага хөрөнгө оруулалт хийсэн. Ардчилал бол АН-ын өмч, эсвэл АН-ын үйл хэрэг биш. 1990 онд Монгол Улсын иргэн бүр төр засаг нь зөв байгаасай, авилга, хээл хахууль байхгүй болоосой, шударга хүмүүсээ гаргаж ирдэг механизм ажилладаг болоосой гээд ардчиллын төлөө тэмцсэн. Гэтэл явсаар байгаад үүнийг АН-ын хэдэн дарга нарын өмч мэтээр ойлгуулсан. Үнэн хэрэг дээрээ тийм биш шүү дээ. 2000 оноос хойш ардчиллаа бэхжүүлэх, хөгжүүлэх, хамгаалах чиглэлд АН маш сул ажиллаж, ардчилалдаа маш бага хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бидний хамгийн том алдаа байсан. Үр дүнд нь хүмүүс ардчиллын мөн чанарыг одоо хүртэл ялгаж салган ойлгохгүй байна. Энэ алдааг хийсэн шалтгаан юу байв аа гэж би их боддог. Тухайн үед бид иргэдээ маш өндөр боловсролтой гэж ойлгодог байсан. НҮБ-ээс шагнал авсан, нийт ард иргэдээ 100% бичиг үсэгтэй болгож чадсан гээд их бахархдаг. Эдгээр иргэд маань мэдлэг боловсролтой, хаана зөв, хаана буруу байгааг наанатай цаанатай тунгааж мэднэ, улмаар ухаалаг шийдвэр гаргаж чадна гэж би хувьдаа боддог байсан. Бичиг үсэггүй Африкийн орнуудын хажууд өөр байж, рационал буюу зохистой шийдвэр гаргаж чадна гэдэг итгэл байсан. Ийм учраас ардчиллын талаар ярих, ач холбогдлыг нь тайлбарлах шаардлагагүй, бичиг үсэгт тайлагдсан эдгээр иргэд маань энэ бүхнийг мэдэх ёстой гэж би хувьдаа боддог байв.
Өнөөдөр эргээд харахад бас ч гэж тийм зохистой сэтгэлгээгээр асуудалд ханддаг хүмүүс бид биш юм байна. Голдуу иррационал буюу эмоци, сэтгэл хөдлөл дээрээ суурилан шийдвэр гаргадаг, өөрсдийгөө боловсруулах, хөгжүүлэх, иргэний үүргээ гүйцэтгэх үүргээ үндсэндээ хаячихдаг талтай. Иймээс хэн нэгэн гарч ирээд сэтгэлийг нь хөдөлгөж чадвал лайк дараад, баярлаад дагаад гүйчихдэг нөхдүүд юм байна л даа. Ийм орчилд хэн олон лайк даруулж чадсан нь л хамгийн олон санал авна. Санал авахдаа мөнгөөр худалдаж авч байна уу, хүнсний талоноор солилцож байна уу, амлалт өгч байна уу эсэх нь техникийн асуудал. Тэрнээс илүүг чамд өгнө гэдэг популист амлалтын уралдаан гэсэн үг.
Ийм ард иргэдтэй юм бол танин мэдэхүйн шинж чанартай ажлууд, оюуны хөрөнгө оруулалтыг маш ихээр хийх ёстой. Гэхдээ энэ бол нийт ажлын 10-20% болно. Үлдсэн 80-90% нь ердөө эдийн засгийн өсөлт. Би үүнд маш итгэлтэй байна. Эдийн засгаа өсгөж, хүмүүсийн амьжиргааны төвшинг эрс дээшлүүлж байж ардчилал бодит утгаараа хэрэгжинэ. Талхны мөнгөгүй, орон байргүй, гутал авч өмсөж чадахгүй байгаа, нэг намаас нэр дэвшээд дараа нь намаа сольж нэр хүндээ худалдаж буй, бие үнэлээд явж байгаа бүх хүмүүсийг эдийн засгийн хараат байдлаас гаргах ёстой. Эдийн засгийг орчин үеийн төвшинд гаргаж, хүмүүсийн авч буй цалин нь ахуйн асуудлаа бүрэн шийддэг, жижиг сажиг зүйлд санаа зовохооргүй орлоготой болсон цагт ардчилал биежинэ. Уг нь АН саяны сонгуулиар иймэрхүү зүйлс ярьсан ч хэн ч тоосонгүй л дээ.
Сонирхолтой бас өгөөжтэй ярилцлага хийсэн танд баярлалаа!
Ярилцлагыг видео хэлбэрээр эндээс хүлээн авч үзнэ үү.