Наадмаар барилдах бөхчүүдийг долдугаар сарын 8-аас эхлэн бүртгэнэ
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсч, салбар хороодын ажлын явцтай танилцлаа. Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгааг салбар хорооны дарга нар танилцууллаа.
Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж, 1000 гаруй сур харваачид, 80 багийн 800 гаруй шагайн харваач цэц мэргэнээ сорино.
Зургаан насны болон эрлийз морьдын уралдаан болно. Барилдах бөхчүүдийг энэ сарын 8-10-нд бүртгэж эхлэх юм байна.
Салбар хороодын дарга нар төлөвлөсөн ажлаа сайтар нягталж, наадмын арга хэмжээ болох байр талбайн тохижилтын ажлыг чанартай хийж дуусгахыг үүрэг болгоод энэ сарын 5-нд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн байр, морь барианы газартай танилцаж, хүлээж авна гэжМонгол Улсын Шадар сайд, тус хорооны дарга Ц.Оюунбаатар хэллээ.
Хурдан морины уралдааны цагийн хуваарь, уралдааны зайг тогтоон, хөтөлбөрийг уяач, наадамчдад танилцуулах, уралдааны цагийн хуваарийг баримтлах,унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гуталтай уралдуулна гэдгийг одооноос сайн сурталчилж, ийм хамгаалалтгүй тохиолдолд уралдуулахгүй байх нь зүйтэй гэж тэрээр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.