Х.Хоснаран: Тийм ээ, би гудамжны зураач

Б.Болор-Эрдэнэ
2020-03-18 01:38

Хоёр цаг уулзахаар төлөвлөж очоод бүтэн өдөржин шахуу дагаж, ажлын уулзалтад нь ч орж стрийт артистын ажлын нэг өдөртэй танилцав. Ингэж яваад дуулсан сайхан мэдээ нь энэ жилийн “Playtime” хөгжмийн наадам Хүрэлбаатарын Хоснаран (Heesco) тэргүүтэй Монголын болоод дэлхийн стрийт артистуудын өнгө, будаг, мэдрэмжээр баяжих нь ээ.

Хүрэлбаатарын Хоснаран (Heesco) нь гудамж, талбай, барилга байшингийн хана зэрэг олон нийтийн болон хувийн өмчит газруудад уран бүтээлээ туурвидаг юм. Монголд 23 дугаар сургууль, Австрали улсад Сиднейн Урлагийн Коллежийг төгссөнөөс хойш бие даасан, хамтарсан 30 гаруй үзэсгэлэн гаргажээ.

Уран бүтээлчийн мөнхрөх хүслийн тухай ярья л даа. Уран бүтээлчид бүтээлээрээ мөнхрөх буюу бүтээл нь “мөнхийн” байхын хүлээсэнд амьдардаг мэт санагддаг. Гэтэл та стрийт артист буюу монголоор гудамжны зураач. Хүслээс тань үл шалтгаалж хэсэг хугацааны дараа таны бүтээл арилна, устана?

Миний сонгосон зам бол гудамжны зураач. Цаг хугацааны эрхээр миний бүтээл арилна. Тиймээс аль эрт мөнхрөх хүслээс чөлөөлөгдчихсөн. Мөнхрөх хүсэлгүй юм чинь “төгс байх”-ын зовлонгоос салсан.  Арай залуудаа хамгийн төгс бүтээл хийх гэж зовдог байлаа. Бага багаар үүнээсээ ангижирсан.

Гадаа зурна гэдэг нь цаг хугацаатай уралддаг ажил. Давчуу хугацаанд амжиж зурахын төлөө хурдтай ажиллаж сурсан. Эргээд тэр зураг хэдэн сар, хэдэн жилийн дараа устана. Тиймээс маш сайн баримтжуулдаг. Фото зурган дээр л үлддэг учраас. Сонгосон зам минь учраас хэвийн. 

Үүнээс гадна ойшоох, үл ойшоогдох асуудал байна л даа. Стрийт артистуудыг өөр төрлийн зураачид үл ойшоох хандлага гаргах юм уу?

Стрийт артыг гудамжны пацаанууд, өсвөр насныхны хийдэг ажил гэцгээдэг. Ингэж үүссэн нь үнэн. Гэхдээ тэр чинь хөгжиж явсаар одооны түвшинд хүрчихсэн байна. Би ч сургуулийнхаа сандал, ширээ, хананд “Heesco” гэж бичдэг хүүхэд байлаа.  Одоо ч ханан дээр зургаа зураад л явж байна. Би дотроо хүүхдээрээ, залуугаараа. Хөгшрөхөд яарах юм алга. Чухал, сериоз болох гэж хичээхийн хэрэг алга.

Үл ойшоох тухайд бол зургаа л харуулдаг даа. Тийм ээ, би гудамжны зураач. Гэхдээ та зургийг минь хар даа.

Гудамжны зураачид дандаа том талбайд зурдаг. Том талбайд ямар аргачлалаар зурдаг юм? Ерөнхийгөөс нэгж рүү, эсвэл нэгжээс ерөнхий рүү зурдаг юм уу?

Ханан дээр зурахаасаа өмнө фотошоп программд зурж, түүнийгээ коллаж маягаар байрлуулчихаад, тэр дагуу хэсэг хэсгээр нь зурдаг. Энэ нь ажлын төлөвлөгөөнөөс гадна ялангуяа захиалагчдад “ингэж харагдах юм шүү” гэж төсөөлөл өгөх зорилготой. Тэгэхээр ерөнхийгөөр ч харна, түүнийг нэгж рүү ч буулгаж харна гэсэн үг.

Мэргэжлээс үүдсэн дадал байна аа? Ерөнхий, том зургаар нь харчихаад түүнийгээ нэгж рүү буулгаж буй дадал Энэ амьдрал дээр шилжиж хувийн чадвар болох юм уу?

Магадгүй. Амьдралын төлөвлөгөөг бүтэн жилээр  нь төлөвлөж, үүнийгээ дараа сар, долоо хоногоор  ангилна. Төлөвлөгөөг урьдчилж гаргадаг. Төлөвлөгөөгүй бол юу ч бүтэхгүй. Нөгөө талаар уран бүтээлч хүнд бүх зүйлд нээлттэй хандаж, бүх хүнийг хүлээн авах, зөвшөөрөх чадвар хэрэгтэй. Энэ бол зайлшгүй шаардлага. Ерөнхий харах гэдгийн нэг утга нь энэ. Тухайн хүний “энэ л зөв” гэх дүгнэлт, хандлага минийхтэй зөрж болно. Тэр зөрүү нь надтай зөрөх, муудалцах зорилгогүй байж таарна. Түүний туулсан амьдралын нөхцөл, байдал л тэр дүгнэлтэд хүргэсэн.  Жишээ нь гей хүмүүсийг ойлгож, байгаагаар нь хүлээн зөвшөөрснөөрөө би тэр ойлголтоор баяжина. Ердөө илүүдэхгүй. Туршлага ч сууна. Эргээд энэ уран бүтээлд тань тус болно. Нэг уран бүтээл хийхдээ гей хүмүүс үүнийг яаж хүлээж авах бол? гэдэг өнцгийг хүртэл бодолцож үзэж сурна.

Том зургаар харж ажилладаг хүмүүс бүх зүйлийг хянах “өвчтэй” болчихдог санагддаг. Та тийм үү?

Магадгүй. Ерөнхийдөө “хянах” гэдгийг  ажилдаа л гаргахыг хичээдэг. “Хийвэл бүү ай. Хийхдээ хийсэн шиг хийе” гэж. Уран бүтээлчид өөрөө өөрийгөө хариуцдаг. Өөрийгөө хариуцах гэдэг нэг талаар аюултай. Намайг загнах, надад тушаах дарга байхгүй гэж ялхайгаад хэвтээд байж болно. Гэтэл өөрийгөө хариуцаж байна гэдэг чинь өөрөө том хариуцлага. Тиймээс ажиллах цагтаа яс ажиллах ёстой. Уран бүтээлч хүн гэхээр өдөржин унтаж, шөнөжин ажилладаг эсвэл байнга ууж иддэг гэсэн тогтсон дүр зураг байдаг. Гэтэл ийм байх ёсгүй. би л гэхэд өглөө эрт босч, өдөр нь ажлын цагтаа багтаан ажиллаж, орой нь хүүхдээ цэцэрлэг, сургуулиас авч хариад хоол хийж өгөх зэргээр ердийн, бусад шиг хэмнэлтэй амьдардаг.

Зураач хүн “зурах дуртай байна” гэдэг бол давуу тал. Дуртай зүйлээ, таашаалтай хийж үр дүнд нь хоолоо олж амьдрана гэдэг гоё. Тиймээс энэ давуу талдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Бүх уран бүтээлдээ, захиалгат зургандаа ч маш хариуцлагатай ханддаг. Тэр захиалагч мэргэжлийн уран бүтээлчид хандсаны үр дүнг би нотлон харуулах ёстой. “Аан, ийм учраас мэргэжлийн зураач гэдэг юм байна” гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр хичээдэг. Уран бүтээлчийн гол зүйл нь нэр. Энэ нэрийг бүтээлээрээ, биеэ авч буй байдлаараа бий болгоно. Мэргэжлийн байна гэдгийн утга тэр. Ингэхээр би таны хэлсэн “хяналт” гэдгийг уран бүтээлдээ, өөртөө хариуцлагатай байхад л гаргадаг даа.

"Мэргэжлийн байх" гэдэгтэй холбож асууя. Та зөвхөн таашаал авч, үзэгчийн нүдээр л зураг харж чаддаг уу?  Мэргэжлийн болох тусмаа л ажиллагааг л их хардаг болдог санагддаг?

Галлерей орохоор толгой байнга ажиллана. Ялангуяа мастеруудын зургийг харахаар шууд л анализ хийж эхэлдэг. Тиймээс ойр ойрхон орох дургүй. Гэртээ хүртэл зураг огт өлгөдөггүй байлаа. Цулгуй хана харах сайхан шүү дээ (инээв). Тэнд зураг байх л юм бол толгой ажиллаж эхэлнэ. Сүүлийн үед, хүүхэд томрох тусам харин зураг өлгөх болсон. Хүүхдүүд маань зураг харж өсөг, би ийм аминчхан байж болохгүй гээд. Өөрийнхөө зурагнаас хүртэл тавьсан. (инээв)

Би таны бүтээлийг хараад л “Энэ Хискогийнх байна” гэж шууд танидаг.  Таамаглахад өнгөний сонголт, зураасны бичилтээр л таниад байгаа бололтой. Таныхаар юу тань ингэж танигдуулаад байгаа юм бол? Ажиллагаа юм уу? Уур амьсгал юм уу? Хэрхэн бүтээл зураачийнхаа гарын үсэг, нэрийн хуудас болох хэмжээнд хүрдэг юм бол?

Стрийт артистууд шүршдэг будгаар ажилладаг. Шүршдэг будгаар зурна гэхээр бүх биеэрээ зурна гэсэн үг. Зөвхөн гарын хөдөлгөөн ч биш бүтэн биеийн хөдөлгөөнөөр зурдаг. Стрийт артист бүр өөрийн гэсэн хөдөлгөөн, аргачлалтай болдог. Тэрэнгээрээ танигддаг байж магад. Үүн дээр нэмэгдээд мэдээж зургийн стил, хэв маягаар бусдаас ялгарах байх. .

Шүршдэг будаг хурдан. Зогсоод, нэг бүрчлэн хянаад байх боломжгүй. Огцом зогсвол будаг урсана. Хурдан цацагдаж, хурдан өнгө нь гардаг учраас түүнд тааруулж байнга хурдан хөдлөх ёстой. Зарим тохиолдолд бодохоосоо ч өмнө зурах тохиолдол байдаг. Бодож амжаагүй гээд муухай гарахгүй. Зурж буйгаа ажиглахаар мөрнөөс гар хүртэл хөдөлгөөний тойрог маань энэ. (Үзүүлэв.) Энэ хурдтай давтамжаар гарын булчингууд ажиллаад сурчихсан учраас тэр.

“Өөрийгөө давтах” гэх ойлголт зураачийн хувьд ямар утгатай юм? Бүтээл нь зураачийн гарын үсэг, нэрийн хуудас болох хэмжээнд хүрнэ гэдэг нь нэг талаар “давталт”-ын үр дүн үү? Өөрийн арга барилаа олох болон өөрийгөө давтахгүй байх хоёрын зааг нь хаанаа юм бэ?

Наадах чинь миний их боддог сэдэв. Нэг талаар дандаа өөрийгөө давтана гэдэг түүгээрээ хүнд танигдах арга байж мэднэ. Өөрсдийгөө яг тогтсон зүйлдээ л ганц зоочихдог уран бүтээлчид байдаг.. Кареерынх нь замналыг харахаар ганц л сэдвээр дагнаж, өөрчлөгдлөө гэхэд аажимдаа бага багаар өөрчлөгдөж байж дараагийн сэдвээ олсон байх жишээтэй. Нэг зүйлээ л давтаад, тэр дотроо жижигхэн зүйл л өөрчилж тоглоод байгаа юм шиг санагддаг.

Харин би хэзээ ч ингэж чаддаггүй. Хувь хүний характертай холбоотой байж магад. Энэ удаа амьтны сэдэвтэй зүйл зурлаа гэхэд дараагийн бүтээл дээрээ түүнээсээ уйдчихсан байдаг. Шал өөр, эсрэг зүйл л зурахыг хүсдэг. Өөрийгөө ямар нэг стилтэй болгож харуулах гээд байдаггүй. Энийг маань зарим найзууд шүүмжилдэг. Ерөөсөө нэг зүйл дээрээ тогтохгүй, дандаа өөрчилдөг гэж. Тэглээ гээд би өөрийгөө хүчлэх хэцүү. Хийсэн зүйлээ давтах, чаддагаа л дахин дахин чадах уйтгартай.

 

Х.Хоснаран: Би гудамжны зургаар дамжуулж нийгэмд эерэг энерги түгээнэ

За сэдвийн тухайд ийм байж. Тэгвэл ажиллагаа, техник талын өөрийгөө давтах өөрөөр нэрлэвэл ажиллагааны хэв маяг яаж үүсдэг юм? Тэртэй тэргүй сэдэв өөр ч ажиллагаагаар тань таниад байна?

Наадах чинь явцын дунд шалгарсаар тогтдог зүйл. Олон дахин ажилласаар бий болдог. Тэрнээс бодож, тунгаасны ихээр стил үүсэхгүй. Зогсоо зайгүй, шаргуу зурж байж, тэр давтамжаас стил үүсдэг. Дунд нь зогсвол толгой ч, бие махбодь ч залхуурч эхэлдэг. Завгүй байх тусмаа л энерги, санаа, сэдэв орж ирдэг. Явц, процессын дундаас л стил үүсдэг. Энэ ч утгаар би "онгод орох" гэж үгэнд дургүй. Онгод орж ирэхгүй байна гэвэл “юун жаргасан юм бэ?” гэж боддог (инээв).

Тодруулбал?

Уран санаа, мэдрэмж төрсөн үеийг онгод гэж  нэрлээд байх шиг. Гэвч “онгод орох” гэж ойлголт байхгүй.  Хөгжмөө тавь л даа, номоо унш л даа, орчноо бэлд л дээ, хөдөлмөрлө л дөө, Тэгж байхад тэр уран санаа орж ирнэ шдээ. Байнга л үзэж, сонсож, уншиж, бодож эргэцүүлж л санаа орж ирнэ. Тэрнийгээ хөгжүүлж хөдөлмөрлөж байж л бүтээл төрнө.

Санаа гарч ирүүт бичээд ав. Дараа нь санаа олдохгүй үед тэр жагсаалтаа харж ажилла. Их сургуульд сурсан зүйл минь энэ. Судалгаа бол урлагийн сургуульд сурсан хүн бүрийн давдаг л даваа.

Зурах арга барилаа өөрчлөх гэж оролдсон удаа бий юу? Ер нь уран бүтээлчийн гацалт, мухардалд орж байв уу?

Багаасаа комикс сонирхож, эдэн шиг л зурдаг хүн болъё гэж хүсч мөрөөдсөн. 1990-ээд оны миний өссөн монголын нийгэм бүүдгэр, бараан, гунигтай байлаа. Гэтэл комиксын супер баатрууд, солонгорсон тод өнгө үнэхэр өөр, гоё. Ингээд комик зураач болохоор  зурсаар бараг донтсон. Үр дүнд нь тохойны булчин зангирч гэмтсэн. Теннис тохой гэдэг нэршилтэй гэмтэл л дээ. Зурах байтугай шүдээ угаахад ч гар өвдөж байсан. Тиймээс  арга барилаа өөрчлөх шаардлагатай болсон. Тэр үеэс л бийр, будаг, дараа нь шүршдэг будгаар ажиллаж эхэлсэн дээ.

“Зурж чадахаа больчихлоо” гэж гутарч мухардав уу?

Тийм. Гэхдээ багын л метал, панк рок нөхөр учраас бас ч гэж гайгүй. Хөгжим ч бай, зураг ч бай урлагийн бүх төрөл хүний дотоод сэтгэлээ илэрхийлэх суваг. Сэтгэл зүйн хувьд урлагийн хүмүүс доторхоо бүтээлээрээ гадагшлуулж чаддаг. улс Энэ проецсс сэтгэлийн тэнхээ суулгадаг.  “Ок, өвдчихлөө. Өөр аргаар зурахаас өөр яах юм?” гэхээс биш зургаа бүр мөсөн хаяхгүй. Явж явж метал рок хөгжим бол хүнийг цэнэглэдэг урлаг. Өнгөц харахад муухай зүйл орилоод байгаа мэт хэрнээ цаанаа “чи чадна шүү дээ” гэж цэнэглэдэг.

Ингэхэд метал рок сонсдоггүй байсан бол стрийт артист болох байсан болов уу?

Хариулж мэдэхгүй юм. Миний  хувьд хөгжим өдөр тутмын маш чухал хэсэг. Хөгжим сонсохгүй удвал дотроос нэг зүйл чангаагаад эхэлдэг. Бас зураг зурахгүй удаан явбал цаанаасаа бухимддаг.

Стрийт арт бол хурдны урлаг гэнэ. Энэ хурдны урлагийг сонгодог юм уу, софт рок хөгжим сонсоод үйлдэж болох уу? Пинкфлоуд ч юм уу?

Бололгүй яахав. Зөвхөн Пинкфлоудын «Wish you were here» цомог сонсож байгаад  мэдрэмжээ зурсан удаа ч бий. Хүүхэд байхад намайг унтуулахдаа Битлз, Пинклоудыг пянзаар сонсгоод унтуулдаг байж л дээ. Тэрнээс болдог уу, Пинкфлоуд сонсохоор маш танил, дотны, холбоотой хөгжим мэт санагддаг.

Нийгэмд үнэт зүйл, үзэл санааны хувьсгал болдог шиг уран бүтээлчийнхээ хувьд дотоод хувьсгал болсон уу? Ийм хувьсгал нэг болдог уу? Нэлээн хэд болдог уу?

Анх 1993-1994 оны хавьцаа гэр бүлийнхэнтэйгээ Польшид очсон юм..Тэнд л анх комиктой танилцсан. Хүний амьдралд маш хүчтэй нөлөө үзүүлсэн, сэтгэхүйн хувьсгал болсон мөч байдаг. Миний тэр мөч бол комиктой танилцсан нь. Өмнө хэлсэн дээ. Тэр үеийн манай нийгэм, амьдрал бараан, бүүдгэр байв. Польшоос буцаж нутагтаа ирэхэд эргээд л өнөөх саарал орчин угтсан.  Тэр үеийн зургуудаа харахад мангас,  эсрэг дүр их дүрсэлсэн сөрөг байдаг юм. Энэ үеийн комик зурахаас гадна металл хөгжим сонсож даван туулсан. Одоо харахад тэр үед хөгжим, зургаар уураа гадагшлуулж байсан санагддаг.

Хорин настайдаа Австралид ирээд эхний гурван жил цэвэр өөртэйгээ туллаа. Бясалгалын үе байсан юм уу даа. Өөрийгөө “би ийм хүн шүү дээ” гэж таниснаар тайвширсан. Арай эерэг, тайван орчинд очоод харахад би тийм ууртай хүн биш байсан. Ингээд Урлагийн сургуульд суралцсан нь маш том нөлөө үзүүлсэн дээ. Хэдий гадаад оюутны хатуухан амьдралд орсон ч хэдийнээ өмнө нь тайвширсан учраас сэтгэлийн тэнхээ дүүрэн. Сургалтын төлбөр, амьдрах мөнгөгүй шахуу, бараг л бэлэн гоймонгоос өөр зүйл идэх боломжгүй үе зөндөө тулгарсан ч давж чадсан. “Би урлагийн хүн болно” гэх зорилгоор л хичээсэн. Тэр үед сурсан, мэдэрсэн, давж гарсан бүхэн минь даацтай, бат бөх үндэс болж дараагийн бүх амжилт үүн дээр суурилж бий болсон.

Хонгилын үзүүр дэх гэрэл нь юу байсан юм? Юунд итгэж найдаж урагшилсан юм?

Урлаг. Би гадаадад сурах боломжтой болсон эхний үеийн төлөөлөл. Ихэнх нь эдийн засаг, олон улсын харилцаа, хуулиар суралцахаар явж байсан. Би тэс хөндлөн зургаар явна аа гээд л хил давсан даа. Би өөртэйгээ эрт эвлэрсэн.  Би зураач хийх л хувь тавилантай хүн гэж. Хэнд ч харьяалагдахгүй, хар толгойгоо өөрөө мэдэж, өөрийнхөө хийж бүтээж амьдрах боломж энэ . “Уран бүтээлч байх” гэдэг амьдралын төлөө би арван хэдэн жил хүнд хэцүүг туулж хичээсэн. Хялбархан амьдраагүй. Энэ бол миний замнал.

Уран бүтээлд нөлөөлдөг орчны нөлөөлөл ярья л даа. Тухайлбал, хүмүүсийн шүүмж, цаг агаар, нийгмийн нөхцөл байдал зэрэг? Төвлөрч, ганцаараа зурна гэсэн тансаглал байхгүй гудамжинд зурдаг гэхээр?

Гадаа зурах таашаалтай ажил. Тухайн гудамжны амьдралын нэг хэсэг болчихдог. Нэг ханан дээр зурахын тулд дөрвөөс таван өдөр боллоо гэхэд тэр хавийнхныг таньдаг болчихдог. Гудамжаар явж буй хүн бүр чиний ажлын үзэгч, зөвлөгч, шүүмжлэгч болчихно гэхээр сонирхолтой, амьд халуун ажил.

Нийгмийн нөлөөллийн тухайд харьцангуй л дээ. Зургандаа нийгэм, улс төрийн нөхцлийг тусгахаас гадна зургаараа дамжуулж тэр бүхэнд нөлөөлж болно. Стрийт артаар дамжуулж нийгэмд эерэг энерги, мессэж түгээнэ гэх санаагаар болон уран бүтээлчийн нийгмийн хариуцлагын үүднээс ажиллаж эхэлсэн. Австралид очсоноос хойших арван хэдэн жил ердөө тэмцэл байсан. Нөхцөл байдал сайжирч эхэлснээр цагаа нийгмийн ажилд зарцуулах боломжтой боллоо. Австралид сайн сайхан орчинд амьдарч байгаа ч цаанаа гэмшил тээгээд явж байна. “Эх оронд минь хүүхдүүд утаанд хордож байна. Хүүхдүүд зовж байна” гэх зэрэг гэмшил. Одоо би юу хийж чадах вэ? Үүний эсрэг яаж тэмцэх вэ? Миний хийж чадах зүйл бол зураг. Урлагаар дамжуулж л, энэ хоёр гараараа л тэмцэнэ.  Жишээ дурдахад гэр хорооллын худгуудын ханыг чимэх “Солонгон бүрхүүл” аян, Ид шидийн орон, Лантуун дохио гээд л оролцсон. Урлагийн сайхан нь хүнийг өөрчилж чаддаг. Урлагаар дамжуулж эерэгээр дохио өгч болдог.

 “Өөрийн гэсэн өрөө” уран бүтээлд хэр чухал вэ?

Урланг хоёр янзаар ашиглана. Нэгт уран бүтээлээ хийнэ, хоёрт урландаа хүнтэй танилцана, харилцаа холбоогоо тэлнэ. Уран бүтээлчидтэй урлан дээр нь л очиж танилцана. Санаа оноогоо хуваалцана, нэгэндээ заана, нэгнээсээ сурна.

Урлангүй ч, урлантай ч байж үзсэн. Мэдээж хэрэг урлантай байх маш чухал. Хүн болгонд, тэр бүр олддог орон зай биш учраас өөртөө сахилга баттай байж, олдсон боломжоо сайн ашиглахыг хичээдэг дээ. Дундын урлан түрээсэлдэг байхдаа олон хүний дунд, чимээтэй орчинд өөрийгөө орчноос тасалж уран бүтээлээ хийж сурсан. Том чихэвч гаргаж зүүгээд, хөгжмөө сонсоод, зургаа зураад сууна. Эргэн тойрны хүмүүс ч дасч эхэлнэ. Энэ хүнд саад болж болохгүйг мэддэг болно.

Уран бүтээлч байх гэж ямар байхыг хэлдэг юм бэ? Нэг л тэнгэрлэг улс байдаг шиг?

Уран бүтээлч хүн өөрийгөө тэр дээр тавих хэрэггүй. Би билэг танхай, онгод авьяастай хүн гэдэг ч юм уу. Мэргэжлийн зураач байна гэдэг өдөр бүр хөдөлмөрлөж байхын нэр. Тамирчин хүн байгалиас заяасан авьяастай байлаа гээд бэлтгэл сургуулилт хийхгүй бол жил ирэх тусам амжилт нь уруудна. Хажууд нь дасгал сургуулиалт хийсэн хүний амжилт жилээс жилд ахина. Уран бүтээлч хүн тамирчинтай л ижил. Нэгдүгээрт зурна гэдэг бол биеийн ажил учраас гараа дасгаж, ажиллуулж байх ёстой. Хоёрдугаарт сэтгэлгээний ажил тул оюун санаагаа байнга ажиллуулах ёстой. “Гоё санаа орж ирээсэй” гээд дээш хараад хэвтвэл орж ирэхгүй. Гоё санаа чинь ямарваа нэг зүйлийг хийж байхад л орж ирнэ. Энийг хийж байхад тэрний тухай санаа орж ирнэ. Тэрнийг хийж байхад энэний санаа орж ирнэ.

Зарим уран бүтээлчид хүний эсвэл захиалгат ажил дээр яс суудаг хэрнээ өөрийн бүтээл дээрээ суудаггүй. Ажил гэж харахгүй байгаа учраас тэр. Идэвхитэй ар, араас нь хийж байгаа тохиолдолд, тэрнээсээ кайф авч байгаа үед зураг улам л сайжирна. Зураг их зурлаа гээд муухай зурдаг л болохгүй. Мэргэжлийн зураач болъё гэвэл хөдөлмөрлөнө л гэсэн үг.

Зургаа зурахдаа ямар бэлтгэл хийдэг вэ? Ер нь том уран бүтээлийн өмнө зураач өөрийгөө бэлддэг үү?

Бэлдэнэ ээ. Зургаа зурах орчноо бий болгоно. Цагаа зохицуулж, хөгжмөө урьдчилж сонгож, хөргөгчиндөө хүнсээ бэлэн байлгана. Зурахад саад болох бүх зүйлсийг урьдчилж төлөвлөж үгүй болгоно гэсэн үг л дээ. Урлан дээрээ очихоороо үр бүтээлтэй баймаар байна. Үндсэн ажил маань энэ шүү дээ. Зарим тохиолдолд эсрэгээрээ өөрт тухгүй нөхцөл үүсгэж бэлдэнэ. Сандал, буйдан тавьчихвал очиж амарч тухлаад зургаа завсарлачих учраас нэг ч сандал тавихгүй жишээний. Эсвэл будгаа гарын дор биш хол зайнд байрлуулна. Авахаар очихдоо зургаа холоос харна, бодно гэх зэргээр.

За, хөнгөн сэдэв рүү оръё. Эрэгтэй хүнтэй уулзсаных хувцаслалт, үс зүс, загвар донж ярьж үзмээр байна. Та одоо урт үс, юүдэнтэй хар цамц, комик зурагтай футволктай сууж байна.  Ер нь эрчүүд юу илэрхийлж урт үстэй байдаг юм бол? Таны үс юу бэлгэддэг юм? Эрэгтэй хүн хүйст тавьдаг нийгмийн стандартыг эвдэх гэхээрээ үсээ ургуулдаг юм уу?

Хамгийн энгийндээ бол арчлахад амар л даа. Байнга үсчин орох шаардлагагүй. (инээв) Үнэндээ бол метал хөгжим сонсдогийн нөлөө, бусдаас ялгарах хэв маяг төдийгүй “нийгмийн гадуурх этгээд” гэдгээ илэрхийлж буй хэлбэр байж магад. Үсээ ургуулах эрх чөлөөтэй ажил эрхэлж байна. Намайг харахад л урлагийн хүн гэдэг тодорхой. Миний эрх чөлөөний илэрхийлэл.

Харин хувцаслалт тань?

Хувцсанд нэг их ач холбогдол өгдөггүй. Бүх биеэрээ зурдаг, будагтай ажилладаг учраас биед амар хувцаслана. Өдөржин зогсож, алхдаг учраас хөлд эвтэйхэн гутал сонгоно. Гэхдээ мэдээж юу таарсанаа өмсөхгүй л дээ. Хар өнгө, малгайтай цамц, гоё зурагтай футболка, эвтэйхэн өмд, метал рок маягийн гутал. Футболка надад чухал л даа. Найз нарынхаа бүтээл, дуртай хамтлагийнхаа зураг, өвөрмөц гоё зурагтай футболканд дуртай. Өөрийгөө футболкаараа илэрхийлдэг.

Та монгол хүн. Гэхдээ гадаадад олон жил амьдарч байна. Нутагтаа монгол хүн, монголоо боддог хүн, тэндээ тэр орны хүн гэдгээ нотлохын зөрчилд ордог уу?

Монголд хорин жил, Австралид хорин жил амьдарлаа. Гадаадад удах тусам эх орноо хол зайнаас харж буй учраас асуудал нь тод харагддаг. Угаасаа юмсыг зайнаас харахаар мөн чанар нь илүү тодордог шүү дээ. Монгол бол олон зуун жилийн түүхтэй улс. Дээр нь хоёр том улсын дунд тусгаар тогтносон хэвээрээ. Энэ бахархал мөн. Ийм түүхтэйн хажуугаар орчин үеийн түгээмэл болсон үнэт зүйл, хөгжил дэвшил цөм монголчуудад бий.  Би өөрийгөө одоогийн, орчин цагийн монгол хүмүүстэй илүү ойрхон гэж боддог. Тэрнээс биш түүхэн монголтой тийм дотно, адилхан биш.  Хэдий би гадаадад амьдардаг ч уран бүтээлээрээ монголоо бодож байна.

Австрали бол угаасаа цагаачдын улс учраас гайгүй. Австралид, австралийн соёл дунд “би монгол хүн” гэдэг нь онцгой. Заримдаа энд монгол чанар минь давуу тал. Граффити тойрог бол эрчүүдийн ертөнц. Энэ ертөнцөд монгол хүн учраас хэл амаа хурдан ойлголцчихдог. тал бий.

Монгол хүн байх тухай ярихаар заавал түүхтэйгээ холбодог юм? Яагаад одоо байгаа энэ монгол хүний талаар сонирхдоггүй юм бол?

Бид тэр сүүдрээс хэзээ ч салж чадахгүй.. Монголчууд Чингис гэдэг том  зүйлийн сүүдрээс хэзээ ч салахгүй. Бидний түүх бахархам. Бид энэ бахархлаас хэзээ ч салж чадахгүй. Гэхдээ энэ түүхээс зөвхөн манайхан л мэддэг, дэлхийд таниулах ёстой нарийн зүйлс байдаг. Тэр хэсгийг уран бүтээлээрээ таниулах хариуцлага надад бий. Метал сонсдог, гудамжны нэг цагаач нөхөр энд түүхээрээ, үндэс угсаараа ялгарч байна. Ингэхийн хамт тэр түүхээ өөрийнхөө буй байдлаар батлах хариуцлага ногддог.

 

Ярилцсан: Ч.Бат-Уянга