SYNDICATE TALK EXCLUSIVE: Нийгмийн сэтгэл зүй

Б.Болор-Эрдэнэ
1 сарын өмнө

Синдикат ярилцлага – Эксклюсив шинэ дугаар танд хүрч байна. Долоо дахь дугаараар “Нийгмийн сэтгэл зүй” гээд хүнд боловч сонирхолтой сэдвийг хөндөж, судлаач Ц.Батсугартай ярилцлаа. Монголд хэн хамгийн аз жаргалтай, хэн хамгийн аз жаргалгүй нь вэ? Нийгмээрээ хүлээн зөвшөөрөгдсөн жинхэнэ манлайлагч ер нь байна уу зэрэг асуултанд хариу олохыг хичээв. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.   

В.Ганзориг: Монголд ер нь аз жаргалтай хүн байна уу?

Ц.Батсугар: Энэ асуултад хариулахын тулд нийгмийн сэтгэл зүйн тухай эхлээд ярих ёстой. Хүмүүс хэр их баяртай байна, сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж байна гэдэг талаас харах хэрэгтэй. 2018 онд IRIM судалгааны хүрээлэнгээс “Нийгмийн субъектив сайн сайхан байдлын тухай” судалгаа хийсэн. Энэ судалгаагаар Монголд малчид хамгийн их аз жаргалтай буюу амьдралдаа сэтгэл ханамж өндөр байдаг гэсэн үр дүн гарсан. Үүнийг тухайн хүн өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байгааг илэрхийлж байгаа болохоос малчдын амьдрал амархан, тааламжтай гэж шууд дүгнэж болохгүй. Хувь хүний сэтгэл зүй талаас нь дүгнэвэл ийм дүр зурагтай байна.

Тэгвэл хамгийн аз жаргалгүй нь ямар хүмүүс болж таарч байна?

Малчидтай харьцуулахад хөдөлмөр эрхэлж буй хүмүүс аз жаргал доогуур гэж гардаг. Хамгийн аз жаргалгүй буюу сэтгэл ханамж дундуур байдаг хүмүүс бол тэтгэвэрийн буюу ахмад насныхан болдог. Хөдөө амьдардаг хүмүүс хотын иргэдээс илүү аз жаргалтай байдаг.

Монголын нийгмийн аз жаргалын индекс бүхлээрээ хэд дээр явдаг юм бол?

 Коллектив утгаараа нийгмийн энэ үзүүлэлтийг хэмжсэн судалгаа гараагүй байгаа. Би зөв санаж байгаа бол хувь хүний сайн сайхан байдлын индекс найм байсан. Арваас найм буюу аз жаргалтай талдаа гэсэн үг. Гэхдээ нийгмийн сэтгэл зүй, хувь хүний аз жаргал харилцан холбоотой ч гэсэн хоёр тусдаа ойлголт. Хувь хүн аз жаргалтай байх боловч нийгэмд болж буй асуудлуудад бухимдаж, бас баярлаж болно. Нийгмийн асуудалд гаргаж буй эмоци хувь хүний аз жаргалын нэг хэсэгт тооцогдоно.

Аз жаргалын индекс 10-аас 8 гээд өндөр гарсан атлаа манай иргэд яагаад ийм бухимдалтай байна вэ?

 Өмнө ярьсан зүйл бол хувь хүний амьдралын сэтгэл ханамжийн тухай үзүүлэлт. Харин нийгмийн амьдрал тухайлбал, байгаль орчин, улс төр, эдийн засгийн талаарх сэтгэл ханамжийг асуухаар энэ үзүүлэлт буурдаг. Иргэд эдгээр асуудалд сэтгэл зовж явдаг учраас нийгэмд эмоцио гаргах нь түгээмэл. Энэ үзүүлэлт хөгжиж буй орнуудад ойролцоо байдаг. Амьдралын сэтгэл ханамжаас гадна өдөр тутамдаа мэдэрч байгаа сэтгэл хөдлөл, мэдрэмж маш ялгаатай зүйл. Үүнд хотжилт, стресс, ядаргаа, нийгмийн бусад харилцаанаас үүсдэг асуудлууд нөлөөлдөг. Тусгай хэрэгцээг тодорхойлох судалгаагаар энэ тод харагддаг. Нийгмийн харилцааны буюу сэтгэл зүйн хэрэгцээ, стресс маш их нэмэгдсэн байсан. Үүнийгээ бид хэмжиж бас ойлгож чадахгүй байна. Ийм  учраас үүнд чиглэсэн үйлчилгээ манайд дутмаг хэвээрээ байгаа.

Монгол хүн ганцаараа байхдаа аз жаргалтай талдаа, бусадтай харилцаанд ороод эхлэхээрээ бухимддаг гэж бүдүүн бааргаар ойлгож болох уу?

Би арай өөрөөр тайлбарлана. Өөрийн байгаа байдалдаа сэтгэл ханамжтай байх нь харьцангуй өндөр байдаг. Жишээ нь, би болж байгаа, гэр бүл маань сайхан байна, миний хийж байгаа ажил болж байна гэх мэт. Үүнээс гадна нийгэм маань болохгүй байна, эдийн засаг болохоо байлаа, хэсэг бүлэг хүмүүс, улс төр бүтэхгүй нь гэдэг хандлага илүү байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, миний хувийн орон зай болоод байгаа боловч үүнээс цаашаа асуудалтай байна шүү гэсэн үг. Харин нийгэм буюу коллектив утгаар нь аваад үзвэл гурван хүн тутмын хоёр нь өнөөгийн нийгэм ба ирээдүйн талаар гутранги бодолтой байдаг.

Хувь хүний хөгжил нийгмийн хөгжлийн хурдаас түрүүлж буйгаас иргэдэд ийм бухимдал үүсээд байна уу? Үүний суурь шалтгаан нь юу юм бол?

 Яг энэ суурь асуудал болчихоод байна. Тодорхой хариултыг өнөөдөр хэлж чадахгүй нь. Нэг бол бид хувь хүнийхээ төвшинд хөгжчихөөд, нийгмийн хөгжил биднийг гүйцэхгүй байна. Эсвэл нөгөө талдаа бидний нийгмээсээ хүлээж буй хүлээлт ба хувь хүний үүрэг, хариуцлага хоорондоо зөрж байна гэсэн үг. Энэ хоёрын аль нь вэ гэдгийг одоо шууд дүгнэхэд хэцүү. Ямартаа ч иргэдийн нийгмээсээ хүлээж буй хүлээлт ба бодит байдал хоёрын хооронд маш том зөрүү үүссэн.

Энэ иргэдийн оролцооны асуудал мөн үү? Хувь хувьдаа довоо шарлуулдаг атлаа нийгмийн оролцооны хувьд амиа хичээдэгтэй холбоотой гэж дүгнэж болох уу?

Иргэдийн оролцоо учир дутагдалтай байгааг олон талаас харж болно. Иргэд шаардлагатай үедээ нийгмийн амьдралд оролцдоггүй атлаа асуудал болоод өнгөрсний дараа зөв, буруу байсан гэж шаагилддаг. Нөгөө талдаа угаасаа бид оролцоод оролцоод нөхцөл байдал сайжрахгүй гэдэг гутранги үзэл давамгайлсан. Энэ байдал иргэдийн оролцоог хязгаарлаж, идэвхгүй төлөв байдалд оруулдаг.

 Бид яагаад аливаа асуудал дээр туйлшраад байдаг юм бэ? Хорвоо уг нь дан ганц хар, цагаан өнгөнөөс бүрддэггүй шүү дээ.

 Энэ үзэгдэл ганц Монголд болоогүй. Яагаад юм болгон дээр байр сууриа илэрхийлдэг, дүгнэдэг, үйл явдал болонгуут заавал хариу үйлдэл үзүүлээд байна вэ гэвэл бидний сэтгэл зүйн динамик өндөр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл EQ (Emotional Intelligence) бага байна гэсэн үг. Иймээс мэдээ, мэдээллийг бүрэн шингээж авч чадахгүй, амжихгүй атлаа шууд хариу үйлдэл үзүүлдэг. Сайн юмыг сайн, муу зүйлийг муу гээд шууд хүлээж авах нь буруу гэсэн үг биш. Гэхдээ энэ бүх сэтгэл хөдлөлөө үйлдлээр илэрхийлэх, сонголтоо ийм үйлдлээр удирдуулах нь буруу гэж хэлмээр байна.

EQ хүний боловсролын төвшинтэй хамааралтай байдаг уу? Боловсролтой гэгдэх хүмүүс сэтгэл хөдлөлөө бусдаас илүү удирдаж чаддаг уу?

 Мэдээж тодорхой хэмжээнд боловсролтой холбогдоно. Энэ бол мэдээлэл, болж буй үйл явцыг шүүн тунгаах манай нийгмийн хамтын чадвар гэсэн үг шүү дээ. Боловсрол гэдгийг яаж томъёолох тухай асуудал энд гарч ирнэ. Албан боловсрол гэж хэлбэл учир дутагдалтай. Харин хувь хүний боловсрол гэж яривал тодорхой нөлөө бий. Боловсрол өндөр байх тусмаа мэдээллийг илүү хөндлөнгийн байр сууринаас хүлээж авдаг, илүү шүүж тунгаадаг, олон талын мэдээллийг харьцуулж үздэг хандлага албан бус боловсролын судалгаан дээр ч харагддаг. Мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах чадвар муу байх тусмаа л худал мэдээлэлд автах байдал нэмэгддэг.

Нийгмийн сэтгэл зүй гэдэг сэдвээ илүү задламаар байна. Нийгэм хүнээс бүрддэг. Нийгмийг бүрдүүлэг ялгаатай бүлэг хүмүүсийн хувьд аз жаргал, амьдралын сэтгэл ханамж гэдэг ойлголт өөр өөр байдаг уу?

Аз жаргал хувь хүнтэй, гутранги байдал нийгмийн хөгжилтэй уягддаг. Өнөөгийн Монголын нөхцөл байдалд хамгийн гутранги ханддаг хүмүүс дунд насныхан буюу 40-50 насныхан байдаг. Нэг талаас нь харвал эдгээр хүмүүс хоёр системийн шилжилтийн үеийнхэн, нөгөө талаас дунд насны хямралд нэрвэгдэж буй бүлэг юм. Харин нийгэмд болж буй сөрөг үйл явдлуудад бага автдаг, өөдрөг нийгмийн бүлэг нь залуучууд байна. Энэ бол нэг талаас насны онцлог, нөгөө талаас шинэ үеийн нөлөө байгаа болов уу. Нас ахих тусам хувь хүний аз жаргалын индекс буурч байна. Учир нь нэгт, ахмад хүмүүсийн дийлэнх хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй буюу тэтгэвэрт гарсан, үүнээсээ болоод нийгмийн харилцаа нь хумигдмал болсон, ахмадуудад чиглэсэн нийгмийн үйлчилгээ хомс, эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү өндөр буюу 10 жилийн ялгаатай, нэмээд хүүхдүүд нь тусдаа гарсан зэргээс болж ганцаараа голцуу амьдардаг. Хоёрт, ахмадуудын эдийн засгийн баталгаатай байдал нь маш сул. Энэ нь сая тэтгэвэрийн зээл тэглэх үеэр тод харагдлаа. Гуравт, эрүүл мэндийн асуудал. Эдгээр зүйл энэ бүлгийн хүмүүсийн аз жаргалын индекст нөлөөлж буй болов уу.

Хамгийн аз жаргалтай хэсэг нь малчид гэж би дээр хэлсэн. Үүний тайлбар нь уламжлалт амьдралын хэв маяг буюу өөрийнхөө орон зайд амьдарч буйгаас гадна хотжилтоос үүдэлтэй стресс, депресст автаагүй байгаатай холбогдоно. Хувь хүний амьдралын сэтгэл ханамжид байгалийн нөлөө өндөр гэж үздэг. Барууны улсуудад стресс, ядаргаанд орсон хүмүүст байгальд гар гэдэг жор бичдэг. Малчид маань уламжлалт нүүдлийн ахуйд байгаа тул яаруу зангүй, тэвдүү үйлдэл хийх шаардлагагүй байдагтай холбоотой байж болох.

 Манайд үе хоорондын бодит ялгаа үнэхээр мэдрэгдэж байгаа юу?

Гадны улсууд шиг тийм хүчтэй нөлөө манай ажиглагдахгүй. Гэхдээ шинэ мянганыхан, Z үеийнхний онцлог бий. Монголынхоо нөхцөлд энэ талаар хийсэн нарийн судалгаа одоогоор алга. Монголчууд танил, дотно орчин дотроо хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Ийм орчин нь гэр бүл, хамаатан садан, найз нөхөд төвтэй харилцаа болдог. Өөртэй нь ойр хүмүүстээ хамгийн их итгэдэг. Танихгүй хүнд итгэл итгэл бага. Итгэлцэл өндөр байж хамтын ажиллагаа үүсдэг. Энэ утгаараа хөдөө орон нутагт итгэлцэл, хамтын ажиллагаа сайн байдаг. Хэдий саахалтын зайтай амьдардаг ч гэсэн нэгнийдээ зочилж, хамтын нээлттэй харилцаа нь өндөр байдаг. Улаанбаатар хотод нэг сая гаруй хүмүүс дөрвөн уулын дунд хоорондоо ойрхон амьдраад буй мэт боловч үнэндээ байрныхаа дөрвөн хананаас хальж гарч харьцаж, хамтран ажилладаггүй. Энэ хэрээр хамаатан садан хоорондын харилцаа хөрч, ажил ба албан шугамаар харьцдаг хүмүүсийн харилцаа зузаардаг. Ингэж нийгмийн харилцаанд нь өөр бүлэг жин дарж эхэлдэг. Иймээс хотын иргэдийн хувьд хүмүүстэй харилцах давтамж нь нэмэгдэх хэдий ч агуулга нь өөр чиглэл рүү явдаг.

Тэгвэл жалга довны үзэл гэж бидний ярьдаг нь тийм ч муу зүйл биш байх нь ээ?

Хамтын ажиллагаа, нэгнийхээ дэмжих байдал (social safety net) гэдэг утгаараа сайн үзүүлэлт байж болно.

Дотны, жижиг хүрээндээ хүчтэй юм шиг атлаа бүлэг, фракц хоорондын итгэлцэл манайд нэлээд сул санагддаг. Компани, ТББ байтугай улс төрийн нам хүртэл хуваагдан салж байна. Монголд өнөөдөр хүлээн зөвшөөрөгдсөн лидер гэж яг байна уу?

 Аль нам нь хамаа байхгүй улстөрчдөд хүмүүс огт итгэхээ болсон. Улстөрчдийг бүгд таньдаг атлаа итгэдэггүй. Бизнесийн хүрээнийхнийг ард иргэд нэг их таньдаггүй ч итгэх хандлага нь арай илүү. Урлаг, соёл, спортын хүмүүсийг дийлэнх олонх таньдаг төдийгүй итгэх, дагах, үгийг нь сонсох, хүлээн зөвшөөрөх байдал нь илүү.

Урлагийн хүн улс төр, спортын хүн бизнес ярихаар манайхан итгээд байна гэж үү?

Тэр утгаараа биш, нийтлэг байдлаараа шүү. Мэдээж тамирчин хүн улс төр яриад эхлэхээр одоо өөрөөр хардаг болсон. Хэн, юу ярьж байгааг хүмүүс одоо сайн мэддэг болж байна. Та Монголд хүлээн зөвшөөрөгдсөн лидер байна уу гэж асуусан. Лидер хүнийг ямар шалгуураар үнэлээд буйг анзаарвал маргаантай сэдэв болно. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар иргэдийн итгэлийн хамгийн ихээр хүлээгээд явж буй улстөрчид бас байна. Жишээлбэл, Ерөнхий сайдын рэйтинг өндөр байна. Мөн Ерөнхийлөгч ч ард иргэдээс багагүй дэмжлэг авч чадаж байгаа. Улс төрийн мөчлөгөөс эсвэл нийгмийн байдлаас хамаараад олон нийтийн итгэл, дэмжлэгийн хүлээгээд явж буй улстөрчид байна гэдэг нь ажиглагдаж байгаа. Гэхдээ үүнийг тогтвортой манлайлал, лидершип гэж хэлэхэд хэцүү. 2008 оны сонгуулийн өмнө С.Баяр даргын нэр хүнд өндөр байсан. Гэтэл өнөөдөр энэ хүнээс муу хүн Монголд байхгүй болсон. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдохынхоо өмнө бас л өндөр рэйтингтэй байсан. Өнөөдөр бас л энэ хүнээс муу хүн алга. Сонгуулийн дараагийн мөчлөгийн үеэр өнөөдөр өндөр рэйтингтэй мэт байгаа Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн нэр хүнд ийм дор төвшинд очихыг үгүйсгэхгүй. Эдгээр улсууд цаашаа тогтвортой явах манлайлагчид мөн үү, биш үү гэдгийг цаг хугацаа л харуулна.

Дараагийн хэлэх ёстой зүйл бол институтид итгэл итгэл унаж байна. Үүний үрээр институтийг хувь хүнээр оруулдаг нөхцөл байдал нийгэмд үүсчихлээ. Энэ бол тогтвортой бөгөөд зөв хандлага биш. Нэг хүн нийгэмд байнга тогтвортой байхгүй, нэг хувь хүн байнга сайн нэртэй явж чадахгүй. Нөгөө талаас бид өөрсдөө байнга сайн хүнийг сонгож гаргаж ирж чадах үү гэдэг асуулт гарна. Институтийг үгүйсгэдэг хүн манлайлагч биш.

Манай улс нийгмийн системээ солиод даруй 30 жил болж байна. Одоо хүртэл компани, ТББ, төр институтийн төвшинд төлөвшиж чадаагүй байна гэж дүгнэж болох уу?

Таньтай санал нэг. Иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн институтиуд органик хөгжлийнхөө үе шат руу орж чадахгүй байна. Ийм байх ёстой гэдэг атлаа энэ чинь болохгүй байна гэж ярьдаг. Энэ зөрчил их байх тусмаа институтид итгэл алдардаг. Төр, улс төрийн институтид итгэхээ больсон хүмүүс сүүлдээ иргэний нийгмийн байгууллагууддаа итгэхгүй болж эхэлж байна. Хувийн хэвшлийн компаниуддаа ч итгэхгүй болчихсон. Ер нь Монголд бүтэн нэртэй, бүлээн цустай байгууллага үлдсэнгүй гэж хэлж болохоор байна.

Итгэлцэл, институтийн хямралд орсон шалтгаан нь шилжилтийн үеийн онцлог уу эсвэл хардаад асуувал хэн нэг бүлэг хүмүүс ийм нөхцөл байдлыг албаар үүсгэн, ард иргэдийг сэтгэл зүйгээр нь удирдаад байна уу?

Нийгэм сэтгэл хөдлөл өндөртэй байгаагийн цаана маш олон шалтгаан байж болно. Нэгт, уламжлалт ахуйгаас хотжилт руу шилжих тусам стресс, бухимдал үүсч байна. Хоёрт, 21 дүгээр зууны энэ их мэдээ, мэдээлэл дунд живж байна. Коронавирустай холбоотой гадаадын бусад оронд болж буй үйл явдлыг харвал нийгмийн сэтгэл зүйн ийм тогтворгүй байдал ганцхан Монголд ажиглагдаагүй. Энэхүү сэтгэл зүйн динамик өнөөгийн цаг үе, нийгмийн үе шат, хөгжлийн төвшнөөс шалтгаалсан зүйл. Гэхдээ нийгмийн ийм орчилд тодорхой хэмжээний тоглолт хийж, ашиг хонжоо харсан бүлэг хүмүүс, байгууллага байхын хувьд байгаа. Жишээ нь, АНУ-д цагаачдыг нийгмийн дайсан болгож харуулах замаар улс төрийн оноо авч сонгуульд ялсан. Яг ийм жишээ хамгийн сүүлд Унгарт гарлаа. Европт цагаачдаар дамжуулан нийгмийн айдсыг төрүүлж, улмаар улс төрийн ашиг хонжоо олох гэсэн үйлдэл түгээмэл болсон. Монголд ямар нэг дайсан бүтээж байгаад ард иргэдийн түүнээс айх айдас, нийгмийг түүнийг үзэх ядах сэтгэл дээр дөрөөлөн ашиг хонжоо олох гэсэн оролдлогууд ажиглагддаг.

Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж, сонголт хийхэд ямар эрсдэл гарах вэ?

Өнөөдөр хамгийн сайн байсан хүн маргааш хүний адаг болдог нь эргээд нийгмийн сэтгэл зүйтэй холбогдох байх. Ийм нөхцөлд хүссэн хүсээгүй популизм хийж байж л иргэдийн дэмжлэгийг авах гээд байна даа?

Дээр хэлсэнчлэн нийгмийн дайсан бий болгодог. Энэ мэт хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлдөг маш олон мэдээлэл байгаа. Эдгээр мэдээлэл бодитой юу, үгүй юу гэдгийг яг өнөөдрийн байдлаар ямар нэг институти нотолсон зүйл алга. Улс төрийн баахан хэргүүд яригдаад яваад л байдаг, шалгаж байна л гэдэг. Гэтэл эдгээрээс шүүхээс шийдэгдсэн нь хэд билээ? Нөгөө талаас манлайлагчид, шийдвэр гаргагчид хүмүүсийн хүсээд байгаа өөрчлөлтийг хийж чадахгүй байна. Амлалт, үйлдэл хоёр нь зөрөөд байна гэсэн үг.

Популизм бол хүмүүсийн дэмжлэг, саналыг авахын тулд өгч буй хамаагүй амлалт шүү дээ. Энэ амлалтандаа хүрэхгүй бол иргэдийн итгэл мэдээж буурна.

Нөгөө талаас манай лидерүүд, шийдвэр гаргагчид аунтентик (authentic) буюу ёс зүйтэй байж өөрийгөө хуурахгүйгээр бусдыг манлайлж чадахгүй байна. Хүмүүст таалагдахын тулд дүр эсгэдэг. Үүнээс гадна хуучин лидерүүдээ дайсан болгож харагдуулах сонирхолтой байдаг. Ингэж хэлснээр би өмнөх лидерүүд бүгд зөв хүмүүс байсан гээгүй шүү. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэл зүйд ийм эсрэг тэсрэг дүр гаргах сонирхол зарим хүмүүст байна гэсэн үг.

Сонгууль дөхөж байна. Энэ хэрээр зарим хүмүүс шинэ залуу үеийн эрин ирсэн, өмнөх үеийнхэн зайгаа тавьж өг гэж ярьж байна. Үе ингэж солигддог юм уу?

 Хувь хүн бүрийн бодол өөр. Иймээс үе солигдох дээр залуу үе нь цөн түрж гарах, эсвэл өмнөх үе нь халамжлан хүмүүжүүлэхийн аль нэгийг нь зөв, буруу гэж шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ улс төр, ер нь аливаа орон зайд ротаци байх ёстой. Энэ ротаци Монголд зогссон. Улс төрийн нам эрүүл байж гэмээнэ ротаци явагддаг. Төлөвшсөн улс төрийн хүчин ийм чадавхитай байдаг. Ингэж тэд залуу үеэ хүмүүжүүлж бас хөгжүүлж дараагийн төвшинд нь гаргадаг. Манай улс төрийн намуудад ийм чадавхи алга. Энэ нь намуудын сонгуульд дэвшүүлж буй нэр дэвшигчдээс илэрхий харагддаг. Нөгөө л нэг хэдэн хүмүүсээ урдаа барьдаг. Энэ маягаар систем ажиллахгүй бол иргэд сонголтоороо ротацийг бий болгодог. Гэвч манай иргэдийн зан үйл, улс төрийн боловсрол зөв чиглэл рүүгээ явдаггүй. Гол шалтгаан нь итгэлцэл. Өөрийгөө төлөөлөх хүнийг сонгохын тулд тэр хүнд итгэх ёстой болдог. Итгэлцэл тухайн хүнийг тодорхой хэмжээнд мэддэг, хувь хүний сайн, мууг нь ялгадаг байхыг шаарддаг. Гэтэл шинэ улстөрчид нийгэмд танигдаагүй байдаг. Энэ нөхцөлд танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэдэг сонголтыг иргэд хийдэг. Ийм хандлагаар өнөөг хүртэл бид хуучин улстөрчдөө сонгосоор ирсэн гэж харагддаг.

Улс төрд орж буй залуучуудын гаргаж буй хандлагыг би хувь хүнийхээ үүднээс дараах байдлаар хардаг. Улс төрд орно, аливаа асуудлыг шийднэ гэхээр заавал УИХ руу хошуурдаг. Нийгэмд хийх зүйлээ хийсэн, хүлээн зөвшөөрөгдсөн залуус байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ажлыг нь олон нийт мэддэггүй, хувь хүнийг нь таньдаггүй. Ийм залуус би асуудлыг чинь шийдэж өгч чадна гэдэг итгэлцэлийг бий болгохын тулд багаас нь буюу нийгмийн суурь төвшнөөс нь эхэлж ажиллах ёстой. Жишээ нь, яагаад залуучууд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бөөнөөрөө нэр дэвшин гарч ирээд шүүмжлээд байгаа асуудлаа шийдэж болохгүй гэж? Энэ мэтээр багаас нь эхлээд хамтын ажиллагаа, харилцаагаа хөгжүүлээд явбал олон нийтийн итгэлцэл сайжирна. Улс төрд орж буй залуусын хувьд ч тэр жинхэнэ утгаараа ротациар, үе шаттайгаар дэвших боломж үүснэ. Аль аль талдаа л хүлээлт ба үйлдлийн зөрүүтэй байна гэж дүгнэхээр байна.

Хүмүүсийг хэрхэн өөдрөг, нийгмээ яаж сайны төлөө тэмүүлдэг болгох вэ? Ийм сэтгэл зүйг хэрхэн суулгах уу? Хоёр муугийн аль гайгүй нь сайн гэдэг хандлагыг яаж өөрчлөх вэ?

 Гутранги байгаагийн гол шалтгаан нь нийгмээс хүлээж буй хүлээлт ба нийгмийн институтид итгэж буй итгэл хоёр л байдаг. Гутранги байдлыг өөрчлөхийн тулд итгэлцэлийг сэргээх ёстой. Энэ байгууллага ажлаа хийж байна, энэ хүн өөрчлөлт авч ирж байна, үнэхээр энэ бодлого үр дүнтэй байна гэдэг итгэл, үнэмшлийг төрүүлж байж нийгэм сэргэнэ. Хамтын сэтгэл зүйн хувьд итгэлцэл төрүүлэхийн тулд хэн нэгэн эхний үйлдлийг тэр болгох хийхгүй. Энэ эхний үйлдлийг хийх ёстой хүмүүс нь нийгмийн манлайлагчид, нөлөө бүхий эрхмүүд, салбарын түүчээ нар, улстөрчид, шийдвэр гаргагчид байдаг. Нөгөө талдаа иргэд энэ үйлдлийг хүлээн авах чин хүсэл эрмэлзлэлтэй байх ёстой. Жишээ нь, бизнесийн байгууллагад итгэх итгэлийг сэргээхийн тулд тухайн байгууллага нийгмийн хариуцлагатай л байх ёстой.  

 Хүн рационал амьтан уу эсвэл сэтгэлийн амьтан уу?

Өнөөгийн нийгэмд бид эмоци дээр суурилж амьдарч байна. Яагаад гэвэл бидний хийж буй сонголт яг нарийн тооцоотой гэхээс илүүтэй итгэл үнэмшил юм уу айдас дээр тулгуурлаж байна. Хамгийн энгийн жишээгээр улс төрийн сонголтыг дурдаж болно. Бид нэр дэвшиж буй хүн, намын мөрийн хөтөлбөр, санал болгож буй бодлого, тэдгээрийн хэрэгжих бодит боломж, тэр хүний өмнөх намтар түүх, амжилт, алдааг нь судлан тооцож сонголт хийдэггүй. Харин аль болох сошиал орчин болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй хар бараан, эсвэл гэрэл гэгээтэй мэдээлэл дундаас л дүгнэлт хийдэг. Энэ бол бид сэтгэл хөдлөл дээр суурилж шийдвэр гаргаж буйн илэрхийлэл. Өөрөөр хэлбэл, рационал сонголтын шалгууруудаа бид тодорхойлж чадаагүй байгаа учраас сэтгэл хөдлөлд суурилсан зан үйлээр сонголтоо хийгээд байна. Нөгөө талаас хүн сүргийн амьтан гэдэг утгаараа нийтийн хэм хэмжээг шууд хувь хүний стандарт болгодог. Энэ маягаар ямар ч рационал хүн байсан нэг мэдэхэд нийтийн хэм хэмжээнд удирдагдаад явчихдаг. Нийгмээрээ нэг юмыг шүүмжлээд байвал тэр зүйл нь үнэхээр буруу юм шиг, эсрэгээр бултаараа сайшаагаад байвал үнэхээр зөв мэт болдог хандлага ажиглагдаад байгаа.

Сошиал медиа гэсэн мэдээллийн том урсгалыг бид удирдаж чадахгүй байна. Тухайлбал, хаанаас ямар мэдээлллийг яаж хүлээж авахаа удирдаж чадахаа больсон. Ийм учраас энэ мэдээлэлдээ бид өөрсдөө удирдагдаад байна. Үзсэн видео болгонд хариу үйлдэл үзүүлдэг, маш их бухимдсан, эсвэл маш их баярласан сэтгэгдэл үлдээж буй нь үүний илрэл. Энэ бол хүн мэдээлэлд удирдагдаж буйн жишээ. Энэ нь бидний сэтгэл хөдлөл өнөөдрийн зан үйл, хамгийн гол нь сонголтыг тодорхойлж байна. Сэтгэл хөдлөлийг би сайн, муу гэж хэлэхгүй. Огт сэтгэл хөдлөлгүй байж болохгүй. Хамгийн чухал нь сэтгэл хөдлөл бидний амьдралыг жолооддог хүчин зүйл болоод байгаа нь асуудал юм. Яагаад гэвэл энэ сэтгэл хөдлөл дээр дөрөөлөөд биднийг аливаа нэг сонголт руу түлхэж байгаа бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд хөтлөгдөх эрсдэлтэй болж байна гэсэн үг.  

Сонирхолтой боловч амар биш сэдвийг хөндлөө. Энэ сэдвийг товч дүгнээд та өөрийн сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу?

 Бид сэтгэл хөдлөл өндөртэй байна. Энэ нь бидний ажил хөдөлмөр, нийгмийн амьдрал, хүрээлэн байгаа орчин гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг. Гэхдээ эдгээрийг бид удирдах ёстой. Янз бүрийн мэдээлэл, ялгаатай нөхцлүүдийг хүлээн авч, шингээж чаддаг арга ухаанд суралцах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол бид бусдын болон нийгмийн золиос болно. Өнөө цагт хүн бүр орчин, нөхцөл байдлаа удирддаг, энэ их мэдээ, мэдээллийг шингээж чаддаг болох ёстой гэж дахин онцолж хэлмээр байна.

Баярлалаа!

Нэвтрүүлэгийн видео хувилбарыг эндээс хүлээн авч үзнэ үү.