М.Гонгорсүрэн “Сингапурт байдаг органик гоо сайхны LUSH брэндийн дэлгүүрт орж үзсэнээс хойш Монголдоо органик гоо сайхны дэлгүүртэй болохоор шийдсэн"

Bolor Rose
2015-10-13 08:22

Бид  органик гоо сайхны бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах дэлгүүртэй болсон талаар http://news.trends.mn/n/53802 өнгөрсөн сард мэдээлж байсан билээ. Тус дэлгүүрт одоогоор  Гоо Монгол брэндийн дотооддоо үйлдвэрлэсэн 20 гаруй нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа ажээ. Монгол залуусын ур ухаан, Монгол түүхий эдийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ шингээн  ажиллаж байгаа  Гоо Монгол брэндийг  үүсгэн байгуулагч  “Бурханлиг гоо сайхан” ХХК-ийн захирал М.Гонгорсүрэнг  #MADEINMONGOLIA цуврал ярилцлагынхаа энэ удаагийн зочноор урьж оролцууллаа. 

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн. Баярлалаа. Намайг М.Гонгорсүрэн гэдэг. Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Гоо Монгол брэндийг  үүсгэн байгуулаад  “Бурханлиг гоо сайхан” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.  

- Танайх  саяхан органик гоо сайхны  дэлгүүр  нээсэн.  Яагаад заавал органик гоо сайхны дэлгүүр нээх болсон, мөн органик гоо сайхны бүтээгдэхүүнээ хэзээнээс үйлдвэрлэж эхэлсэн талаар хоёулаа яриагаа эхлүүлье? 

-Бид өнгөрсөн 9 сарын дундуур өөрсдийн үйлдвэрлэсэн Монгол брэндийн  органик гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдаалдаг органик гоо сайхны дэлгүүрийг нээсэн байгаа.  Одоогоор дэлгүүртээ бид өөрсдийн үйлдвэрлэсэн шавар маск, нүүрний утлага, биеийн тос, уруулын тэжээл, ванны давс, нүүрний саван гээд 20 гаруй нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Өмнө нь бүтээгдэхүүнээ худалдааны цэгүүдээр борлуулж байгаад нэрийн дэлгүүртэй болж байгаа маань энэ юм.   Бид  удаан хугацааны турш судалгаа шинжилгээ явуулж, туршилт хийсний эцэст  2014 оны эхээр язралтын эсрэг биеийн гуужуулагч, целлютын эсрэг биеийн гуужуулагч, ванны бөмбөлгүүдээ үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэж байсан бол  одоо 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болоод байна. 

- Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа анх яаж төрсөн бэ?

- 2013 онд Сингапур улсад явж байгаад дэлхийн 20 гаруй оронд салбартай органик гоо сайхны LUSH брэндийн дэлгүүрт  орж байхад  байгалийн тос, жимс үнэртээд  л үнэхээр сайхан санагдсан.  Тэр мөчөөс  эхлээд л би өөртөө  органик гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх болж  химийн найрлагтай гоо сайхны бүтээгдэхүүнээс хэд  дахин илүү чанартай,  эрүүл болохыг мэдэрсэн.  Эмэгтэйчүүд бид нар чинь нүүрэн дээр ганц батга гарахад л сэтгэлээр унадаг шүү дээ,  арьсаа дандаа л  гоё байлгахыг хичээдэг. Тэгээд ийм сайхан үр дүнтэй бүтээгдэхүүнийг Монгол охидууддаа хүргэх юмсан,  яагаад ийм дэлгүүр Монголд байж болохгүй гэж бодсон.  Ингээд л эх орондоо ирээд  энэ чиглэлээр ажиллаж, мөн Парис руу явж дэлхийн органик бүтээгдэхүүний стандарт ямар байдаг тухай судалж, олон асуултынхаа хариултыг олсон.  Монголыхоо  олон эрдэмтэн судлаач, хөгшид өвгөдүүдээсээ хүртэл жор, найрлагыг нь сурч авсан. Ингээд энэ бүх судалгаа шинжилгээний эцэст бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийн гарт хүрсэн. 

- Органик гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ монгол түүхий эд ашиглан хийж байгаа юу?

- Тэгэлгүй яахав. Бид гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ 100 хувь байгалийн гаралтай Монгол түүхий эд ашиглан үйлдвэрлэхээс гадна Монгол хүний арьсны онцлогт тохируулан хийдэг байгаа.

Тухайлбал, бидний хийж байгаа батганы шавар маскны хувьд  Монгол орны өвөрмөц тогтоцод бий болсон, хар, шар шаврын холимгоор хийдэг байгаа.  Мөн дээрээс нь 1000 гаруй эрдэсийг агуулсан бөгөөд  давхар  эмчилгээний  зориулалттай бүтээгдэхүүн.   Бидний хийж байгаа шавар маскыг зөвхөн залуу охидууд  арьсаа гоё болгохын тулд хэрэглэхгүй үе мөчний өвчтэй, өндөр настай  хүмүүс эмчилгээний зориулалтаар хэрэглэж болно. Мөн ванны бөмбөлөгт маань ч гэсэн эрдэнэшиш, нимбэг, сода, наргил модны самрын тос гэхчлэн эко түүхий эд багтсан байгаа. Мөн хонины сүү, сүүлээр хийсэн гар, нүүр, биеийн саванг ч мөн хийсэн.

 Манай бүтээгдэхүүнийг нэг хүн авсан бол маргааш нь найзуудыгаа, гэр бүлийнхнээ дагуулаад ирдэг 

  

- Танайх гоо сайхны бүтээгдэхүүндээ чанараас гадна гадаад өнгө үзэмжинд их анхаарал хандуулдаг юм шиг санагдаж байна л даа. Тухайлбал, танай үйлдвэрлэсэн “Хонько” саван гэхэд л хонин хэлбэртэй байсан. Мөн бүтээгдэхүүний тайлбар, шошго нь монгол хэлээр, дээрээс нь танайх дэлгүүрийн хаягаа ч гэсэн монгол бичгээр бичжээ?  

-Тэгэлгүй яахав. Бүтээгдэхүүний маань гадаад өнгө үзэмж бас сайн байх хэрэгтэй шүү дээ. Хонько савангаа хийхдээ анх саван яагаад заавал дөрвөлжин нэг хэвэнд цутгасан юм шиг байх ёстой гэж бодоод , мөн  хонины сүү, сүүл ашигласан дээрээс нь энэ жил  хонь жил болохоор хонин хэлбэртэй хийсэн байгаа.  Мөн бид хонины сүүлээр биеийн тос хийсэн.  Хонины сүүл ямар нэг үнэргүй,  жирэмсэн, нярай, хуурай арьстай бүх л хүнд тохиромжтой байдаг.  Бид бүх сав, баглаа боодлоо дотооддоо хийдэг.  Манай ванны бөмбөлгийн сав, баглаа боодлыг л гэхэд Эко-Паркийн хамт олон хийж гүйцэтгэдэг. Харин торыг маань  ОБ прэссийн хамт олон хийдэг байгаа.  Сав баглаа, боодол, бүтээгдэхүүн орц найрлага гээд бүгд Монгол залуус Монгол түүхий эдээ ашиглан хийдэг байгаа.  Дэлгүүрийн хаягаа монгол бичгээр бичсэн маань ч үүнтэй холбоотой. 

- Дэлгүүртээ 20 гаруй нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлээд худалдаалж байгаа гэсэн.  Энэ олон төрлийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлээд, цаашлаад нэрийн дэлгүүртэй болсон нь  нэлээдгүй том амжилт.  Таны бизнестээ баримталдаг философи юу вэ. Өөрөөр хэлбэл энэ амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцахгүй юу?  

- Бүтээгдэхүүнийхээ чанарыг л чухалчилдаг.  Бидний хийсэн  бүтээгдэхүүн чанартай байх юм бол  олон хүн хэрэглэнэ, олон үйлчлүүлэгчтэй болно шүү дээ. Бүтээгдэхүүн чанартай байж сая өөрөө өөрийгөө борлуулна, өөрөө өөрийгөө худалдана, өөрөө өөрөө байнгын хэрэглэгчтэй болно гэсэн үг. Энэ л зарчмаар бид ажилладаг. Өнөөдөр манай бүтээгдэхүүнийг нэг хүн авсан бол маргааш найзуудыгаа, гэр бүлийнхнээ дагуулаад ирдэг.  Өөрөөр хэлбэл бидэнд бүтээгдэхүүнээ олон хүнд сурталчилж, телевиз, сонин хэвлэл мэдээллээр гаргах шаардлагагүй байдаг. Одоо чинь хүмүүс жаахан юм хийчихээд  л  тэрийгээ улам сайжруулахын оронд би, би, би л анх удаа хийлээ гэдэг залуусыг харахаар жааахан харамсдаг. Ер нь тэгээд Монголд савангийн мундаг үйлдвэрүүд байдаг байсан шүү дээ. 

- Ярилцлагын маань урилгыг хүлээн аваад ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. 

 

 

Бүтээгдэхүүн худалдан авах болоод дэлгүүрийн хаягийг https://www.facebook.com/Goos-eco-beauty-436465379854388/timeline/ авна уу.

 


  1. 202.70.46.* уншигч 2015-11-26 12:13
    Дэлгүүрийн хаягаа элдэв дамжлагагүй шууд биччихгүй дээ