МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ: Гоо сайхны BIOMON брэндийг хэн хэрхэн бүтээдэг вэ?

Bolor Rose
2016-02-16 05:49

Бид өмнөх удаагийн #MADEINMONGOLIA цуврал ярилцлагынхаа зочдоор Монгол брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн захирлуудыг урьж оролцуулан  тэдний бизнес маркетинг, хэрхэн амжилтад хүрсэн нууцаас хуваалцаж, Монгол брэндийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хэрхэн таниулсан  түүхээс нь ярилцдаг байсан билээ. Харин энэ удаад Монгол брэндийн бүтээгдэхүүн хэрхэн төрдөг, хэрхэн бүтдэг, нэг бүтээгдэхүүний ард хэчнээн Монгол хүн хөлс, хүч хөдөлмөрөө зарцуулдгийг харуулах зорилгоор #MADEINMONGOLIA хэрхэн бүтдэг вэ? цувралыг бэлтгэн хүргэхээр боллоо.  Тиймээс энэ удаагийн  #MADEINMONGOLIA хэрхэн бүтдэг вэ? цувралаа бэлтгэхийн тулд Монос Косметик ХХК-ийн үйлдвэрийг зорьж BIOMON брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн, нүүрний тос хэрхэн бүтдэг талаар сурвалжилж, тус үйлдвэрийн технологич Э.Энхмандахтай ярилцлаа. 


- Монос косметикийн үйлдвэр одоогоор 40 гаруй нэр төрлийн арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь ерөнхийдөө ямар шат дамжлага, процессоор бүтдэг талаар хоёулаа яриагаа эхлүүлье?

- Баярлалаа. Монос Косметик ХХК анх 1990 онд үүсгэн байгуулагдсан, 26 жилийн түүхтэй, гоо сайхны үйлдвэрлэл эрхэлдэг дотоодын ууган компаниудын нэг юм. Компани маань Монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж эдүгээ арьс, үс, бие арчилгааны нийт 52 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Монгол улсын хөрсөн дээр ургасан байгалийн түүхий эдүүдийн хүч чадлыг орц найрлагадаа шингээн уламжлалт болон Европ технологийг хослуулан бүтээгдэхүүнээ гаргадагаараа онцлогтой байгаа. Ерөнхийдөө бүтээгдэхүүнүүд маань судалгаанаас эхлээд  эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт очих хүртлээ 15 шат дамжлагыг дамждаг. Үйлдвэрлэлээс гарах хугацааны хувьд бол бүтээгдэхүүний төрлөөсөө шалтгаалаад янз бүр байна. 


- Тухайлбал, та Biоmon брэндийн нүүрний тос гэхэд судалгааны шатнаас эхлээд үйлдвэрлэлийн шатыг дуустал ямар ямар дамжлага, процессоор дамжин хэрэглэгчдийн гарт хүрдгийг ярьж өгөөч. Бид нүүрний тосыг яаж хэрэглэхийг, юунд тустайг мэддэгээс яг ямар аргаар бүтэж бидний гарт хүрдгийг тэр бүр сайн мэддэггүй шүү дээ?

- Бүтээгдэхүүн гэж ярья. Нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд олон шат дамжлага дамждаг. Юун түрүүнд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг гэж байх ёстой. Тухайн багт зах зээлийн судалгааны ажилтан, технологич, R&D мэргэжилтэн болон дерматологич буюу арьс судлалын мэргэшсэн эмч багтдаг. Эхний ээлжид судалгааны менежер олон улс болон дотоодын хэрэглэгчдийн эрэлт болж байгаа шинэ төрлийн бүтээгдэхүүн, эсвэл хэрэглэгчдийн хүсэлт дээр тулгуурласан саналыг харгалзан ямар бүтээгдэхүүн хэрэглэгчдэд илүү хүрэх, хэрэглэгчдийн таалалд нийцэх, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл эдийн засгийн хувьд ашигтай байж импортыг орлох бүтээгдэхүүн болж чадах вэ гэхчлэн тооцоолж технологичдод чиг, заавар өгнө. Түүнийг нь судлаач, технологичид ямар орц найрлагатай байх, ямар түүхий эдийг ашиглах зэргээ шинжилж гаргана. Өөрөөр хэлбэл,

тийм төрлийн хоол хийвэл хүмүүс амтархан иднэ гэдэг чигийг судалгааны менежер гаргаж, харин хоолны гол орц найрлагыг технологичид хамтран гаргаж, ямар аргаар ямар материал ашиглавал илүү амттай хоол болох вэ гэдгийг тооцоолон шинжилж судалгаа хийнэ гэсэн үг

л дээ.


Энэ нь ярихад маш амархан сонсогдож байгаа байх гэхдээ бодит байдал дээр судлаач, технологичоос маш их хөдөлмөр, тэвчээр шаарддаг ажил. Ганцхан төрлийн нүүрний тос гаргаж авахын тулд маш олон төрлийн өөр арга, орц найрлагаар дээж бэлтгэж түүнийгээ шинжилж үзнэ. Нүүрний тос хийхийн тулд 3-аас дээш сарыг зөвхөн технологи судалгаанд зарцуулна. Дараа нь тогтвортой байдал болон клиникийн туршилт сорилт хийгдэж үргэлжилнэ. Шинэ бүтээгдэхүүний суурь судалгаанд зарим тохиолдолд 2-3 жил зарцуулна шүү дээ. Хүний эрүүл мэнд, гоо сайханд ашиглах зориулалтаар бүтээж байгаа болохоор маш нарийн судалгаа, шинжилгээнд хамруулах хэрэгтэй болдог. Бүтээгдэхүүнээс гадна сав баглаа боодолдоо хүртэл нарийн шинжилгээ хийнэ. Үүний дараа бүтээгдэхүүний дээжээ масс үйлдвэрлэлд орох боломжийг туршиж үзнэ. Масс үйлдвэрээс гараад мөн дахиад химийн болон тогтвортой байдлын судалгаануудыг хийнэ. Энэ бол нэг бүтээгдэхүүний зөвхөн судалгааны хэсгийн шат дамжлага, процесууд.  Судалгаагаар дээрх олон шалгуурыг давсны дараа үйлдвэрлэлийн шатаар дамжина. Тэгж байж сая нэг нүүрний тос бэлэн болж хэрэглэгчдийн гарт хүрдэг.

 

Үйлдвэрлэлийн температурын горим жаахан алдагдах, түүхий эдээ 100 грамм илүү найруулахад л түүний цаана олон хүний хөдөлмөр хий хоосон зүйл болж хувирдаг

- Нэг ширхэг нүүрний тос бидний гар дээр ирэхийн тулд маш олон сар жилийн судалгаа, олон хүний хүч хөдөлмөр шаарддаг талаар ярьж байна. Нэг шинэ бүтээгдэхүүн төрөн гарахын ард хэр олон хүн ажиллаж байна вэ?

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг бол маш сайн багийн хамтын ажиллагаа байдаг. Тэр хүмүүс сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, цаг хугацаа олон зүйлээ зарцуулж судалгаа шинжилгээний үр дүнг нэгтгэж байж сая бидний гараас чанартай, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн, үр өгөөжөө өгөх бүтээгдэхүүн гардаг. Би түрүүн хэлсэнчилэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багт багтаж буй хүн бүрийн үүрэг оролцоо бас хариуцлага өндөр түвшинд байх ёстой. Зөвхөн судалгааны хэсэг дээр л гэхэд 5-аас дээш  технологич, судлаач хамтарч олон сарын хөдөлмөрөөрөө нэг бүтээгдэхүүнийг томьёолж гаргана.

Мөн манай үйлдвэрийн судалгааны нэг давуу тал бол Монос Групп-ийн дэргэдэх “Эрдэм шинжилгээний хүрээлэн” юм. Монгол улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн уг лабораторид эм болон гоо сайхны бүтээгдэхүүний микробиологийн шинжилгээнээс авахуулаад бүх төрлийн дээж авах, туршилт хийх тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангагдсан байдаг юм.  Энэ нь бидэнд үр дүнтэй судалгаа хийхэд давуу тал болдог. Түүнчлэн туршлагатай эрдэмтэн судлаачдаас зөвлөгөө, заавар авахад бидний ажилд их тус нэмэр болдог. 

- Танай үйлдвэрийн хүчин чадал хэр вэ. Ойролцоогоор өдөрт хэчнээн ширхэг нүүрний тос мөн бусад гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрээс гарах уу?

- Бүх бүтээгдэхүүний хувьд харилцан адилгүй л дээ. Зөвхөн Монос Косметик ХХК-ийн үйлдвэрээс өдөрт ойролцоогоор  5000 ширхэг Биомон брэндийн нүүрний тос үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. 

- Үйлдвэрлэлийн бүсэд анхаарах ёстой хамгийн чухал зүйл юу байдаг бол?

-Манай үйлдвэрлэлийн онцлог бол хүний гоо сайханд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Энэ нь арьс болон үсийг эрүүл байлгах чухал зүйл учраас хамгийн эхэнд ажилтан нэг бүрийн хариуцлага маш өндөр тавигдана. Энэ дундаас найруулгын цехийн ажилчид хамгийн эрхэм, хариуцлагыг хүлээдэг юм. 

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад горимын жоохон алдаа, батлагдсан технологийн 1%-ийн зөрүү л гэхэд асар их хохирол учруулдаг болохоор хэрэв ийм алдаа гарсан тохиолдолд олон хүний хөдөлмөр, цаг, хөрөнгө мөнгө хий хоосон зүйл болж хувирна.

Мөн бусад хүмүүс гэлтгүй өөрийнх нь хөдөлмөр ч талаар болно. Тийм болохоор судалгаа үйлдвэрлэлийн шат бүрт хариуцсан ажилтнууд нь маш хариуцлагатай байх хэрэгтэй болдог. 

 

Олон сар, жил зарцуулсан судалгаа маань амжилтгүй болох үед гутрах, урам хугарах үеүд цөөнгүй

- Танай гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүний гол түүхий эд юу вэ. Сүүлийн үед байгалийн гаралтай органик гоо сайхны бүтээгдэхүүн нэлээд эрэлттэй байх болсон?

- Бид аль болох Монголын хөрсөн дээр ургасан органик түүхий эдийг хэрэглэхийг эрмэлздэг. Энэ зарчим маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн гаргаж авах чухал хүчин зүйл болж ирсэн. Арьс арчилгааны Биомон цуврал бүтээгдэхүүнээр “Дэлхийн оюуны өмч”-ийн нэрэмжит шагналыг авч байлаа. Биомон цувралд багтсан “барагшун” болон “гүүний саам”-ны тухай бяцхан мэдээлэл өгөхөд: Төв ази тэр тусмаа Монгол оронд эрт дээр үеэс хэрэглэсээр ирсэн гүүний саам нь эхийн сүүтэй ижил амин дэм агуулсан байдаг. Хүний нас нэмэгдэх тусам арьс нь эхийн сүүгээр авч байсан амин дэм, шаардлагатай зүйлсээ алдаж хөгшрөлт явагдах нь түргэсдэг байна. Иймээс гүүний саамтай бүтээгдэхүүн нь арьсанд эхийн сүүгээр дамжин ирдэг амин дэм, уургуудыг  өгснөөр арьсыг нялх хүүхдийнх шиг зөөлөн, булбарай болно. Эрт үеэс гүүний саамыг эмчилгээнд хэрэглэж байсан нь одоог хүртэл үр дүнтэй эмчилгээ болсоор байгаа юм. Харин

Барагшуны ханд нь эмч судлаачдын нотолсноор бодисын солилцоог идэвхжvvлэх, цусны улаан цогцос, гемоглобиныг тєлжvvлэх, яс бэхжvvлэх, фосфор, кальцийн хангамжийг сайжруулах, эд эсийг нєхєн тєлжvvлэх, шарх vрэвслийг анагаах, хавдар илааршууулах зэрэг vйлчлэлтэй 22 төрлийн амин дэмээр баялаг түүхий эд

юм. Барагшуны хандыг европын уламжлалт технологитой хамтатган гаргаснаар арсны үрэвсэл эдгээх, улайлт арилгах гэх мэт үйлчилгээтэй билээ. Манай үйлдвэр ч бас түүхий эд орц найрлагадаа өндөр шалгуур тавьж ажилладаг. Олон улсын стандарт шаардлага хангасан түүхий эдүүдийг үйлдвэрлэлдээ хэрэглэдэг. Нэмэлтээр хэлэхэд хэрэглэгчдийн хүртээл болсон Биомон гүүний саам болон барагшунтай сет бүтээгдэхүүн маань 2015 онд МҮХАҮТ-с олгодог “Органик бүтээгдэхүүн” гэрчилгээг авсан.

- Бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахад хамгийн чухал нь судалгаа. Тэр хэрээрээ хамгийн их хүч хөдөлмөр, цаг заваа зарцуулдаг гэж дээр ярьж байсан. Таны хувьд мэдээж олон бүтээгдэхүүний судалгаан дээр ажилласан байх. Хамгийн удаан хугацааг зарцуулж байж хэрэглэгчдийн гарт хүрсэн бүтээгдэхүүн нь ямар нэртэй бүтээгдэхүүн байдаг вэ? 

- Нэг шинэ бүтээгдэхүүн томьёолж гаргахын тулд багаараа хамтарч ажилладаг учраас энд би гэж ярихаасаа илүү бид гэж ярих нь илүү дээр байх гэж бодож байна. Манайд 

хамгийн удаан хугацаанд буюу 2-3 жилийн тасралтгүй эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийж байж сая хэрэглэгчдийн гарт хүрсэн бүтээгдэхүүн маань Biomon брэндийн бүтээгдэхүүнүүд

байгаа. Үүний дараа ч бас тогтмол технологийн сайжруулалтууд хийгдэж ирсэн.

-  Технологич хүний хувьд олон сар жилийн хөдөлмөр зарцуулсан бүтээгдэхүүн нь эцсийн үйлдвэрээс гарах тэр мөч, хэрэглэгчдийн талархлыг хүртэх тэр үе, мөн цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулсан судалгаа нь эцэстээ амжилтгүй болох үе гээд баярлах, бас сэтгэлээр унах тохиолдлууд цөөнгүй байдаг байх?

- Тийм. Хичээл зүтгэл, цаг хугацаа, хөдөлмөрөө зарцуулж, хөлсөө дуслуулан байж томьёолсон бүтээгдэхүүн маань үйлдвэрлэлийн шатнаас гарч хэрэглэгчдийн гарт очих тэр үе технологич, судлаач хүн гэсэн мэргэжлийн үнэ, цэнээ мэдрэх шиг болдог. Нэг үгээр хэлбэл, тэр цаг үеийн төлөө л бид бүх хүчээ дайчлан ажилладаг.

Баярлах, мэргэжлээрээ бахархах үе байхад эсрэгээрээ олон сар, жил зарцуулсан судалгаа амжилтгүй болж унах үед гутрах, эмзэглэх үеүд цөөнгүй

гарна.

- Хамгийн сүүлд ямар бүтээгдэхүүний судалгаан дээр ажилласан бэ. Мөн одоо ямар бүтээгдэхүүний судалгаан дээр ажиллаж байна?

-Одоогийн байдлаар бид олон шинэ бүтээгдэхүүний судалгааны ажил хийж байгаа. Биомон цувралын шинэ бүтээгдэхүүнүүд маань тун удахгүй хэрэглэгчдийн гарт хүрэх болно. Харин тэр болтол бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллүүд нууц хэвээрээ байсан нь дээр болов уу. 

- Ярилцсанд баярлалаа. 

 


  1. 202.9.42.* Зочин 2016-02-19 11:43
    uildveriin mergejiltnuud goy haragdaj baina amjilt husey