Бусад

ДИАЛОГ: Тулгат, Болушка хоёр эх орон, эргэж ирсэн хүмүүсийн тухай

Б.Болор-Эрдэнэ
22 өдрийн өмнө

Эрин овогт Майнбаярын Тулгат. Киотогийн Их Сургуульд бакалавр, мастерын зэрэг хамгаалсан. Япон улсад харилцаа холбооны салбарт "Софтбанк" группт санхүүчээр ажиллаж байгаад 2010 онд Монголдоо буцаж ирсэн. "Хишиг Арвин Индустриал"-ын Бизнес хөгжил хариуцсан дэд захирал, Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч. 

Японд байхдаа харж төсөөлж байсан Монгол, одоо эргэж ирээд амьдарч байгаа Монгол хоёр их ялгаатай байна уу? Бид нар чинь төгсөөд маш том мөрөөдөлтэй эргэж ирдэг дээ.

Өнөөдрийн Монгол Улсыг намайг Японд байх үеийн  буюу 2000-аад оны эхэн үетэй харьцуулахад  хүмүүсийн  эдэлж хэрэглэж байгаа зүйлс, өнгө дизайн гээд материаллаг талаасаа ч тэр үед төсөөлж байгаагүй өөрчлөлт харагдаж байна. Нэг ёсондоо хөгжил ирсэн байна. Наад зах нь Японоос найз нөхдөө дагуулаад ирэхэд ороод тухтай суучих аятайхан газар ч байдаггүй байлаа шүү дээ. Үйлчилгээний салбарт эрс шинэчлэл бий болсон. Намайг 2010 онд Монголд ирэхэд  их гоё гэгээлэг ирээдүй төсөөлөгдөхөөр тийм үе байсан. Гадаадад төгссөн маш олон залуус бөөнөөрөө ирсэн. Тэгээд 2012 онд Ардчилсан нам засаг толгойлж эрх авахад “Одоо л Ардчилсан нам ардчилсан утгаар ажиллах боломж бүрдэж байна” гэж бодоод шууд элссэн. Тэр үеийн гэгээлэг нөхцөл байдалтай харьцуулахад яг одоогийн цаг үеийн байдал илүү сөрөг байна. Гэхдээ мэдээж тэмцэлгүй зүйл гэж хаана байхав.

Мөрөөдөл өвөрлөөд намд элсдэг, гэтэл түүхий эдийн үнэ унах, намын ах нар зодолдохоос авахуулаад төсөөлөөгүй бэрхшээл олон гарна биз дээ? Ер нь одоог хүртэл амьдралд чинь төсөөлөөгүй гэнэтийн том эргэлт гарч байсан уу?

Харьцангуй гайгүй дээ. Ерөнхий чигээ бариад бодож байснаараа л яваад ирсэн. 2012 онд хаана дэвших вэ дүүрэг дээр яригдаад л. Би ч яахав гаднаас ирсэн хүн чинь улс орны хөгжилд хувь нэмрээ оруулъя гэсэн дэврүүн бодолтой. Мэдээж санхүүгийн асуудал, дээр нь дөнгөж ирсэн хүн юугаа ч мэдэхгүй явж байгаад ИТХ-д нэр дэвшсэн. Хувийн хэвшилд ажиллая гэж бодсоноо ч хийсэн. Сайн муу нь хамаагүй, энэ хоёрыг бол яг л төлөвлөснөөрөө хийгээд явж байна.

Хоёр өнцгөөс харж болоод байгаа юм. Түрүү жил бусад улсаар явж ирээд харахад өөрсдийн толгойгоор сэтгэж алдаж оносоор урагшлаад байгаа ч юм шиг. Өнцгөө солиод харахаар муудаад ухраад байгаа ч юм шиг. Та түрүүн хэлж байна, тухайн үеийг бодвол одоо илүү сөрөг байна гэлээ. Тодорхой хэлбэл ямар утгаар манай нийгмийн асуудал илүү гүнзгийрсэн байна?

Хөгжил дэвшлийн хувьд бол 2010 оноос хойш маш их хөгжсөн, дэвшсэн. Харин одоогийн залуусын хүсэл мөрөөдөл 2010 оны залуучуудтай харьцуулбал дэврүүн биш болсон юм шиг харагдаж байна. Хүн ер нь хүсэл мөрөөдлөөрөө л жигүүрлэж амьдардаг шүү дээ.

Манай үеийнхний хувьд та нэг том төв цэг байсан. Том хүсэл мөрөөдөлтэй,  халуун сэтгэлтэй тэр хэрээр нэг тийм нягтрал үүсгэдэг байлаа. Одоо тэр үеийн Тулгатаас арай өөр харагдаад байда.  Тэр нь нас юм уу, Монголын нийгмээс ч болдог юм болов уу? Та ер нь өөрийгөө өөрчлөгдөж байна гэж боддог уу?

Энэ бол асуулт гэхээсээ илүү нээрээ тийм байгаа билүү гэж бодогдуулж байна.  Ер нь бол хөрсөн дээр аж ахуйн ажилтай их зууралдаад түүндээ нэлээд дарагдсан тал бол байгаа. Өглөөнөөс орой хүртэл дуусашгүй их ажилтай . Би Японд байхдаа их тийм идэвхтэй, хөдөлгөөнтэй, халуун байсан. Монголд ирээд чимээгүй болсон гэж байгаа бол арай төлөвшөөд тэр байж ч магадгүй.  

Үнэнээ хэлэхэд би таны олон нийтэд харагдах байдалд сэтгэл дундуур байгаа. Эрх мэдэл гэх мэт улстөрийн хатуу хүч гэхээсээ илүү мөрөөдөл, нэгдлийг илэрхийлдэг уян хүч байсан. Надтай манай үеийн олон төгсөгч санал нийлэх болов уу гэж бодож байна.

Ер нь жаахан бодож үзмээр юм байна.  Яахав суралцаж, судалгаа хийж байх үедээ хүн бүр асаж байдаг даа. Байнга оюун санаа нь тэжээгдэж байдаг. Номын санд суудаг байсан үед бол маш их энерги хуримтлуулсан. Тэр үед Японы түүхэн хүмүүсийг, Хятадын сонгодогуудыг уншдаг, тэрнээсээ энерги авдаг байж. Яг үнэнийг хэлэхэд сүүлийн үед  дэндүү амьдралтай зууралдаад уншихад бага цаг гаргасан.

Бид нар чинь эдийн засгийн "рациональ хүн"-д төвлөрсөн загвар дээр төгсөж гарсан. Одоо хараад байхад хүнийг  хэтэрхий ахуйн хүрээнд тодорхойлсон школ шиг санагдаад байгаа. Хэрэглээ хийхийн тулд орлого олж, таашаалаа максимум болгох гээд явдаг амьтнаас арай өөр дүр зураг өдөр тутам харах юм.  Хүн бүрийн дотор политикс байна. Та оюутан байхдаа илүү улс төрийн амьтны хувьд амьдарч байж. Энд хэдийгээр улстөрийн сонгуульт алба хашиж байгаа юм шиг хэрнээ бодит байдал дээр аж ахуйн хүрээнд хашигдаад байна уу?

Бас л жаахан бодож үзмээр юм байна. Яахав Монголд ирээд 2012 онд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшээд төлөөлөгч болсон. Мэдээж олон суудал авсан намд шүүмжлэлтэй хандана, шууд л танай нам ийм тийм гээд хандлага нь хүйтрэх хүн ч байна.

Би бол өөрөө өөртөө байгаагаараа л байсан. Улстөрд орлоо гээд яг төрийн албанд ажиллаад ч юм уу, дүүргийн засаг дээр ажиллаад байсан юм бас байхгүй. Төлөөлөгч гэдэг чинь хурал цуглаан, шийдвэр гаргах зэрэг хуралд оролцож санал бодлоо хэлэхээс төрийн албан хаагч шиг дотор нь ажиллахгүй.  Улстөрд автаад, тэнд энд гүйж очоод л хор найруулаад байсан юм байхгүй. Зөв ойлгох нь ойлгоод буруугаар ойлгох нь ойлгоод болох биз.

Наад зовлонг чинь  намын гишүүн биш би хүртэл хааяа мэдэрнэ.  Хүмүүс өөрсдөө бусдын тухай толгой дотроо өөрөөр төсөөлөөд өөрсдөө хөндийрдөг. Цаад хүмүүс нь байгаагаараа л байдаг. Гэхдээ энэ угаасаа найз нөхөр чинь мөн байсан эсэхийн л шалгуур юм биш үү? Үнэхээр итгэдэг бол итгэнэ. Зөв юм хийж яваа даа гэдэг ч юм уу.

Японд байхад нэг найз маань ярьж байсан юм. Чи Монголд очоод нийгэм улстөрд идэвхтэй явах байх. Нэг юмыг анхаараарай. Явж явж эрчүүд эмэгтэйчүүдээс илүү атаархуу шүү. Ялангуяа чиний үеийнхэн гээд хэлж байсан. Яахав тийм хүн ч байна, тийм биш нь ч байна.

Ингэхэд та яагаад бичихээ больчихсон юм бэ?

Унших нь багассан.  2013 онд энэ компанид ороод япон компаниудын системийг оруулж ирэх зорилт тавьсан. Тэгэхээр бүүр анхан шатны өгөгдөл, байгууллагын бүтэц зурахаас нь эхлээд зууралдсан. Миний хамгийн бахархаж байгаа зүйл юу гэхээр би маш гоё өсч хөгжиж байгаа хамт олон дунд орсон. Бидний ажлын үр дүнд компани маш богино хугацаанд асар хурдтай томорсон. Намайг орж байхад 300 орчим ажилтантай байсан, одоо хоёр мянга орчим. Олон төсөл дээр ажилласан. Ялангуяа Эрдэнэс Таван Толгойн Баруун Цанхи.  2013 онд тухайн үед бол Монголын дотоодын оператор компани ийм том уурхай авч явах чадалгүй гэдэг ойлголт нийтлэг байсан. Одоо бол ил уурхайн түвшинд ямар ч асуудалгүй аваад явах чадалтай болсон.  Ер нь өнгөрсөн тав зургаан жилд дан ганц манайх биш бүгд нэлээд хөгжсөн.  Аюулгүй ажиллагаа, соёл, байгууллагын менежмент гээд бас л болоогүй л байна л даа. Хийх юм зөндөө. Гэхдээ яахав юм бүхнийг чамлалтай нь биш. Эргээд харахад яах аргагүй миний өнгөрсөн тав зургаан жилийн хамгийн том үр бүтээлтэй ажил  тэр.

Улсаараа нийлж идсэн Чалкогийн өрийг төлж байсан үе байна.

Тийм, тэр үед 380 сая долларын зээлийн төлбөрт зах зээлээс хямд үнээр нийлүүлэх гэрээтэй, гэтэл 2012 оноос түүхий эдийн үнэ унаад Эрдэнэс Таван Толгой уналтад орсон. Зүүн Цанхи дээр бол Австралийн нэг компани оператор хийдэг байсан. Маш өндөр үнэтэй олборлочихоод хямд зарахаар экспортлох тусмаа алдагдал хүлээнэ. Тэгмэгц Зүүн Цанхийг 2013 оны дундаас зогсоосон. Тэгэхээр сул зогсолтын алдагдал хүлээж эхэлнэ. Зогссон ч алдагдалтай, ажилласан ч алдагдалтай. Тэр үед манайх гэх мэт монгол компаниуд оператороор орж, барууны уул уурхайн компаниудаас гурав дахин хямдаар олборлож эхэлсэн. Эрдэнэс Таван Толгой ч сэхээ авч, Баруун Цанхийн нүүрсийг зөвхөн Чалкод зарахгүйгээр өрсөлдүүлээд зах зээлийн шугамаар борлуулах болсон. Сорчиллоо гэх мэт шүүмжлэл байдаг, гэхдээ тухайн үед өөр арга байгаагүй. Сайн нүүрс хямд операторуудаар олборлуулсны хүчинд 2014 он гэхэд ЭТТ хамгийн том нүүрс экспортлогч компани болсон. 2017 онд Чалкогийн өр, 2018 онд хөгжлийн банкны хамгийн сүүлийн өрийг дараад ингээд ямар ч өргүй болсон.  2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласны ард ийм түүх бий.

Нэг тонн тутмын гүйцэтгэлийн өртөг хэд байдаг вэ?

Оператор компанид 15 доллар төлөөд цааш нь 70 орчим доллараар зарагдаж байгаа юм. Цаана нь үлдэж байгаагаас Эрдэнэс Таван Толгойн хотод байгаа оффис ч юм уу бусад зардлыг хасаад ашиг. Миний өнгөрсөн хугацаанд хамгийн их бахархдаг зүйл бол энэ, гол хийсэн юм.

Манайхан хийсэн ажилтай хүн гээд л ярьдаг даа. Дуулсан, барилдсан, барилга барьсныг ярина. Уул уурхай гээд ирэхээр монгол хүний хүсэл дотроо зөрчилтэй харагдаад байдаг. Барууны киноноос хэрэглээг нь дуурайна. Тэгсэн хэрнээ таны ярьж байгаа шиг эдийн засаг ч юм уу, өртөг ашиг ярихаар сонсохгүй. Та жишээ нь сонгогчид, олон мянган хүнд ийм  эдийн засаг, ажил хэргээсээ ярих уу? Эсвэл сонсохыг хүссэн юмыг нь ярихаас өөр аргагүй болох уу?

Иргэдийн хурал дээр бол төлөөлөгч гэдэг утгаараа асуулт асууна, хариулт хүснэ. Ихэвчлэн улс орны нөхцөл байдал, хийж байгаа ажил гэх мэт. Тэр хүмүүст уул уурхайн компани ингэсэн тэгсэн гэж ярихгүй. Тэрийг нь нэг их айхтар сонсоё гэх хүн олон байхгүй байх. Гэхдээ монголчууд бас тийм тэнэг ард түмэн биш. Өнгөрсөн тав зургаан жилийн Тулгат юу хийж байсан бэ, ямар ажил гараасаа гаргасан бэ гэхээр энэ. Би бас тийм олон юм зэрэг зэрэг хийгээд байж чаддаггүй. Яг нэг хийсэн ажлаа төвлөрч хийдэг, түүн дээрээ үр дүн гаргадаг. Төлөөлөгчийн ажлын хувьд байнгын парламент биш. Байнга суух шаардлагагүй. Өрөө тасалгаа ч байхгүй. Хуралдахаар л очно. Гэхдээ аливаа шийдэл дээр өөрийн санаа бодлоо дэвшүүлэх нь их сайхан урам зоригтой зүйл. Эргээд тэр нь иргэдэд хэрэг болж байгааг харах бүүр ч сайхан. Яг улстөрд орно гэвэл аж ахуйн ажлыг хаяж төвлөрч хийхгүй бол бүтэхгүй.

Аль аль нь том салбар шүү дээ. Ер нь ямар нэг юмыг хийе гэвэл цаг хугацааг тэрэндээ зарцуулж сурах хэрэгтэй бололтой. Би бол ойрын хэдэн жил унших бичих ажилд зарах цагаа хасч байгаад амьдарч сурлаа.

Аливаа юмыг хүн ганцаараа хийдэггүй. Олон хүн нийлж  хийдэг. Тэр олон хүний амбиц, зан араншин нийцнэ, нийцэхгүй гээд асуудал үүсч эхэлнэ. Ялангуяа монголчууд хамтраад юм хийхээрээ бас болж өгөхгүй юм их байгаад байдаг. Ер нь бол миний хамгийн сайн чаддаг зүйл хүмүүсийг ямар нэгэн байдлаар эвлүүлчихдэг.  Жишээ нь бид нар Ханбогд сумыг Оюутолгойтой холбох 35,1 км замыг тавьсан. Манай өмнө замын тав зургаан компани ажиллаад бүтэлгүйтчихсэн. Оюутолгой чинь аюулгүй ажиллагаа, технологийн өндөр шаардлага тавина тэрийг нь тэсч гардаг монгол компани ховор. Ялангуяа авто замын салбар бол их өрөвдмөөр юм билээ. Олигтой хөгжиж чадаагүй. Үнэхээр яг хөл дээрээ босчихсон компани бол цөөхөн дөө. Уул уурхайн компани боловч аюулгүй ажиллагаа менежмент талдаа ойлголцоно гэдэг утгаараа манайхыг сонгосон. Би бол замын инженер тал дээр таг. Гэхдээ би төслийн менежер хийсэн. Баг ч гар нийлээд сайн ажилласан. Тэгээд би бодсон л доо, Би бол тийм аль нэг чиглэлээр мундаг биш, инженер ч биш, лаг ухаантай хүн биш. Харин хүмүүсийг хооронд нь холбоод, эвийг нь олоод явж чадах юм байна гэж.

Нам дотроо ямар байх уу?

Улс төрд, нам дотор ч талцал, үл ойлголцол байдаг. Манай Баянзүрх дээр ч мэдээж байгаа. Аль ч намд байгаа. Аль ч фракц, муудсан хүмүүсийн аль аль нь л надтай гайгүй л харилцаатай байдаг. Магадгүй манай нийгэмд элдэв асуудлын ихэнх нь хэрэггүй зүйлсээс болж зөрчилдсөнөөс л болсон байх. Харин зөрчлийг шийдвэрлэдэг хүмүүс бас хэрэгтэй байдаг юм байна. Ерөөсөө миний хамгийн том онцлог бол хүмүүсийн эв зүйг олж, зөрчлийг шийдвэрлэхдээ сайн.

Бүх хүнтэй эвтэй байдаг шиг муу хүн байхгүй, эсвэл хэзээ ч уурладаггүй хүн шиг аймар хүн байхгүй ч юм уу нэг тийм үг байдаг. Манай Японд төгсөгчид аль хэдийн тогтворжсон нийгэмд сураад төгсөж ирдэг. Монгол бол Мэижигийн самурай нар шиг  үзэлцдэг дээрээ байна. Танд ч бас олон хүний эвийг олж төвийг сахихаас арай өөр, урдаа гараад явах асуудлууд харагддаггүй юу?

Эвийг олно гэдэг нь өөрийн гэсэн зарчимгүй, тийшээ  ч очиж инээгээд энд тэнд явж байдаг утгаар биш. Би  өөрийн зарчим, өөрийн үзэл бодлоо хэнд ч хэлчихнэ.  Гол нь ямар ч хэрэггүй зүйл дээр муудалцаж, маргалдах шаардлагагүйгээр учир зүйгээ ололцог гэдэг утгаар.

Жижиг сажиг зүйл дээр буулт хийдэггүй зан бол философид “thymos” гэж грекээр хэлсэн хүний хүлээн зөвшөөрөгдөх шуналтай холбоотой санагддаг. Систем шилжихээр залуу насандаа хийсэн бүтээснээрээ хүлээн зөвшөөрөгдөх боломжид нугалаа үүсдэг. Ингээд юугаар ч хамаагүй хүлээн зөвшөөрөгдөх гээд тайван сууж чаддаггүй нэг үе гарлаа, ямар сайндаа бүүмэр гэж үг үүсэх вэ.

Сүүлийн үед бодоод л байна.  Улстөрд, эсвэл бизнест тодорхой хэмжээний амжилттай явж байснаа сүүлийн жилүүдэд огцом далийж байгаа хүмүүс харагдаад байна. Бид нарын дээд үеийнхэнд илүү харагдаж байна. Өмнөх үеэ муулах гээд байгаадаа биш. Социализмын үеийн сэхээтэн хүмүүс одоо аливаад амархан автдаг, өөрийн гэсэн бодолгүй  байгаа юм шиг санагддаг.

Шалтгаан нь юу гэж бодож байна? 

Залуу насандаа сурсан, итгэсэн зүйлс нь 100 хувь өөр болоод нийгмийн туршилтын хоёр талд нь гарчихсан хүмүүс байгаад байна. Харин Манай үе бол яг үзэл бодол төлөвших үеэсээ ардчилсан нийгэмд амьдарч, дэлхийн нийтийн нийтлэг ойлголтуудыг суралцаад эхэлсэн их азтай үеийнхэн.

Тэр утгаараа энэ тогтолцоонд бол анхны менторууд тийм үү?

Тэгж ойлгож болно. Ер нь түрүүний асуулт дээр нэмэхэд бизнесээс гараад бизнес нь бүтэлгүйтээд байгаа хүмүүсийн буруу бас биш. Монголд бизнес эрхлэхэд тогтворгүй хэцүү. Япон гэх мэт өөр оронд байсан бол бизнес нь шал өөр байх байсан. Хөөрхий тэд тэгээд бизнес болохгүй болонгуут улстөр лүү орж үзэж байна. Тэгээд гайгүй явж байснаа нам солигддог, эрх мэдэл шилждэг зарим нэг нь шорон оронд ордог ч юм уу. Тэгээд  тэр үү 45-аас хойш насандаа маш их бачимдаж барьц алдаад байх шиг санагддаг. Японд бас тийм юм байдаг биз дээ? Ийм хүмүүс эргээд маш их өс хонзонтойгоор бусад руугаа дайрч орж ирж байгаа юм шиг харагдаад байгаа юм.

Санал нэг байна, дээр дурдсан “thymos”, "Сэтгэлд хугарал гарсан нь" гэсэн сэдэвтэй нэг юм бичмээр санагдаад байгаа. Хувь хүний гэхээсээ түүх, тогтолцооны асуудал болоод байна. Ер нь манай түүхэн замнал, онцлогоос болоод монгол хүн гэж нийтлэг юм хэлэхэд бас хэцүү санагддаг. Нэг нь уул уурхай эрхэлж байна, нөгөө нь малаа хариулаад явж байна. Жишээ нь Азиудын бүх царайг давхарлахаар нийтлэг нэг царай гардаг юм байна л даа. Түүн шиг бүх монгол зан чанаруудыг давхарласаар байгаад нэг характер гаргая гэж бодъё. Тэр нийтлэг нь юу гарч ирнэ гэж бодож байна?  

Ер нь монгол хүмүүс хэнэггүй, хайнгадуу юм шиг хэрнээ халуун сэтгэлтэй, хүүхдэрхүү. Бас сэргэлэн, сийрэг сэтгэлгээтэй. Халдахад тийм хүйтэн ширүүн мөртлөө харьцаад байхаар халуун дулаан байдаг.

Япончууд заримдаа өөдгүй шүү. Халуун эмоцтой хүнийг “дообүцү” буюу амьтнаараа гэдэг. Өөрсдийнх нь хотын соёл нь их хүйтэн. Монгол хүн хүүхдэрхүү, дээр нь байгальдаа ойр болохоор халуун дулаан зантай ч юм болов уу. Тэгээд одоо өөрчлөгдөх гээд байдаг, гэтэл бусад улсын хүмүүс ийм занг нь хайрладаг. Энэ бол улстөрчдийн бодох сэдэв л дээ. Монгол хүнийг хааш нь манлайлах вэ гээд?

Ер нь бол оюун санааны эрх чөлөө маш чухал. Аливаа зүйл эрх чөлөөгөөрөө хөгжөөд явж байх хэрэгтэй. Тэр хөгжил нь жам ёсныхоо дагуу өөрийнхөө зоргоор явах хэрэгтэй. Монгол хүн ийм зан чанараа авч үлдэх хэрэгтэй, ийм тийм бай гэхээс илүү монгол хүн бид бол хүн. Тулгат бол хүн, Болушка бол хүн. Хаана төрсөн, Монголд төрчихсөн. Тэгэхээр хамгийн гол нандин зүйл бол чиний өөрийн чинь хүн болж төрсөн хувь заяа. Тэр хүнийг малчин шиг байгаасай, соёл уламжлалаа авч үлдээсэй гэдэг ч юм уу тэгж тулгах ёсгүй.

Ямар нэг загварт оруулалгүй эрх чөлөөг нь өг гэж байна тийм үү?

Тэр хүний өөрийнх нь явмаар байгаа замнал хүсээд байгаа зүйлийг чөлөөлөөд өгөхөөр аяндаа бид өөрсдөдөө байгаа identity, үндэсний онцлогоороо  бахархана, Монголоороо бахархахыг ч хүснэ. Аяндаа л бий болно. Дэлхий дахин шиг материаллаг болон оюун санааны эрх чөлөөг олгохоор явж явж хүн бусдаас өөр байхыг хүснэ, сүргийн зан чанарынхаа дагуу олонлог, ижилсэг байхыг хүснэ. Аяндаа өөрөө хөгжөөд явчихна. Жишээлбэл нэг их айхтар төрийн бодлогоор дээл заавал өмсөнө гэсэн юм байхгүй ч одоо дээл маш гоё загварлаг болоод хөгжиж байна. Үндэстэн бол зах зээлийн зарчмаар өөрөө хөгжөөд явна.

Хүний оюун ухаанд итгэх итгэл байна. Ер нь юм л бол монгол хүн, монгол хүний эрх гэх мэт явцуурахаас өмнө хүн болохын хувьд нийтлэг зовлон жаргал, үнэт зүйлсээ ойлгож авахгүй бол нийгмийн задралд хөтөлдөг юм бас харагдаж байгаа.

Ямарваа нэг улс төрийн шийдвэр ч бай юу ч бай хүний хувь заяанд нөлөөлнө. Надтай адил нэг л төрсөн хүмүүс. Ямар нэг нийтийн эрх ашгийн төлөө ч юм уу үндэсний эрх ашгийн төлөө тэр хүмүүсийг золиослоно, эрэг шураг болгоно гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл бол их аюултай.

Дээлний загвар дээр гэхэд цөөн контент үйлдвэрлэгчид, нөлөөлөгчдөөс эхэлсэн байх жишээтэй.  Ерөөсөө хүнд загварчлал хийх боломжтой юу гэх мэт хүнд сэдэв рүү орчихлоо. Та бол цэвэр хуманист хүнлэг үзлээс ярьж байна. Үүнд чинь би хувь хүний хувьд итгэнэ. Хамгийн харамсалтай нь “Хишиг Арвин” гэж таны өөрийн гараар бүтээлцсэн систем дотор хүнийг системээс доогуур эрэмбэлсэн юм шиг осол гарсан. Та одоо эргэж хараад нээрээ би хүнийг төвдөө тавьсан систем хийж чадаагүй юм байна гэж харамсах сэтгэл төрдөг үү?

Компанийн менежмент, соёл гэдэг юм байгаа. Манай Монголын компаниуд хөгжлийнхөө шатаар явж байгаа юм. Менежментэд нь оролцож ирсэн хүний хувьд бүүр анхнаас нь ингэж оролцсон бол гэж бодох, харамсах юм бол байлгүй яахав. Японд байсан бидний онцлог юу гэхээр хамт байгаа багийн хүмүүсийнхээ байр суурийг харж дундажлах гээд байдаг. Тэр утгаараа би жаахан буруудах гээд байдаг. Ялангуяа хохирогч талын гэрийнхэн надад хэлдэг байсан, чамайг ойлгож байна, харин яагаад тухайн шат шатан дээрээ арга хэмжээг аваагүй юм бэ гэдэг. Компани ч,  улстөр ч гэсэн ялгаагүй. Олон хүний хамтын үйл ажиллагаа эрх ашиг дунд байгаа үед ганцаараа шийдэх хэцүү. Гаднаас хараад амархан шийдчих юм шиг харагдаад байгаа боловч яг бодит байдал дээр тийм амар биш.  Хоёрдугаарт, уул уурхай бол  байнгын эрсдэл үүрч байдаг салбар.  Монголд байгаа ихэнх компаниудын дээд удирдлага нэг ХАБ-ийн инженер гаргаад аюулгүй ажиллагааг чи хариуцаарай, чиний ажил шүү гэдэг. Том том уурхайн төслүүд дээр байгаа төслийн менежрүүд бас л тийм. Аюулгүй ажиллагааны багийнхандаа хариуцуулчихаад өөрөөсөө холдуулчихдаг. Гэтэл олон улсын уул уурхай, том том эрсдэлтэй үйлдвэрийн салбар төслийн менежер юм уу эсвэл компанийн захирал аюулгүй ажиллагаагаа өөрөө хариуцдаг. Оюутолгой дээр бол яг удирдлагууд нь аюулгүй ажиллагааг өөрөө хариуцдаг. Монгол компаниуд  тэгж чадахгүй байна. 

Миний бодлоор эдийн засаг, онол ном ярихаа зогсох ёстой тийм хязгаарууд байна. Улаанбалаар хүн ер нь аавыгаа жаахан тиймхэн явж байхад уур нь хүрдэг шиг өөрийг чинь тэгж харсан. Тулгат гарч ирээд дотроо байгаа маш их мэдээлэлдээ баригдсан менежер маягтай сууж байсан. Миний хүлээж байсан дүр ямар байсан гэхээр миний мэддэг тэр хүн. Тэр үед олон нийт яагаад тэгж их бухимдсан бэ гэхээр мэдээлэл биш хандлага хүссэн. Үрэгдсэн аминд тайлбар хэрэггүй, хандлага бол өөр. Мэдэж байгаагаа мартаад 100 хувь буруутах, буулт хийх, нөгөө талаа хайрлах ёстой асуудал гэж байна биз дээ?

...Тийм.

М.Тулгат: Тоглоомын дүрэм нь буруу болохоор улс төр муухай харагдаад байна

Уучлаарай, сэдвээ өөрчилье. Бичих ажлын туршлагаас хараад байхад монголчуудад хэзээ ч хуучирдаггүй сэдэв: Эх орон. Миний хувьд  эргэж ирээд хэдэн жил боллоо, гэхдээ гүүр даваад Богд уул харагдахад хэзээд л сайхан. Магадгүй эргэж ирсэн хүний носталжиа хэзээ ч дуусдаггүй байх. Надтай адилхан хүний нутгаас буцаж ирсэн хүний хувьд таныхаар эх орон гэж юу вэ?

Би Японд төгсчихөөд гайгүй компанид гайгүй ажил хийж байсан. Амьдрал буцалж байсан. Монголдоо ирэхэд нөгөө л хүйтэн өвөл, утаа, түгжрэл угтсан ч цаанаа л сайхан байж билээ. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг шиг. Японд сайхан л амьдарч байсан. Том компанид дандаа удирдах хүмүүстэй харьцдаг, илүү дутуу зүйлд сатаарахгүйгээр яг ажил руугаа анхаарлаа хандуулдаг. Гэхдээ яах аргагүй цаанаасаа л нэг хүний төлөө ажиллаад байгаа юм шиг санагддаг байсан.

Нэг тийм өөдгүй бодол надад ч байдаг байсан, хийсэн бүтээсэн бүхэн чинь тэр оронд үлддэг.

Харин тийм. Монголд бол улстөр нь ч бай, аж ахуйн ажил ч бай бүгд үлдэнэ. Зүгээр нэг зам дээр явж байгаад машинд зам тавьж өгөхөд л тэр нь жижигхэн ч гэсэн улс орондоо оруулж байгаа хувь нэмэр ч юм шиг. Японд бол нэг их тийм юм бодохгүй байх л даа. Автобусанд хэн нэгэн бүдүүлэг үйлдэл гаргахад тэрийг залруулж хэлж нэг ч гэсэн эерэг юм үлдээх гээд байгаа сэтгэл яах аргагүй Монголд л байгаад байдаг.

Нэг гараад эргэж ирсэн хүмүүс үргэлж эндээ байсан хүмүүсээс илүү эх оронч байдаг байж ч магадгүй. Аянд яваад эргэж ирээд анх удаа хаанаас анх аянд гарснаа танина гэж гоё үг байдаг даа. 

Илүү эх оронч болчихоод ирж байгаа. Яахав олон эх оронч хүн байхад тэр дунд би бас эх оронч гээд байхгүй чимээгүй л байгаа болохоос.

Зарим улстөрчдөөс эх орон гэж юу вэ гэж асуухаар юу юу гэх ч байсан юм агуу агуу юм хэлнэ дээ. Гэхдээ тэд нараас болоод үнэн сэтгэлээ хэлэхгүй байх бас утгагүй, та нэг юм хэл дээ?

Одоо санаанд орж байгаагаар хэлбэл ёстой поп байж магадгүй. Гэхдээ шуудхан хэлэхэд эх орон гэдэг бол одоо миний амьд явж байгаа утга учир. Мэдээж хүн өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө амьдарч байгаа. Гэхдээ тэрийг Японд ч зохиогоод явж болох л байсан.  Хүн ер нь тэгээд гэр бүлийн аз жаргал, өнөө маргаашийн аз жаргалд сэтгэл ханахгүй байх шиг байгаа юм. Илүү өөр юмнаас урам зориг, таашаал авдаг.  Хүний зэрэгтэй хүн болчихоосой гэж хүсдэг шиг улсын зэрэгтэй улс болчихоосой гэсэн хүсэлтэй. Олон газрын хүмүүс Монгол Улс гэж огт мэдэхгүй байхад, монгол хүний байр  суурь дэлхийд  доогуур  байхад үүнийг өөрчилж  Монгол Улс гээд хэлэхэд хүмүүс мэддэг чихэнд ойр болгоход ойртуулж чадвал утга учиртай амьдарлаа гэж хэлж чадна.

Энэ мэт материаллаг бус хүсэл мөрөөдлийн тухайд хүн бүрийн дотор политикс байна гэж түрүүн хэлсэн хэрэг. Энэ үгийг хэрэглээд байгаа учир нь улстөрийг хүний нэг хэсэг болох төрөлх шинж чанар нь гэж хүлээн зөвшөөрдөггүй. Нэг л муухай хүн хийдэг ч юм уу эсвэл хийж байгаа хүн нь муухай болдог ч юм уу. Монгол хүн хэтэрхий улстөржөөд байна гэх мэтийг би бол эерэг талаас нь хардаг. Монгол хүн бүр энэ улсын эзний хувьд улстөрийн дуу хоолойтой байх эрхтэй. Та улстөрийн оролцоо хийгээд явж байгаа хүний хувьд хариулж өгөөч. Энэ салбарын утга, мөн чанар нэгэнт ойлгогдохоо байсан тийм үү?

Нам гэхээр муухай гээд л шалан дээр дэвсэж байна. Нам гэдэг чинь уг нь адилхан л монгол хүмүүс.  Намын дүрмээрээ, эсвэл итгэл үнэмшлээрээ холбогдсон ч хүн байна. Гол нь тоглоомын дүрэм нь л буруу байна. Улс төрийн намуудын тухай хуулийг, сонгууль явуулах зарчмаа өөрчлөх шаардлагатай.  Энэ тоглоомын дүрэм нь өөрөө буруу болохоор улстөр муухай харагдаж байна, улстөрийн өрсөлдөөн заваан байна, улстөрийн нам хамгийн хог шаар болж байна. Гэтэл олон намын системгүйгээр улс төр гэж байхгүй. Тоглоомын дүрмийг зохиодог хүмүүс дүрмээ өөрсдөө зөрчдөг, зөрчөөд сурчихсан. Тэгээд л энэ хэдэн хүнээс болоод зорилго тавиад улстөрд явж байгаа хүн бүр хамгийн муухай болж харагдаж байна.

Майга гээд хөлөө тайрахгүй, муухай гээд улстөрөөс зугтаад гарц олдохгүй.

Түрүүн чи хэлж байсан, бид нар ямар нэг компаниас цалин аваад Монголдоо чимээгүй ажиллаж амьдарч болно гээд. Гэхдээ нэг ийм юм байгаа юм. Монголын нийгэмд дан ганц өөрийнхөө бизнесийг хийгээд сайхан явна гэвэл бас үгүй байна. Гараад л төрийн хүнд суртал, авилгал. Өвдлөө гэхэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахад хэцүү. Яг амиа бодоод, санаа амрах нийгэм биш. Бид нарын хувьд зарим асуудал зохицуулахад амар байж болох ч яг жирийн иргэдэд хэцүү. Өнөөдөр хэн нэгэн сэргэлэнтээд өөрийгөө болгож болно. Дараа нь миний хүүхэд яаж явах юм, хүүхдийн хүүхэд яаж явах юм?

Та нэг удаа ирээдүйдээ итгэхгүй бол амьдрах утгагүй гэж хэлж байсан. Итгэнэ, төсөөлнө тэгээд чадах юм аа хийнэ. Тэгвэл таны төсөөлөлд Монголын ирээдүй ямар байна?

Нийгэмд анх удаа том шинэчлэл хийсний дараа 30 жил өнгөрлөө. Чи бас анзаардаг л байх. Япон, Солонгос, Хятад ч тэр томоохон хөгжлийн эхний 30 жил жаахан хэцүү байж байгаад дараагийн 30 жилээс яг бодитой өөрчлөлтүүд мэдрэгдэж байсан. Манайх бол одоо яг чухал үе дээрээ явж байна. Зөв явж чадвал ирэх 30 жил бол үнэхээр үсрэнгүй хөгжлийн нэг үе байх болно.  Бужигнаантай ч гэсэн энэ 30 жилд хүн болж насанд хүрсэн нэг бүтэн үе байна. Бид нар харин тэр замыг нь жаахан ч гэсэн өргөн болгох тал дээр ажиллая. Манай улс 200-аад орноос хүний хөгжлөөрөө 92-т, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ 115 хавьцаа явж байгаа. Ер нь амьд яваа насандаа энэ тоонуудыг эхний 30-т орохыг харах юмсан. Яагаад болохгүй гэж тийм ээ? Эхний 30-д орно гэдэг чинь ДНБ нь (одоо манайх 4000 давж байна) 23 мянга хавьцаа болно гэсэн үг. Испани, Чехийн түвшинд очно гэсэн үг. Гэхдээ манайх хүн ам багатай. Ямар Энэтхэг биш, Бангладеш биш. Нүсэр биш болохоор боломж бас байна.

Манайхан жишээ нь “Аз жаргалтай Улаанбаатар” гэхээр л ээ өө үү пүү паа гээд л мөрөөдөл сонсож чадахаа больчихсон. Яахав тэр мөрөөдлийг нь янз бүрээр худлаа ярьж алсаар байгаад тэр байх. Одоо дахиад мөрөөдөх чадвараа яаж олж авах уу?

Мөрөөдөлгүй болсондоо биш байх аа. Нөгөө шалан дээр уначихсан байгаа улс төрийн нам маань цонхны цаанаас чихэр долоолгоно гэдэг шиг юм ярьж байна гэж үзээд доош нь чихээд байна. Түүнээс биш монгол хүн мөрөөдөлгүй болсондоо биш байх. Хүний хүсэл мөрөөдлийг шууд үгүйсгэхдээ биш. Яахав тэр худлаа яриад байгаа асуудлууд дээр бол монгол хүн тэндээс юм сурч байна, хэрсүүжиж байна. Дархлаа сууж байна. Хүн бүр өөр өнцгөөс харж чаддаг болж байна. Оюун санааны хувьд хөгжиж байна.

Тантай санал нийлж байна. Хэдий 30 жил учраа олоогүй ч гэсэн бусад улс орноор яваад үзэхэд энэ хугацаанд монгол хүний сэтгэлгээ задарч хөгжиж байгаа санагддаг шүү.  

Нэг үг бичихэд тэрийг  дор хаяж 10 өөр өнцгөөс шүүмжлэх, эсэргүүцэх тийм юм гарч ирдэг. Ер нь ингээд олны өмнө гарсан ч юм уу эсвэл нийгэмд нөлөөлөлтэй хүн нийгмээсээ заавал шүүмжлэл зэмлэлийг хүлээж авна гэдэг сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой юм байна лээ.

Таныг хувь хүнийг 100 хувь гэж үзвэл дотор чинь хэний бүтээсэн хэсэг илүү давамгайлж байна? Миний ихэнхийг жишээ нь эрэгтэй хүн бүтээсэн юм шиг санагддаг. Таны хувьд гэр бүлийн хүмүүжил том байна уу, япон школ том байна уу?

 Яг 50/50. Суурь хүмүүжил,гэр бүлийн орчин, өвөөгийн нөлөө байна. Нийгмийн үзэл баримтлал, биеэ авч явах, амьдралын зарчмууд бол Японоос авсан юм их.

Маш хүчтэй том соёл шүү. Очсон хүнээ сорж аваад сэтгэл оюунд нь нэвчдэг.

Манай ангийнхан хэлдэг юм. Тулгатаа чи их даруухан хүүхэд байсан, Японд очоод бүүр даруухан болчихоод ирсэн байна гэдэг.  Яахав тэгээд өөрийнхөөрөө байгаа минь л энэ. Гэхдээ яг одоо бол ийм их мэдээллийн урсгалд  жаахан содон өнцөгтэй, онцлогтой байж чадахгүй бол ялгарахгүй юм байна, ялангуяа улстөрд.

Хэрэв би хурц өнгө биш юм бол хурц өнгө байх гээд яахав, өөрөөр байя гэж та их хэлдэг. Гэхдээ өөрийгөө эвдэх ёстой биз дээ?

Ямар ч хичээл зүтгэлгүйгээр зүгээр л урсгалаараа явна гэж байхгүй. Тодорхой хэмжээгээр бас жаахан өнцөг гаргах шаардлагатай үед бол гаргана, хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Гэхдээ өөрийнхөө сууриас урваад явж болохгүй.

Улстөр бас урлаг шиг их сонин салбар бололтой, яг ч дүрмийн дагуу хийлээ гээд болдоггүй.

Бизнес бол хамгийн бага зардлаар хамгийн их мөнгө олох. Улс төр бол хамгийн бага хүчин чармайлт, цаг хугацаа зараад хамгийн их санал авах олон хүнд таалагдах гэдэг зүйл. Тэгэхээр урлаг нь байдаг юм уу, арга барил нь байдаг юм уу ямар нэгэн юм хэрэгтэй болно. Дайтах урлаг гэдэг шиг олон хүнд таалагдах, итгэлийг нь олж авах урлаг хэрэгтэй болно. Хүний итгэлийг олж авна гэдэг хэцүү.

Урлаг гэснээс өдөр тутамдаа хэр урлаг хэрэглэдэг вэ? Урлаг гэдэгт уран зохиол, кино ч орно.

Гурван зүйл санаанд орж байна.  Нэг нь бол хүүхдүүд. Нэг өдөр маш их ядраад харьтал гурван настай хүү маань нот харчихсан төгөлдөр хуур тоглож байсан. Наад талд нь охин маань хилээ тоглож байхыг хараад маш их сэтгэл хөдөлсөн. Бусдыг хайрлаж амьдарсны  минь шагнал, бурхнаас бэлэг өглөө гэж бодсон. Бас саяхан Чойномын шүлгүүдийг уншаагүй их удаж байгаад уншаад арван жилд байсан үе санаанд орж байсан. Хятадын гүн ухааны  Күн Тан гээд ном япон хэл дээр дахин уншсан. Бас л Японд  байсан үе рүү буцаад очсон мэт мэдрэмж төрсөн. Нэг эшлэл хуваалцъя. 

Тэнгэр аз хишигээ () нимгэн хайрлаваас, хариуд нь мөс чанараа () зузаалъя.
Тэнгэр бие махбодийг зүдрээвээс, хариуд нь оюун санаагаа ангижруулъя. 
Тэнгэр явах замд зэтгэр үүсгэвээс, хариуд нь зарчим ёсыг барьж туулъя.
Caigentan (XVI зуун)

Сая та бусдыг хайрлаж амьдарсаныхаа шагналыг авлаа гээд хэллээ. Энийг ямар итгэлтэй хэлж байна аа?

Итгэлтэй байна. Аливаад хайраар л хандаж ирсэн.

Ухаад асуугаад баймаар хариулт байна. Ийм итгэлтэй хэлж чадах хүн хэд бол. Эхлээд хайрлуулж байж л хайрлах байх. Тэгэхээр их хайрлуулсан хүний үг юм биш үү?

Тийм шүү. Сайхан хүмүүсээр хайрлуулж өссөн . Өвөө, аав минь маш зөв замаар явж ирсэний буян хишиг байдаг ч гэж боддог. 2016 онд нэр дэвшчихээд би шууд айлуудын хаалгыг тогшоод л явсан юм. Тэгэхэд аав ээжийг, өвөөг таньдаг хүмүүс маш их гарч ирж байсан. Өөрийнхөө төрж өссөн орчиндоо байсны давуу тал байсан  л даа.

Хүнээс их хайр авсан болохоор өгөх хайр их. Дотроо хайрын хадгаламжтай ч гэх юм уу.

Тийм шүү.

Энэ утгаараа залуучуудыг өмөөрмөөр санагдах үе байдаг. Тэдний хайрлахгүй байж зов гэж сурталддаг.  Манай соёлд ер нь зовлон их сурталддаг. Зовлон үзсэн хүн л юм ойлгодог ч гэнэ. Эсвэл эмэгтэйчүүд нь зурагтаар гарч ирээд эмэгтэй хүн зовлон даах ёстой гэдэг агуу гоёчилсон сургаал уншина. Зовсондоо сайн хүн болдог бол өдийд манай нийгэм өөр байх байсан байх.  

Яахав, зовлон гэдэг чинь стоори байхгүй юу. Тэр утгаараа үнэ цэнэтэй байх шиг.

Таны хувьд туулахад хэцүү, хамгийн их зовж байсан үе хэзээ вэ?

Нэг их айхтар хүнд гайхуулах зовоод байсан юм байхгүй дээ. Мэдээж 1990-ээд онд ганц манайх гэлтгүй бүх л айл хэцүү байсан даа. Аав ээж хоёр л гэхэд 1400 төгрөгийн үнэтэй Дархан нэхий хүнээс зээлж авчихаад бүтэн нэг жилийн турш орой бүр тэр өрийг ярьдаг байлаа. Тухайн үед яагаад манайх ийм ядуу, яагаад орой бүр ингэж өр шир ярьдаг юм бол гэж боддог байсан. 33-р сургуульд сурч байгаад нэгдүгээр сургуульд шилжээд ирсэн чинь онц сурдаг байсан би муу сурдаг болчихлоо. Шалгалт авна, муу авна. Хичээлийг нь ойлгохгүй шөнө гурав болтол хичээлээ хийгээд л, нойр хүрээд байхад өөрийгөө зүүгээр хатгаад, хүйтэн усанд ороод сэргэж байгаад хичээлээ хийж байгаад өглөө хичээлдээ  явдаг байсан.  Үүнийг зовлон гэж хэлэхгүй ч тухайн үед тэгж их хичээл зүтгэл гаргаж байсан хүүхэд ховор.  Ангийнхнаа харахаар би ер нь яахаараа ингэж зовон зовон хичээл хийх ёстой гээд л бодогдоно.

Япон бас их хатуу нийгэм шүү. Зовлон гэх нь хаашаа юм. Цаанаасаа л  хүнийг нэг тийм дарамт, сорилт дунд тавьж байдаг.

Хариуцлагатай байхыг шаарддаг. Хариуцлага гэдэг чинь өөрөө тайван амгалан зүйл биш. Нэг ёсондоо зовлон гэдэг шиг нэг юм чирээд л яваад байдаг. Японд жишээлбэл Монголд байхгүй үүсмэл зовлон их байсан. Өөрсдөө хичээгээд л стресдээд. Жишээ нь Японд ажиллаж байхдаа нэг удаа л хоцроход сэтгэл санаа сонин болоод хэцүү байдаг. Гэтэл манай ажилчид бол одоо хоцорч байна, чөлөө авч байна. Тэгэхэд би лав эхний нэг жил огт чөлөө авч байгаагүй. Японд шинэ ажилтан бол юун чөлөө авах, хоцрох байлаа шүү дээ. Түүгээрээ бол сайхан  нийгэм л дээ.

Улаанбаатар бас Токио шиг тийм хатуу стресстэй системтэй болох шаардлагагүй ч юм шиг.

Магадгүй, тайван хэмнэл бол  нэг  талаараа манай давуу тал. Гэхдээ цаг барьдаггүй нь бол арай л дэндүү. Нийслэлийн хурал 9:30-д зарлаад 11 цагт эхлэж байх жишээтэй.

Цаагуураа эдийн засагтай холбоотой байх. Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнээс ангид шахуу амьдарч байхаар цаг хугацаанд ч ялгаагүй ханддаг, хотын эдийн засгийн баримжаа байхгүй. 

Хувийн хэвшлийн байгууллага бол харьцангуй сайжирсан.   Манайх гэхэд уурхай руу ээлжийн системээр явдаг. Яг зургаан цагт автобус хөдөлнө гэсэн бол яг цагаа бариад зогсож байдаг. Бид нар ч бас шахна.  Хаа байсан Дархан, Шарын голоос ч цагаа бариад л хүрээд ирдэг. Байгууллагын шинэ жил болсон ч цагаа барихыг хичээдэг. Миний үнэхээр харамсдаг зүйл бол улс төрчид юм уу нийгэмд нөлөөлж үлгэр жишээ болж байгаа хүмүүс өөрсдөө ийм байгаад л харамсдаг. Хувийн зохион байгуулалтгүй. Хүмүүсийг маш их хүлээлгэдэг. Тэрэндээ огт санаа зовохгүй. Би бол гадаа  хоёр, гурван хүн оочерлочихоор л сэтгэл эмзэглээд байдаг. Тэгээд л харж байгаад яриа нь хурдан дуусахаар хүн байвал гялс ярилцаад аль болох хүн хүлээлгэхгүй байхыг хичээдэг.

Би л энд таныг шалаад яриулаад байгаа болохоос манайх чинь хайр нь дотроо хал нь гаднаа соёлтой. Гэтэл Улстөрд нэг их ил дарвайтал уйлдаг, нэг их чангаар хайраа зарладаг шинэ соёл ч бий боллоо. Ил орилоод байдаггүй хайрыг сонгогчид яаж олж харах уу?

Хүмүүс ер нь мэдэрдэг.  Би хүмүүстэй харьцахдаа чин сэтгэлээсээ харьцдаг. Чи бид нар Инаморигийн номыг орчуулсан биз дээ? Ээрүү ч байсан хамаагүй, чи үнэхээр чин сэтгэлээсээ яривал хүний сэтгэлд заавал хүрнэ гэдэг. Чин сэтгэлээсээ харьцаж байгаа нь цаад хүнд хүрээд байгаа юм шиг санагддаг. Явж явж төлөөлөгч хүн гэдэг иргэдийн зовлон бэрхшээлийг төлөөлөөд шаналаад явж байх ёстой хүн. Асуудлыг нь шийдэж чадвал сайн. Чадахгүй бол ядаж чин сэтгэлээсээ сонсоод, шийдэж чадах хүнд нь дамжуулж өгдөг ч юм уу. Яг бодит амьдрал дээр 35 мянган хүн амтай тэр тойргийн бүх байшин сав, зовлон бэрхшээлийг сонсоё гэвэл хаана ч амжихгүй ч гэсэн эхлээд сонсох, чин сэтгэл гаргах нь чухал.

Ер нь таны улстөрийн зорилго юу билээ?

Улс төрд явж байгаа хүний хувьд зориод явж байгаа нэг юм бол Ардчилсан намыг ард түмний хайртай нам болгомоор санагддаг. Монголын ард түмэн бас ардчилалд хайртай. Гэтэл Ардчилсан нам өгсөн итгэлийг нь алдаад иргэд гомдчихсон ч юм уу тийм юм байна. Уг нь ардчилсан нам 2016 онд  ялсныхаа дараа үзэл баримтлалаа шинэчлээд, дүрмээ тодорхойлоод их гоё болгосон. Үндэсний бодлогын хороонд шинэ залуучууд ороод ирчихсэн. Зурагтаар харахаар хуучны хүмүүс харагдаад байдаг боловч харагдахгүй байгаа хэсэг дээр нэлээд том суурь өөрчлөлтүүд орж байгаа. Яах аргагүй улс орны амьдралыг засаг шийдээд явдаг. Засгийн эх ундрага нь улс төрийн нам байдаг. Тэр улс төрийн намыг өөрчилмөөр байна.  Хийе гэвэл зөндөө юм байна. Наад зах нь шуудангийн шинэчлэл хиймээр байна. Арай ч дээ 21-р зуун байн даа. Гэхдээ тэрнээс өмнө эхлээд намаа өөд нь татмаар байна.

Намгүй улстөр улстөр биш гэдгийг хүмүүс болон бие даагч нар ойлгох хэрэгтэй байх.

Аргаа бараад л тэгж байгаа байх.  Хоёр том нам нь муу байгаа болохоор.

Энгийн иргэн бол ойлгож болно. Гэхдээ тэр хоёр намын автор явсан хүмүүс ингэхээр утгагүй байна. Манай улсад бас эрсдэл байна, сонин сонин амбицтай улстөрчид төр тэргүүлж байна.  Таны улс төрийн чиг баримжаа, итгэл үнэмшилд чинь ардчилсан  гэр бүлийн бүлийн школ байгаа гэж итгэж байна.

Тийм итгэл үнэмшилгүй, тэрнийхөө төлөө явахгүй бол би улстөрд оролцох ямар ч хэрэггүй. Цаг зуурын гажуудлаар ардчилсан үнэт зүйлст итгэл алдрах уур амьсгал ажиглагдаж байгаа, тэр жаахан харамсалтай. Гэхдээ монгол хүний эрх чөлөөний мэдрэмж, ирээдүйд итгэж байна. Итгэхгүй бол ингэж явах хэрэг ч байхгүй, ер нь итгэл найдваргүй амьдрал утгагүй шүү дээ.

 

 

 

 

 


  1. 172.69.252.* Amar 21 өдрийн өмнө
    Тулгат шиг залуус гарч ирэх болсон цаг. Тууштай, тулхтай залуу санагддаг. Ямар ч л байсан хүний цүнх барьж гүйгээгүй, хийсэн бүтээсэн ажилтай энэ цаг үед хэрэгтэй залуусын төлөөлөл. Миний бодол...
  2. 172.69.252.* Зочин 22 өдрийн өмнө
    Nuguu hugjilin berhsheltei Bolorogin nuhurig tsahilgan shatanda umhiryldeg kompani bizde hunshgyi novsh
  3. 172.69.252.* Temka 22 өдрийн өмнө
    Болушка сайн “хатгаж” хүний нарийн ширийн зүйлсийг яриулжээ. Ер нь тэгээд 40 насны гадаадад сураад ирсэн залуус энэ байгаа нийгмээ, улс төр, намуудыг яаж үнэлж дүгнэж байгааг сайхан ярьж гаргажээ.