Хил доторх хэлний асуудал

trends.mn
2020-10-08 10:19

Өнгөрсөн гурван сарын турш Монголчууд төдийгүй дэлхий дахин үндэсний бичиг, түүгээр дамжуулан нийт үндэстнийг хооронд нь нэгтгэх учиртай хэл соёлоо хадгалж үлдэхийн төлөө тэмцэж буй Өвөрмонголын өөртөө засах орны асуудалд анхаарлаа хандуулж байна. Өвөрмонголд буй монгол сургуулиудыг ирэх жилүүдийн турш зөвхөн хятад хэлээр хичээллэх сургалтын систем руу аажмаар шилжүүлж, монгол хэл дээр орох хичээлүүдийг үе шатлалтайгаар багасгах БНХАУ-ын үндэсний бодлогыг тууштай эсэргүүцэж байгаа энэхүү багш нарын тэмцэл хүрээгээ тэлж хэдэн мянган эцэг эх, сурагчид эсэргүүцлийн жагсаалд нэгдээд байгаа билээ. Монгол улсын төрийн тэргүүн асан хүртэл энэ асуудалд өөрийн байр сууриа илэрхийлж, олон улсын хэвлэлүүдээр түүний мэдэгдлийн талаар шуугьцгааж байна. Үндэсний хэл бичиг гэдэг зөвхөн хүмүүс хоорондоо харилцах, мэдээлэл дамжуулах төдий бус тухайн үндэстний олон зуун жилийн турш уламжилж ирсэн түүх, соёлтой холбогдох хамгийн чухал холбоос байдаг тул эх хэлнийхээ дархлааг хадгалж үлдэхийн төлөө хийж буй тэдний тэмцэл дан ганц Өвөр монголчуудын эрх ашгийн төлөөх бус нийт монгол үндэстний тэмцэл. Тэр ч утгаараа Монголчууд нүүрномынхоо хүрээ зургийг #savethemonglianlanguage хаштагаар сольж, хэд хэдэн удаа эсэргүүцлийн жагсаалыг Монголд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд зохион байгуулан,  "save education in Inner Mongolia”  буюу "Өврөө хамгаалъя" нэртэй цахим өргөдөлд хэдэн арван мянган хүн гарын үсгээ зурцгаасан билээ. 

Хилийн гадна өрнөж байгаа боловч энэ сэдэв эх хэлний асуудлыг бид гүнзгий анхаарах ёстой дохио болж байгаа явдал юм. Гэтэл хилийн цаана биш дотор ч энэ асуудал хөндүүр сэдэв байгааг бид анзаарахгүй өнгөрч болохгүй.  Монгол улсын хил доторх хэлний асуудал, ялангуяа олон үндэстэн зэрэгцэн аж төрдөг алс баруун хязгаар нутгийн сурагчид үндсэн хуулиар олгогдсон өөрсдийн эрхээ эдэлж, төрөлх хэл дээрээ суурь боловсролыг тэгш бөгөөд хүртээмжтэй хүртэж чадаж байгаа эсэх талаар энэ удаагийн цуврал сурвалжилгаараа хөндөхийг хичээв.

Баян-Өлгий аймгийн тухай хаа нэгтээ дурдах үед хотын бидэнд казак түмний эх нутаг хэмээх бодол хамгийн түрүүнд төрдөг ч түүхийн хуудсыг сөхвөл 20-р зууны эхэнд урианхай түмэн баруун ба зүүн гарын 7 хошуу, 27 суманд хуваагдаж одоогийн Баян-өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар дамнан аж төрч байж. 1922 оны сүүлчээр нэр бүхий казак аймгийн толгойлогчид өөрсдийн өрх айлын нэрийн өмнөөс Ховдын жанжин сайдын яамаар уламжлан Богд хаант засгийн газарт өргөдөл бичиж, казакуудыг шинэ монгол улсын харьяанд авч, бэлчээр нутаг нэмж олгохыг хүссэн бөгөөд Богд хаан казакуудын энэ хүсэлтийг сайшаан хүлээн авч, тэдний урьд нутаглаж байсан газрын хилийг өргөтгөн Ховд голын хойт тал, Таван богд уулаас эхлэн одоогийн Цагаан нуур, Бугат, Толбо сум хүртэлх нутгийг нэр заан олгосон байна. Улмаар 1940 оны 6-р сард хуралдсан Улсын 8-р их хурлаас “Казак ба Урианхай нарын үндэсний аймаг байгуулахыг Улсын бага хуралд даалгасугай” гэсэн тогтоол батлагдаж одоогийн Баян-Өлгий аймаг байгуулагджээ.

2020 оны байдлаар Баян-Өлгий аймгийн нийт хүн амын 91%-ийг (93980) казак үндэстэн эзэлж байгаа бол урианхайчуудын нийт хүн амын дунд эзлэх жин тэдний дараагаар буюу 5.6% (5802) байгаа юм. 

Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээнээс харахад аймаг даяар 45 цэцэрлэгт нийт 7596 хүүхэд хүмүүжиж, ЕБС-ийн 43 сургуульд 23800 хүүхэд суралцаж байна. Хэлний хувьд аймгийн төв болон сум даяарх  бүх цэцэрлэгүүд сургалтаа казах хэл дээр, ЕБС-ийн 30 нь казах хэлээр,  2 нь сургалтаа монгол, 1 нь монгол-англи-турк хэлээр, 9 нь монгол, казах зэрэгцсэн бүлэгтэйгээр, 1 сургууль тува, монгол холимог хэлээр зохион байгуулж байна. Өлгийн хотын 2-р арван жилийн сургууль үндэсний хөтөлбөрийн дагуу зөвхөн монгол хэлээр хичээллэдэг бол харин Цагаан нуур, Буянт, Алтанцөгц, Булган, Алтай гэх 5 сумдын сургууль монгол-казак зэрэгцсэн бүлэгтэйгээр хичээллэдгээрээ онцлогтой. Суралцагсдын тоо хэд байхаас үл хамаарч бүх ангийн нэг бүлэг нь дан монгол хэлээр хичээлийн хөтөлбөрөө заадаг бүрэн дунд сургууль Баян-Өлгий аймаг даяар монголчууд амьдардаг таван суманд байдаг бөгөөд сурвалжилгаа бэлтгэхээр ирсэн Алтанцөгц бол тэдгээр сумдын нэг. 

Уулсын цаана уулс, давааны цаана даваа үргэлжилсэн Цаст Цамбарагавын бэл хормой болох энэ л нутагт Алтанцөгц сумын урианхайчууд Зүүн гарын хаант улсын үеэс эхлээд хэдэн зуун дамжин амьдарч ирсэн түүхтэй. Баян–Өлгий аймгийг 1940 онд Ховд аймгаас өрх тусгаарлан байгуулагдахад тус сум 2117 хүн амтай байсны 2103 нь урианхай, 11 дөрвөд, 3 баяд үндэстэн байсан бол энэ оны байдлаар сумын нийт оршин суугч 2800 гаруй иргэний 15 хувь нь  урианхай үндэстэн байна. Суманд ирэхээсээ өмнө, Улаанбаатар хотод байхаас л Толбо, Ногооннуур гээд ганц ч монгол хүн байхгүй сумуудтай харьцуулахад Алтанцөгц харьцангуй монголчууд ихтэй сум гэж олон хүний амнаас сонссон хэдий ч угтаа сумын төвөөр явахад ч, сумын сургуульд зочлох үед ч тэр монгол хүн, монгол сурагчийг олж уулзах нь надад бодсоноос ч хүндхэн даваа байж таарав.

 200 хүрэхтэй үгүйтэй өрх сумын төвдөө аж төрдөг, аймагтаа хүн амынхаа тоогоор сүүлээсээ 2-т ордог энэ сууринг амьсгалтай, амьтай, хөл хөдөлгөөнтэй гэдгийг мэдрүүлэх ганц газар бол сумын арван жилийн дунд сургууль. Нутгийн малчид халуун намрын тарга тэвээргээ авч байгаа мал сүргээ арчлах, тордохоос эхсүүлээд хадлан тариагаа хураах, өвөлжилтийн бэлтгэлээ базаах гээд толгой өндийх завгүй ажилтай байгаа тул сургуулийн сурагчид намайг суманд очсон үе буюу 9 сарын дундаас л ээж аавынхаа ажилд тусалж дуусаад хичээл номондоо жигдэрч байсан юм. Гурван давхар цагаан барилга нь ашиглалтаас гараад аль хэдийнээ хоёр аравныг элээж байгаа сургуулийн үүх түүх аль тэртээ Баян-Өлгий аймаг байгуулагдахаас ч өмнө бичигдсэн гэх. Ардын хувьсгалын анхны жилүүдэд Алтайн Урианхайн  аймгийн төв Цагаан түнгийн “Хөх модон”-д Алтанцөгцийн анхны сургууль байгуулагдаж. Энэхүү сургуулийн анхны багшаар Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст багшилж байсан түүхтэй гэнэ.  

Цаг төр ороо бусгаа байх үед Алтанцөгц сумын малчин Малигашийн Төрбат нь хувийн мал, хөрөнгөндөө тулгуурлан өөрийн зардал хөрөнгөөрөө  хувийн сургууль сумандаа байгуулж, 1936-1939 оны хичээлийн 4 жилд 20-50 урианхай хүүхдийг жил болгоны зуны 4 сарын хугацаанд хичээллүүлж байжээ. Зураг дээр тэрхүү сургуулийн анхны сурагчид,  Б. Бааст багштайгаа цугтаа

Алтан-Цөгц суманд байгуулагдсан анхны сургууль нь одоогийн Өлгий хотын Б. Баастын нэрэмжит 2-р бүрэн дунд сургууль юм

Алтан Цөгц сумын бүрэн дунд сургууль

Ардын цолтон хоёр, хөдөлмөрийн баатар тавыг төрүүлсэн 90 жилийн түүхтэй сумын сургуульд энэ хичээлийн жилд 450 гаруй хүүхэд суралцаж байгаагаас ердөө 40 нь монгол сурагчид. Хос хэлний бодлоготой таван сумын нэг учраас анги бүрийн “а” бүлэг Монгол улс даяар хэрэгжиж буй сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ орох ёстой. Гэвч энэ жил 11-р ангид суралцах монгол сурагч ч байхгүй, монгол хөтөлбөрийн дагуу хичээллэх сонирхолтой Казак хүүхэд ч олдоогүйн улмаас 11-а бүлэг хаагджээ. Хамгийн олон монгол хүүхэдтэй 8-а ангийг эс тооцвол (20 хүүхдийн 9 нь монгол) “а” бүлэгт суралцаж байгаа монгол хүүхэд таваас доошоо, ахлах ангиудад бол ганц, хоёрхон л байх жишээтэй. 

3-a ангийн хувьд 12 хүүхэд суралцдаг монгол анги бөгөөд ангийн багш нь казак, сурагч хүүхдүүд нь бүгд казак. Монгол хэлний хичээлийн үеэр эх дээр гарсан шоолох, шогшрох, харуусах гээд хүүхдүүдийн мэдэхгүй үг бүхнийг багш нэг бүрчлэн казакаар давхар орчуулан хүүхдүүддээ ойлгуулах бөгөөд үг бүхнийг давхар орчуулах нь түүнээс асар их хичээл зүтгэл, хөдөлмөр шаардаж байгааг 40 минутын хичээлийг хажуугаас нь ажигласан  хэн ч ойлгохоор. 

29 дэх жилдээ сумандаа багшилж байгаа ангийн багш нь хэлэхдээ

Анх ажлын гараагаа эхэлж байхад монгол ангид дийлэнх нь буюу 10-аас илүү монгол хүүхэд ,ганц  хоёр л казак хүүхэд суралцдаг байсан бол жил ирэх тусам монгол хүүхдүүд цөөрсөөр энэ жил бүр ганц ч монгол хүүхэдгүй хичээллэж байна. Казак хүүхдүүдийн хувьд монгол хэлийг эхнээс нь сурна гэдэг яг л монгол хүүхэд англи, хятад хэлийг эхнээс нь сурахтай ижил. Тийм ч болохоор тэдэнд орчин их чухал. Харамсалтай нь энэ ангид ганц ч монгол хүүхэд байхгүй,  хүүхдүүд хичээлийн хэдхэн цаг анги дотор монгол хэлээр яриад л үлдсэн цагтаа ахуйн хүрээнд гэр бүлийнхэнтэйгээ дан казакаар ярьчхаж байгаа юм. Ийм нөхцөлд монгол хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрийг казак хүүхдүүдэд заах нь тун ч бэрх даваа. Уг нь энэ анги өнгөрсөн жил карантин тогтоохоос өмнө хүрдээ үзээд, 1000 дотроо нэмж, хасаад сурчихсан байсан ч хөдөөний казак айлууд монгол сувгууд үздэггүй учраас хүүхдүүд маань бараг л теле хичээл огт үзэлгүй, хичээлүүдээ давталгүйгээр 3-р ангидаа ороод ирсэн. Одоо ингээд л өмнө жил үзсэн хичээлүүдээ эхнээс нь зааж байна”

гэв.

Сумын дотуур байрны охидын тасаг. Дотуур байранд амьдрах хүүхдүүд хичээлдээ гэрийн шаахайтайгаа яваад орох нь энгийн л үзэгдэл

Хичээл дундуурх завсарлага сургуулийн гадаа байх модон жорлон руу шурд хийх  зуурт л дуусна. Сумын сургууль болон дотуур байр одоог болтол боловсон бие засах газартай болж амжаагүй

2014 онд аймгийн ИТХ-аас баталсан хөтөлбөрийн дагуу Баян-Өлгий аймаг даяарх сургуулиудын казак бүлгүүд бага ангидаа казак хэлээр бүх суурь хичээлүүдээ судлахынхаа хажуугаар монгол хэлээр унших бичих анхан шатны дадлыг эзэмших ёстой. Дунд ангидаа суурь боловсролыг төрөлх хэлнээс төрийн албан ёсны хэлэнд аажмаар шилжих шилжилтийн үе гэж үзэн, казакын уран зохиол хэл бичгийн хэл үзэж давхар суурь шинжлэх ухааны хичээлүүдийг монгол хэлээр үзнэ. Харин ахлах ангийн 3 жилд бүх хичээл монгол хэлээр заагдах хөтөлбөртэй. Цаасан дээр бичигдсэн эл төлөвлөгөө бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг харахаар  11-р ангийн казак бүлгийн хичээлд суув. Өмнө орсон бага ангитай ижил хичээл орж буй физикийн багш нь казак, 25 сурагчтай ангид нэг ч монгол хүүхэд байхгүй. Ангид ганц ч ширхэг сурах бичиг байхгүй бөгөөд багш бүтэн хичээлийн 40 минутын турш ердөө хоёр бодлогыг цээжээр бичүүлсээр завсарлагааны хонх дуугарах нь тэр. Физикийн хичээлийн оронд хуулан бичлэг хийсэн ихэнх сурагчийн дэвтрийг харахад хамгийн энгийн монгол үгийг ч алдаатай бичсэн тохиолдол элбэг. Хичээлийг 100% монгол хэлээр заах ёстой ч багш хүүхдүүдийн мэдэхгүй нэр томьёог казакаар л тайлбарлан хэлнэ. Физикийн нэр томьёог казакаар тогтоож байгаа хүүхдүүд ганцхан жилийн дараа физикийн хичээлийг монгол хэлээр өгч улмаар их сургуульд элсэн ороход хангалттай өндөр оноо авч чадна гэдэг тун ч бүрхэг. Сургууль нийтдээ 44 багштайгаас 4 нь монгол багш ( бага ангид 2, дунд ангид 2). 

Алтанцөгц-д өнгөрсөн жилээс багшилж буй монгол хэлний багштай ярилцахад

Хамгийн бэрхшээлтэй хичээл гэвэл уран зохиолын хичээл. Анги дэвших тусам уран зохиолын хичээл дээр үздэг том том роман, жүжиг гэхчлэн сэдвүүдийг казах хүүхдүүд тэр болгон ухаж ойлгож чаддаггүй. Хүүхдүүдийн ойлгох түвшин хэдий сайн хэдий ч дүрслэн бичих тал дээрээ муу. Уран зохиолын хичээл дээр тийм шүлэг цээжил, ийм ном унш гээд даалгавар өгөхөд ангийн 2,3 хүүхэд л хийж ирэх жишээтэй. Жишээ нь, уран дүрслэлийн аргаар бичсэн уран зохиолын монгол номыг казак хүүхдүүд уншаад ойлгодоггүй. Монголын нууц товчооноос эхлээд л. Зарим алдартай тууж, романыг хүүхдүүдэд ойлгуулахын тулд казак хэл дээр хүртэл орчуулсан байдаг

хэмээн өөрийнхөө заадаг хичээлүүдэд гардагтхүндрэл бэрхшээлийн талаар ярьсан юм. Сонирхуулахад, өнгөрсөн хичээлийн жилд Баян-Өлгий аймаг даяар ЕБС төгссөн нийт төгсөгчдөөс 206 хүүхэд Монгол хэл, бичгийн ЭЕШ-ыг өгсөн бөгөөд тэдний дундаж хэмжээст оноо нь 387 байсан юм (2019 онд 386, 2018 онд 389 оноо авч гурван жил дараалан монгол хэлний шалгалтанд 21 аймгаас Баян-өлгий аймаг хамгийн сүүлийн байрыг эзэлсэн). Нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн 29 нь монгол хүүхэд байсан ба тэд харин монгол хэлний  шалгалтандаа 474 оноо дундалжилжээ. 

 

 

Баян-Өлгийн аймгийн Алтанцөгц сумын сургууль одоог хүртэл боловсон бие засах газартай болоогүй

Монгол улс үндсэн хуулиндаа “...хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг,шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөх...” заалтаар үндэстний цөөнхийн төрөлх хэл дээрээ сурч боловсрох эрхийг баталгаажуулсан байдаг. Гэвч одоог хүртэл нэгдсэн бодлого хэрэгжүүлэх ёстой Боловсролын яам казак хэлээр сургалт явуулж буй сургуулийн сургалтын талаар нарийвчилсан зохицуулалт хийгээгүй нь хамгийн хачирхалтай. Хос хэлний талаар баримтлах бодлого, чиглэлийг Боловсролын яам зөвхөн Баян-Өлгийн аймгийн асуудал хэмээн үзэж боловсрол, соёлын газарт нь даатгаж орхиж. Аймгийн боловсролын газар нь дур мэдэж яамнаас баталсан нэгдсэн хөтөлбөрийг өөрчлөн сурагчдын хичээллэх цагийг нэмж, хасах боломжгүй тул дунд ангид гэхэд монголын уран зохиолын цагаас хасагдаж, казакын хэл уран зохиолын хичээл орж байгаа аж. Энэ тухай сургуулийн ахлах, дунд анги хариуцсан сургалтын менежер Мухаммед “Хос хэлний сургалтын тухай төдийгөөс өдий хүртэл өчнөөн хүн ярьж байгаа ч үндэстний цөөнх хүүхэд яг энэ хууль, дүрмийн дагуу суурь боловсрол эзэмшнээ гэсэн ямар ч баримт бичиг алга. Хос хэлний хөтөлбөрийг аймгийн боловсрол, соёлын газар баталдаг тогтолцоотой. Гэтэл энэ хүүхдүүд чинь Баян-Өлгий аймгийн иргэнээс гадна Монгол улсын иргэн. Уг нь бага ангидаа дан казакаар хичээлээ үзсэн хүүхдүүдийг дунд ангид нь монгол хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг болгохын тулд харин ч монгол хүүхдүүдийн үздэгээс ч олон цагийг монгол хэлний хичээл дээр зоож өгмөөр байгаа юм. Гэтэл эсрэгээрээ цаг нь хасагдсан. Манай сум харин ч монголчууд олонтой тулдаа хүүхдүүдийн монгол хэлний хэрэглээ сайн. Гэтэл монголчууд огт байхгүй сумуудад ийм хөтөлбөрөөр хичээл ороод  төгсөх ангидаа ЭЕШ-ын адаг сүүлд орох үед нь гэнэт тэр хүүхдүүдийн монгол хэлэнд санаагаа чилээдэг байж болохгүй шүү дээ. Дээр нь нэмээд казак хэлээр орчуулагдсан бага ангийн сурах бичгийн хүртээмж, агуулга, хос хэлээр хичээж зааж байгаа багш нарын заах арга зүй гээд олон асуудал байгаа. Казакстанаас казак хэл дээр хангалттай сурах бичиг ирдэг. Гэтэл монгол хэл дээрх математикийн хичээлийн сурах бичиг гэхэд нэг ангид суралцаж байгаа 15 хүүхдийн 5 хүүхдэд л хүрэлцэж байна. Казак хэл рүү орчуулсан монгол сурах бичгийн хангамж ч гэсэн муу. Яам үнэхээр л энэ хүүхдүүдийн монгол хэлэнд анхаарлаа хандуулж байгаа бол аймагт найдаад орхих биш, өөрсдөө нэгдсэн бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Сургуулийн урдхан талд баригдсан сагсан бөмбөгийн шинэ талбай дээр хэд гурван хүүхэд бөмбөг өшиглөн тоглож байх зуураа нэгнээ монгол нэрээр дуудах үед л би Алтанцөгц-д ирснээсээ хойш анхны урианхай сурагчтайгаа танилцсан билээ. Хүүгийн нэр Одсайхан, энэ жил дунд ангийн сурагч болсон бөгөөд ангийнхаа 18 хүүхэд дундаа ганцаархнаа монгол хүүхэд гэнэ. Одсайханыг сургуульд ордог жил сумын сургуульд монгол бүлэг нээгдээгүйн улмаас хүү нэг жил гэртээ өнжсөн бөгөөд дараа жил нь ч мөн адил монгол бүлэгт хүүхдийн тоо бүрдээгүйн улмаас арга буюу казак бүлэгт элсэн оржээ. Одсайханы үеийн хүүхдүүд бүүр 2 жил өнжиж байж монгол багштай, монгол ангид орсон тухай хүү надад хуучлан ярив. Хүүгийн ээж сумын сургуулийн бага ангийн багш тул бага ангидаа казак бүлэгт элсэн орсон ч гэсэн монгол хэлээрээ сайн ярьж бичиж чадна аа гэв. Дунд ангийн том ах болох ямар байна даа гэж асуухад 

Бага ангид байхдаа зөвхөн нэг багшаар бүх хичээлээ заалгаж байсантай харьцуулахад одоо дунд ангидаа янз бүрийн хичээлийг олон багш нараар заалгаж байгаа нь ёстой гоё байгаа. Гэхдээ зарим казак багш нарынхаа яриаг ойлгодоггүй болохоор давтаж асуухаасаа ичээд байдаг. Надаас бусад ангийн бүх хүүхэд казак учраас багшийн ярьж байгааг төвөггүй ойлгочихдог. Тийм байхад байн байн багшаас нэмэлт тайлбар асуугаад байх чинь ичмээр хэрэг шүү дээ”  хэмээн хэвлүүхэн нь аргагүй хариуллаа. 

Хүү биднийг сургуулийн дөрвөн монгол багшийн нэг болох өөрийнхөө ээжтэй танилцуулав. Үгийн айзам, хэмнэлийг уртасган дууддаг урианхай түмний нутгийн аялгаар биш, халх аялгаар цэвэрхэн гэгч нь ярих Баярсайхан багш их сургуулиа төгссөнөөс хойш нутагтаа тасралтгүй 15 жил бага ангийн багшаар ажиллаж буй. Анх багшийн гараагаа эхэлж байх үед нь нэгдүгээр ангид 20 гаран урианхай хүүхэд элсэн ордог байсан бол энэ хичээлийн жилд  түүний анги даасан 4-а ангид ердөө 3 урианхай хүүхэд суралцаж байгаа бөгөөд хичээл эхэлснээс хойш 2 казак хүүхэд нэмэгдэн 5-уулаа болж. Анх нэгдүгээр ангидаа наймуулаа цугласан ч эцэг эх нь хот хүрээ газар луу нүүсээр өнгөрсөн жил 3 хүүхэдтэй хичээлийн жилээ дуусгасан түүний ангийг тарааж, “б” ангитай нь нийлүүлэх саналыг албаны хүмүүс дэвшүүлэн Баярсайхан багш хариугүй сургуулийн жижүүр болохооо дөхсөн ч Улаанбаатарт төвтэй “Урианхай, Тува хөгжлийн төв”-өөс албан бичиг, мэдэгдэл удаа дараа хүргүүлсний эцэст багш ажлын байртайгаа үлджээ. Гэвч монголчуудын шилжилт хөдөлгөөн энэ эрчээрээ үргэлжилсээр байх юм бол энэ нутагт монгол багшийн хэрэгцээ үгүй болох нь цаг хугацааны л асуудал болох биз ээ. Бага ангийн багшийн ажлын байр тун ч эрэлт хэрэгцээтэй байдаг хөрш зэргэлдээ Увс, Ховд аймгийн сургуулиудад тэрээр багшлах бүрэн бололцоотой ч төрж өссөн нутаг усандаа хоргодож байгаа сэтгэлээр л одоог хүртэл сумандаа ажиллаж байгаа түүний хамгийн том эмзэглэл бол нутаг орон нь эзгүйрч байгаа үйл явдал. “Манай сум 4 багтайгаас саяхныг хүртэл тэр чигтээ монголчууд амьдардаг байсан Баянбулаг багт одоо бол монгол, казакчууд 50,50 хувийн харьцаатай байна. Сумын нэг урианхай айл нутгаасаа нүүхэд дагаад 3-4 хүүхэд сургуулиас шилждэг. Төв суурин газраас суманд ирж ажиллана гэсэн ойлголт байхгүй учраас тэр хүүхдүүдийн орон тоо өөр хүүхдээр нөхөгдөнө гэж байхгүй. Казакууд биднийг нутгаас минь хөөж гаргаад байгаа зүйл огтоосоо байхгүй шүү дээ. Бид нар л нутагтаа эзэн шиг эзэн байж чадахгүй, нүүцгээж байна.Үр дүнд нь гэвэл нутгийнхаа голомтыг сахиж үлдсэн хэдэн урианхайчууд нь айлын гэрт толгой хоргодож байгаа хоноцууд мэт л аж төрж байна даа. Нутгаасаа гарч Өлгий орцгоосон урианхайчууд ч сайн сайхан амьдраад байгаа зүйл харагдахгүй л байна. Мэргэжил боловсролгүй, мал дагахаас өөр эрдэм чадалгүй хүмүүс чинь яг үнэндээ аймгийн төвд баян казакуудын барлаг л хийнэ. Түүнийхээ оронд нутаг орноо эзэнтэй байлгаасай гэж хүсэх юм даа. Ирээдүй гэдэг бидний хувьд үнэхээр бүрхэг, сүүлдээ ч цөхөрч байна шүү дээ” хэмээсэн юм. Сумын сургуульд сурч байгаа монгол сурагчдад анги дэвших тусам тулгардаг хамгийн том асуудал нь цөөнхийн дундах цөөнх болж ангидаа ганцаарддаг явдал. Насаараа сумынхаа сургуульд химийн багшаар ажиллаж өндөр насны тэтгэвэртээ суусан Насанжаргал гуай 8-р ангид суралцдаг хүүтэйгээ хамт сумын төвд амьдардаг. Сурагчдын шилжилтийн талаар түүний бодлыг асуухад

Үнэнээ хэлэхэд, монгол хүүхдүүд яагаад сургуульд тогтохгүй байна гэвэл сумын сургуульд монгол багш нар алга. Яахав бага ангид бол харьцангуй дажгүй суралцдаг ч  дунд ангид орохоор Казах багш нар монгол хүүхдүүдийн хичээл сурлагыг хайхардаггүй. Хичээлийн нэмэлт тайлбарыг казах хэлээрээ тайлбарлаад л, монгол хүүхдүүд тэр дунд хоцрогдоод үлдчихдэг. Монгол бичиг зааж байгаа багш өөрөө монгол бичгээрээ бичиж чадахгүй, монгол хэлээр ярьдаг хүүхдүүдэд монголоор ярьж чаддаггүй багш гэж гологдох хэмжээнд байна. Сурах бичиг дээр байгаа хэдэн сэдвийг хуулуулж бичүүлсэн болоод л хичээлийн цаг дуусчихдаг гэж гомдолтой нь аргагүй манай ач надад хэлдэг.  Монгол сурах бичгээр, монгол хэл дээр хичээллэж байгаа гэсэн нэртэй ч манай хүүхэд бол тувт хичээл дээр ойлгоогүй зүйлүүдээ надаас ирж асууна. Насаараа сургуульд багшилсан юм гэсэндээ одоохондоо бол математикаас бусдыг нь бол тайлбарлаад зааж өгч байна. Энэ жил эгчийгээ дагаад аймаг орно гэхэд нь харин хажуудаа уяад тогтоочихсон байгаа юм. Болохгүй бол хоёр жилийн дараа ахлах ангид орохоор нь гэрээ нүүлгээд хамтдаа аймаг явъя гэж ярьсан. Аав нь мал дээр малчин болохоор уг нь сумдаа сураад орон гэртэйгээ ойрхон байвал хэн хэндээ хэрэгтэй . Аймгийн сургуульд малчны хүүхэд ганцаараа очиж сурнаа гэдэг чинь хүсэх зүйл биш. Ядаж сумын сургууль шиг дотуур байр хоол унд байхгүй, айлын хаяа л бараадаж таараа.  Хэн ер нь айлын хатавчинд хорогдон хорогдон сургуульд суръя гэж бодохов дээ. Аяга цай, аяга хоол, ганц боорцогоо ч гэсэн тухтайхан авч идээд гэртээ суръя л гэж бодно шүү дээ. Гэвч сумын сургуулийн бодит нөхцөл байдал ийм байхад аргагүйн эрхэнд л хүүхдүүд аймаг орцгоож байна”

 гэлээ.  

Суурь боловсролын үндсэн үүрэг бол соёлын ялгарал үүсгэх биш, харин тухайн бүс нутагт амьдарч буй зонхиолох болон цөөнх бүлгийн суралцагчдыг ялгалгүй ижил,тэгш хүртээмжтэй мэдлэг түгээхэд оршдог. Гэвч Алтанцөгц сумын сурагчдад тохиолдож байгаа эдгээр жишээнээс харахад, монгол хүүхэд төрийн албан ёсны хэлээр боловсрол эзэмшихийн тулд өөрийн нутаг орныхоо харьяа сургуульд бус төв суурин газар бараадсанаар хэд гурваараа нийлж гэр хөлслөх аль эсэхүл айлд амьдрах шаардлагатай болж улмаар орон гэр, эцэг эхийн анхаарал халамжаас холдох, ар гэрт нь санхүүгийн хүндрэл үүсэх нөхцөл байдал бий болчихсон байгаа юм. Сурвалжилгынхаа дараагийн дугаарт сумаасаа гарч аймагт суралцаж байгаа хүүхдүүдэд тохиолдож байгаа бэрхшээл болон Баян-Өлгий аймгийн цэцэрлэгийн талаарх асуудлыг хөндөх болно. 

Сурвалжилгыг бэлтгэсэн Э. Бөртгөлжин