Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбар богино хугацаанд шинэчлэгдэж хөгжих боломжтой

trends.mn
2021-05-12 15:20

Засгийн газар, УОК солигдсоноос хойш халдварын тохиолдлын тоо 1000 гарч байгаад бууж байна. Нас баралт 100 гарлаа. Бодит байдал дээр хоёр УОК, хоёр ЭМЯ-ны сайдын удирдлага доорх нөхцөл байдалд тэнгэр газар шиг ялгаа үүссэн. Үүнийг өнөөдөр хоёр өнцгөөс харж болж байна. Нэгд, Хүрэлсүхийн Засгийн газар ажил хийгээгүй, хангалттай бэлтгээгүй юм биш үү гэсэн эргэлзээ. Эсвэл ажлаа дундаас нь шилжүүлж өгсөн хүнээс харахад одоогийн кабинетэд арга барилын алдаа гарав уу? Эсвэл гарцаагүй давагдашгүй хүчин зүйлийн улмаас халдвар нэмэгдсэн үү?

Би сайдын ажлаа 1 сарын 29-нд өгсөн. 11 сарын 11-нээс тэр хүртэл 70 хоногийн хугацаанд бид яг ковидийн шалтгаант нас баралтыг бол гаргаагүй шүү дээ. 70 хоногийн хугацаанд нас баралт гаргахгүй байна гэдэг нь өөрөө зөв зохион байгуулалт, бэлтгэл ажил хангасны үр дүн гэж харж болно. Дэлхий даяар нас баралт 1-2 хувьтай байгаа. Тэгэхэд бэлтгэл сайтай байсны дүнд хүний амь нас хохирохгүй явж байсан гэдэг нь хамгийн том үзүүлэлт шүү дээ. Вакцины тухайд ч бас ажлаа авангуутаа 7 сарын 16-нд захидал, хүсэлт бичиж ковакс хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан. Тэрний үр дүнд сая хоёрдох ээлжинд коваксын вакцин ирсэн. Эхний ээлжийн 2 сарын 23-нд ирсэн вакцин ч гэсэн Хүрэлсүх Ерөнхий сайдын хүсэлт гаргаснаар ажил явж байсны дүнд хамгийн эхэнд Энэтхэгээс ирсэн вакцин. Өөрөөр хэлбэл эртнээс бэлтгэл хангаж байсан учраас вакцинжуулалт эрт эхлээд явж байгааг иргэд маань мэдэхгүй байж болох юм.

Тохиолдлын тооны хувьд манай кабинетийн үед тохиолдлын тоо өдөрт 50-аас хэтрэхгүй явж байсан. Одоо 1000 гараад, тэндээс буугаад явж байна. Мэдээж өмнө нь манай улсад ийм цар тахлын нөхцөл байдал тулгарч байгаагүй учраас алдаа оноо гарч таараа. Тохиолдлын тоо хорь дахин нэмэгдлээ, нас баралт 170 гараад явчлаа. Мэдээж энэ хохирлыг бага барих гэж хичээж, тэгж чадаж байсны хувьд харамсалгүй яахав.

7 сараас ажлаа авснаас хойш бэлтгэл ажилд анхаарсан гэж та хэллээ. Мэдээж манай улсын төсөв ийм том цар тахал гарахыг урдчилан төсөөлөөгүй бүрдсэн байсан. Төсвийн боломжийн хувьд бэрхшээл гарч байв уу? Ганцхан уушигны аппараттай гэнэ гэх мэт шуугиж шүүмжилдэг. Төсвөөс гадна салбарын хувьд хэр баг болж ажиллаж чадсан бол?

Кабинет байгуулангуутаа ирэх оны төсөвт тодотгол хийгээд ажилдаа орсон шүү дээ. Тухайн үед бидний хувьд вакцины төсвийг батлуулаад ажилдаа орж байсан. Тоног төхөөрөмжийн зардлууд, эмч эмнэлгийн ажилчдын цалин мөнгө, дээр нь ковидийн оношилгоо эмчилгээний хэрэгслүүдийн нөөцийг нэмэгдүүлэх тал дээр төсвийн тодотгол оруулсан. Тэгэхэд хамгийн гол оруулсан зүйлд тоног төхөөрөмж, PCR лабораторийг байгуулах төсөв оруулсан байсан ч тоног төхөөрөмжийн төсөв хасагдсан. Яагаад хасагдсан бэ гэхээр манай Засгийн газар байгуулагдахаас өмнө тоног төхөөрөмжийн зээл батлагдаад Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн банкнаас 56 сая долларын хөрөнгө оруулалт шийдэгдээд, батлагдаад, худалдан авалт руугаа хуваарилагдаад явчихсан байсан. Тийм учраас дахиж тоног төхөөрөмжийн төсөв шийдэхгүй гэдэг байдлаар хасагдсан юм.

Тэр нь зөвхөн ковидийн биш бусад тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн төсөв байсан уу?

Тэр нь салбарын хэмжээнд, зөвхөн ковид биш бусад тусламж үйлчилгээний тоног төхөөрөмж ч багтаасан зээл. Хамгийн гол нь өмнөх Засгийн газрын үед шийдэгдээд батлагдчихсан байсан юм.

Төсвөө тодотгож авахаас гадна багийн хувьд гар нийлж ажиллаж чадсан уу? Танай салбар дахь зарим удирдлагуудын хандлага, арга барилын зөрчил нийтэд ил гарсан.

Миний нэг зарчим бий, ажлыг хов живээр, хүний үгээр явуулахгүй. Нэгдүгээр зарчим. Хоёрт, энэ зарчим дээрээ үндэслээд баг хамт олон ямар чадвартай байна вэ, энэ ажлыг хийх үү гэдгийг хамтарч ажиллаж байж, ажил даалгаж байж тэр хүн ажлаа хийж чадах уу гэдгийг харна. Тэрний дараагаар үнэхээр ажил хийж чадахгүй, тавьсан шаардлага биелүүлж чадахгүй, мэдлэг нь байхгүй, чадамж нь байхгүй, гүйцэтгэл нь байхгүй бол тэр хүнийг солих, чаддаг мэддэг хүнээр нь солих асуудал яригдана биз дээ? Ер нь салбар удирдах гэлтгүй ямар ч ажил байсан багаар ажиллахгүй, ганцаараа шийдээд аваад явах нь өөрөө цаашдаа ирээдүйгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ зөв баг бүрдэх ёстой, тэрний тулд ажил хийдэг хүмүүсээр багаа бүрдүүлэхийг л зорьж байсан.

Болоогүй болоод яаманд халаа сэлгээ хийлээ гэж мэдээ гараад байсан уу? Ковидийн үеэр халаа сэлгээ хийлээ гэх мэт шүүмжлэл нэлээн гарсан.

Тэр бол 12 сард гаргасан шийдвэр. 7 сараас хойш 5 сарын хугацаанд баг болж ажиллах гэж хамтарч ажилласан байгаа биз? Сая хэлснээр хугацаа өгөөд чадваргүй, чадахгүй бол хамтарч ажиллах шаардлага байхгүй биз дээ?

Надад өнгөрсөн хугацаанд цар тахлын үеийн мэдээ, өгүүлэмж, тэндээс үүсч байгаа сэтгэлгээний өөрчлөлт их сонирхолтой байлаа. Хүмүүс цар тахлаас айж, асар их айдас үүсээд, тэндээсээ аварч өгөх баатар тодруулж граффит зураад л. Гэхдээ Нямхүү эмч сүүлдээ эрх мэдэлд автах, салбар дотроо толгой мэдэх, сайдтайгаа зөрчилдөж байгаа нь илт харагдах болсон. Та хоёрын зөрчил хурдан шийдэгдсэн бол танай кабинет огцрохгүй байсан биш үү? Та салбарын сайдын хувьд Нямхүү эмчийн толгойг илээд арай удсан уу?

Толгой илэх ч биш л дээ. Ажил авсан цагаасаа юуг өөрчлөх ёстой юм, ямар байх ёстой юм тавих ёстой шаардлагуудыг тавьж ирсэн л дээ. Тэр хүнд тавьсан шаардлагуудыг биелүүлэх хугацаа өгөх хэрэгтэй биз дээ. Би бол хангалттай хугацаа өгсөн гэж бодож байгаа.

Тэгсээр байгаад явж явж эх нярайн асуудал ХӨСҮТ-рүү хүн зөөхөд гарсан.

Тэр бол зүгээр нэг халдварт дээр гарсан асуудал ч юм уу, эсвэл нэг эмнэлгийн даргыг солиод шийдэгдэх асуудал биш байхгүй юу. Хандлага, хүн чанарын асуудал биз? Ковидийн үед илэрч гарч ирсэн болохоос ерөөсөө л манай эрүүл мэндийн салбарт олон жил анхаарал хандуулахгүй явсны уршиг. Тогтолцооны хувьд, салбарын хэмжээнд өөрчлөх ёстой юмнууд их бий. Нэг нь тэр асуудал. Түүнээс биш нэг эмнэлгийн дарга солиод шийдэгдчихгүй шүү дээ.

Мянган жилийн өгөгдөл, бүр больё гэхэд сүүлийн 30 жил хуримтлагдсан эмгэг өвчний шинж тэмдэг нийгэм хамгийн эмзэг үед илэрч гаржээ дээ. Тэгээд танд кабинетээрээ огцроход хэлмэгдсэн юм шиг санагдсан уу? Хүн юмыг хүлээн зөвшөөрдөг дөө. Та мэдэгдэл хийхдээ нэлээн ууртай, бидний буруу, огцрох ёстой гэж бодож байгаа юм шиг санагдаагүй.

Тэр их олон талтай ярвигтай асуудал дэгдсэн. Салбарын цаад нөхцөл байдлыг сайн мэдээд ирвэл арай өөрөөр харагдах байх.

Надад их сонирхолтой санагдаад байгаа юм. Тэр өдөр талбай дээр Ерөнхийлөгчийн хүмүүс ч улстөр хийгээд явж байсан. Гэхдээ манай жирийн найз нөхөд ч жинхэнээсээ ууртай байсан даа. Олон нийтийн сэтгэлзүй, хандлагад өмнөх олон сарын стресс хуримтлагдчихсан байсан. Нөгөө талд төр ямар байдалтай байсныг ч ойлгож байна. Анхнаасаа ийм том цар тахлын менежментийг даахаар нөөцгүй. Бага нөөцөөр зүтгээд стресстээд, стресстэхээрээ иргэдийг чангалаад, нөгөө тал нь бас стресстээд ингээд хоёр талаасаа утас чивчирсээр байгаад нэг газар очоод тасарна аа даа? Тийм өдөр ирэхэд төрийг бүрдүүлдэг нь иргэд учраас иргэд тийм асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шийдсэн бол тэдний зөв биз дээ?

Хүмүүс бухимдах нь зөв шүү дээ, тэрийг буруу гэж үзээгүй. Гол нь жирийн үед эмнэлэг хооронд төрсөн эх шилжихэд ийм тохиолдол магадгүй зөндөө гарч байгаа байхгүй юу. Хүн чанарын, ёс суртахууны алдаа зөндөө гарч байгаа. Би тэрийг хэлээд байгаа юм. Ийм юм гарч байгаа гол шалтгаан нь тогтолцооны алдаа, олон жил явсны үр уршиг тэр. Саяных бол тэр олон тохиолдлын нэг. Энэ тохиолдол болгонд засаг огцорч, сайд ажлаа өгөх үү? Тэгвэл эрүүл мэндийн сайд арван дөрөв хоногт нэг удаа ажлаа өгөх нь. Гэхдээ таны хэлснээр олон нийтэд ил болж, олон нийт ийм асуудалд хэрхэн хандахаа илэрхийлсэн нь энэ кэис. Хүрэхгүй өнгөрдөг байсан зүйлс ил гарч олон түмэнд хүрлээ, тэрийг бас хүргэлээ. Мэдээж хүн чанар, ёс зүйн хувьд байж болохгүй асуудал. Тэрэнд ард иргэд бухимдах нь зөв. Бухимдлаа илэрхийлсэн. Жагсаал олон хүнийг хамарсан. Тэр нь даамжирч бүр олон хүнийг хамарвал халдвар нэмэгдэнэ. Тэгэхээр миний хувьд ажлаа өгөх нь зөв байсан. Гэхдээ цаад утга нь бол ийм асуудалд засаг огцрохоос илүү ийм асуудлыг засах гэж ажиллах ёстой л гэж үзэж байсан. 

Ерөнхий сайд Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн улстөрд сайд нараа нэг нэгээр нь сугалуулахгүй гэх маягийн тайлбар хийгээд кабинетээрээ огцорсон. Огцрохдоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоорондын таагүй харилцаа улстөр, нийгэмд тогтворгүй харилцаа үүсгэхээс сэргийлнэ гэж ярьсан байдаг. Та тэр талаар хэр мэдээлэлтэй байсан бэ?

Эхлээд нэг юм тодруулаадхая. Хэрвээ би Эрүүл мэндийн сайдаар томилогдоод жишээ нь 4 жил болсон байсан бол салбарт тийм ёс зүй, хүн чанарын алдаа гарсан бол тэр бол 100 хувь миний буруу байх байсан. Ийм алдаа дутагдлыг залруулж чадаагүй, 30 жил явсан тогтолцоог өөрчилж чадаагүй бол 100 хувь миний буруу болох байхгүй юу. Ажил аваад 6 сар ч болоогүй байсан. 30 жил явсан тогтолцоог өөрчлөхөд 5, 6 сар дэндүү бага хугацаа биз дээ. Гэхдээ тэрийг л өөрчлөх гэж, тийм л зорилготой ажиллаж байсан.

Засаг кабинетээрээ огцроход бас нэг их гайхаагүй. Засгийн газрын анхны хуралдаан дээр Ерөнхий сайд Хүрэлсүх хэлж байсан. Гол фронт дээрээ тулалдаж яваа хүнээ тулааны талбар дээр шархдах юм бол орхихгүй шүү гэдэг юм ярьж байсан. Нэг бол шархадсан хүнээ аваад явна, нэг бол цуг үхнэ. Тийм л зарчмаар манай кабинет ажиллана гэж анхны хурал дээр ярьж байсан байхгүй юу. Тийм учраас яг ковидоо хариуцаж ажиллаж байсан шадар сайд бид хоёр хүсэлтээ өгөхөд тийм шийдвэр гаргасан байх. Фронт дээр хамгийн гол үүрэг рольтой байсан хоёр сайд нь. Дээрээс нь үр дүнгүй биш, бас тодорхой хэмжээнд үр дүнтэй, нас баралт, хохирол багатай ажиллаж байсан.

Зарим хүмүүс мэдээж ковидыг алдсан гэдгээр буруутгах л байх. Улсын хэмжээнд дотоодод алдсан гэдгээр. Энэ алдсан асуудал бас яг хэдэн сайд нараас, эсвэл зохион байгуулалтаас бас болохгүй. Угаасаа халдварыг хянах маш хэцүү учраас л дэлхий даяар ковидын тархалт нэмэгдсэн. Нэмэгдэхдээ хойд хөршид тохиолдлын тоо дэндүү ихэссэн. Яг хил залгаа Буриад, Тувад тохиолдлын тоо нэмэгдээд ирсэн. Энэнээс манай улс хамгаалах боломжгүй, хамгаалъя гэхэд дэндүү өртөгтэй болж ирээд байсан юм.

Харин тийм, энэ бас их сонин санагдаад байгаа юм. Нийгэмд бодит байдал ба түүний тухай өгүүлэмж, стоори нь зэрэгцээ ертөнц шиг явдаг. Ковидын хувьд алдах ёсгүй юм гэдэг стоори нь дэндүү их явчихсан байсан. Алдахгүй байх боломжгүй юмыг сонгуулиар бид алдсангүй, бид алдахгүй гэдэг сурталчилгаа дэндүү их хийснийх болов уу. Тэгж байгаад алдчихангуут тэр хэрээрээ шийтгэл бий болно. Кабинет огцроход танай салбарынхан таныг огцруулахгүй гэж жагсаж харагдсан. Ямар ажлууд явж байсан болохоор тийм дэмжлэг үүсээд байсан юм бол? 

Ковид руу бүх анхаарлаа тавьчих юм бол бас болохгүй. Ковид руу бүх нөөцөө хуваарилаад, үнэхээр сайн хамгаалаад, нас баралтгүй бүр хохирол багатай даван туулж болно. Гэтэл эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээнээс болж гарах хохирол нэмэгдээд ирнэ. Манай эрүүл мэндийн тогтолцооны хувьд асуудал маш их. Салбарынхан ч бүгдээрээ мэдэж байгаа, ард иргэд ч бүгдээрээ мэдэж байгаа. Энийг бид нар өөрчлөх ёстой, өөрчлөх өөрчлөхдөө богино хугацаанд, зөв менежмент хийж байж энэ их өвчлөл, нас баралтыг бууруулна. Тэгэхгүй бол бусад өвчнөөр, хавдраар, осол эндэл, амьсгалын замын өвчнөөр өнгөрч байгаа хүмүүс маш олон байна. Тэр хүмүүсийг амь насыг нь аврах,  өвчлүүлэхгүй байх боломж бидэнд байгаа байхгүй юу. Тэгэхийн тулд эрүүл мэндийн салбар богино хугацаанд хурдан хөгжиж, дэлхийтэй хөл нийлүүлж алхаж байж бид энэ бүгдээс сэргийлж чадна биз дээ. Тийм учраас бусад шинэчлэлүүд маш хурдтай явах, хөгжих ёстой гэсэн бодлогоор ажиллаж байсан. Тэгэхгүй дан ганц ковидоо л хараад явбал ковидоосоо ч илүү хохирол амсана шүү дээ. Өнөөдөр ч амсаад л явж байна. Одоо хил хаагдчихаар яаж байна? Өмнө нь гадагшаа явж эмчлүүлээд, амь насаа авраад, эмчилгээгээ хийлгээд болоод байдаг байсан бол ковидоос болоод чадахгүй байгаа биз дээ? Очоод очсон орондоо дахиад карантилагдана, хугацаа алдана, эмнэлгийн тусламж үйлчилгээ нь хоцрогдоно. Гаднаас орж ирдэг эм тариа нь хүртэл орж ирэхгүй. Ингээд эмнэлгийн салбарт чинь ковидоос өөр асуудал нэмэгдэнэ, тэгэхээр чинь бусад чиглэлүүдээ хөгжүүлж, гадагшаа явах эмчилгээг шаардлагагүй л болгох хэрэгтэй шүү дээ.

Тэрний тулд ямар ажлууд явж байсан юм бол?

Ер нь бол намайг ажил авснаас хойш салбарт өөрчлөлт орох хэмжээнд 15 томоохон ажил хийгдсэн. Тэрний хамгийн гол нь суурь хуулиудад өөрчлөлт орсон. Эрүүл мэндийн тухай хууль гэх мэт. Ингэснээрээ нэгдүгээрт санхүүжилтийн тогтолцоог бид нар өөрчилсөн. Гүйцэтгэлийн санхүүжилт буюу стратегийн худалдан авалт гэдэг зүйл рүү орж байгаа юм.  Эндээс манай салбарын маш олон зүйл харагддаг. Ямар хомс санхүүжилтээр ямар ачаалалтай тусламж үйлчилгээ үзүүлж байсан юм бэ? Гол хүндрэл тэрэндээ байгаа юм. Бид нар хүрэлцээгүй санхүүжилтээр даац нь ихдээд яваад байхаар энэ систем чинь сайн ажиллахгүй. Гүйцэтгэлийн санхүүжилт рүү ороод ирэхээр бүх л түвшинд өөрчлөгдөх боломжтой болчихно. Нэг эмнэлэг дээр очоод ямар тусламж, үйлчилгээ авсан, тэрнийхээ хэрээр санхүүжилтээ авдаг энэ тогтолцоо руу орж байгаа байхгүй юу. Тэгэхээр өмнө нь ямар явсан юм гэхээр улсын эмнэлэг нь ачаалал ихтэй. Аль болох үйлчлүүлэгчийг буцаах. Хувийн эмнэлэг нь аль болох ахиухан санхүүжилт авах. Тэгэхээр улсын болон хувийн эмнэлэг шал өөр тогтолцоотой, хоорондоо өрсөлдөхгүй, хувийн эмнэлэг нь улсын эмнэлгийн ачааллаас хуваалцдаггүй байсан. Одоо бол хувийн эмнэлэгт гүйцэтгэлээр нь үнэлээд өгөөд явчих боломжтой болж байгаа юм. Манай салбарт хамгийн гол яригддаг асуудал хандлагын асуудал байдаг биз дээ? Хандлага муу байвал заавал тэндээс үйлчилгээ авах гээд байх хэрэггүй байхгүй юу. Өөр эмнэлэг дээр очоод тэгж үйлчилж чадсан эмнэлэг нь санхүүжилтээ авна.

Дараагийн явсан том бодлого бол төвлөрлийг сааруулах. Энэ манай улсын бас нэг том асуудал. Лавлагаа шатлалын төв эмнэлэг гэж ойлголт бий. Улсын төв нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, хавдар судлалын үндэсний төв гэх мэт. Ийм эмнэлгүүд болон дүүрэг, аймгийн эмнэлгүүдийн чанарын ялгаа дэндүү их болж төв эмнэлгүүд дээр төвлөрөл үүсчихсэн. Энэ нь юугаар илэрдэг вэ гэхээр хаа байсан Дорнодын хязгаарт байгаа хүн ходоодоо дурандуулах гээд Улаанбаатарт ирэх жишээтэй. Энийг сааруулж аймаг дүүргийн хэмжээнд тусламж, үйлчилгээг сайжруулъя гэдэг бодлогыг тууштай баримталсан. Тэгэхээр энийг яаж гаргаж ирсэн бэ гэхээр хөдөө орон нутгаас төв эмнэлэгт ирдэг хүмүүсийг судлаад үзэхээр 80 хувь нь тавхан онош дотор байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 5 оношийг дүүрэг, орон нутагт сайжруулъя. Шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийг бэлдэх талаар солилцооны хөтөлбөр боловсруулаад, даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс тоног төхөөрөмж авч ард иргэддээ зориулах юм бол энэ асуудлаас гарах юм байна гэдэг зүйл яригдсан. Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдлийн асуудал их яригддаг байсан биз дээ, одоо бол тийм асуудал байхгүй. Тэр үлдэгдэл зөвхөн төрийн санд байршина. Чөлөөт үлдэгдэл өнгөрсөн хугацаанд 16 оноос хойш нийгмийн даатгалын харьяанд байж байгаад эрүүл мэндийн яамны харьяанд ирээд байсан.  Тэгэхэд байсан үлдэгдлээс 130 тэрбум төгрөгийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулахад төсөв тавьж өгсөн. Нэмээд хүний нөөцийн солилцооны хөтөлбөрөөр хүн бэлдээд ирэхээр төвлөрөл 80 хувиар буурах боломжтой. Улаанбаатар руу ирэх урсгал багасна. Ингэхээр ачаалал, төвөг чирэгдэл, хүлээгдэл очер дугаар гэдэг юм чинь багасна. Ард иргэддээ ч хэрэгтэй, эмнэлэгүүддээ ч хэрэгтэй.

Хавдар дээр жишээ нь юу нь тийм чирэгдэлтэй, очертой байдаг гэхээр 70-80 хувь нь хими эмчилгээ байдаг. Энэ эмчилгээгээ орон нутагт авчих юм бол ачаалал буурч, төв эмнэлэг нь нөгөө хими эмчилгээ, бай эмчилгээгээ хөгжүүлэх, төвлөрөх боломж бий болж, шинэ техник технологи нэвтрүүлээд богино хугацаанд дэлхийн түвшинд хийж байгаа эмчилгээг хийх боломжтой болж ирнэ. Судалгаагаа хийдэг, эрдэм шинжилгээгээ хийдэг болоод ирэхээр нөгөө гадагшаа явах шаардлага нь багасаад ирнэ. Энийг бид нар богино хугацаанд хийх боломжтой. Эрүүл мэндийн салбар 4 жилийн хугацаанд хангалттай хэмжээнд өөрчлөгдөж, дараагийн шатанд гарах 100 хувь боломжтой гэж харсан.

Дараагийн хийгдсэн бас нэг том ажил бол эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдсан. Манайд эмч нар сайн, сувилагч нар сайн байгаад байдаг. Хэрэглэж байгаа эм, хэрэгсэл нь муу байгаад байдаг. Энэ чанар сайжрахгүйгээр эмчилгээ, үйлчилгээ сайжрахгүй. Энийг сайжруулах олон ажил хийгдсэний нэг нь олон улсын стандарт эмчилгээнүүдийг бүгдийг нь багтаасан программ нэвтрүүлсэн. Энийг хэрэглэх гэхээр эмч нар өөрөө авах юм бол 200-300 доллар төлөх болдог. Энийг улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд үнэгүй хэрэглэх боломжийг бий болгож өгсөн. Гэтэл тэр стандарт эмчилгээнүүдэд байдаг 400 гаруй эм, эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэгслийн 100 нь л манайд байдаг. Энэ 300 эмийг нэмж оруулж ирж байж чанартай үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр хэн энийг хариуцаж хийх үү, тэрийг хийсэн гэсэн үг.

Ковидийн бодлогын гол зорилт нь хүндрэл, нас баралтаас сэргийлэх

Ийм хэмжээнд цар хүрээтэй ажлууд эхлүүлээд явж байсных ажлаа өгөхөд харамсалтай л байсан байх даа?

Яахав хийж эхлүүлсэн ажлуудынхаа үр дүнг гаргаж, салбарт өөрчлөлт оруулна гэдэгтээ маш итгэлтэй болж ирсэн байсан юм. Яагаад гэвэл эхнээсээ үр дүн өгөөд эхэлсэн байсан. Тэрний нэг жишээ нь хөнгөлөлттэй эм. Тэрийг авах гэж ард иргэд яадаг байлаа. Өглөө 5 цагт очиж очерлоод, нөгөө эм нь эхний 3 сард дуусчихдаг. Тэрийг бид нар хэдхэн сарын дотор өөрчилсөн. Одоо хөнгөлөлттэй эм авахад дуртай газраа очиж бичүүлээд, дуртай газраасаа авдаг болчихсон. Гэх мэтчилэн ийм байсан учраас хийсэн ажлуудынхаа үр дүнг бас үзэж салбартаа үнэхээр өөрчлөлт, шинэчлэлтийг хийж чадах байсан даа гэж бодохоор харамсах зүйл байгаа. Гэхдээ миний хувьд сайдаасаа буулаа гээд ажлуудаа орхиогүй. Эмч мэргэжлийг эзэмшсэн, салбарыг удирдаж байсан хүний хувьд чадах хэмжээгээрээ эхлүүлсэн ажлуудаа бүр цааш нь төгөлдөржүүлэхэд оролцож ажиллахад ямар боломж бн эрж хайж, салбарынхантайгаа уулзалт зохион байгуулж, цаашдын тогтолцоо маань ямар байх юм, нэгж дээр ямар асуудлууд тулгамдаж байна сонсож, бодлогыг бүр нарийн боловсруулах тал дээр ажиллаж байна даа.

Түрүүн хууль гэж нэлээн дурдлаа. Ард түмэн, олон нийтийн хувьд нам гэдэг бөгс долоогч, цүнхчдийн цугласан газар гэж хардаг тал байгаа. Гэхдээ ямар ч хууль эрх барих намын бүлэг, парламентаараа орно. Мэргэжлийн хүн орж хамтарч ажиллахад ямаршуу орчин байдаг вэ? Лобби хийх, хор найруулах хэрэг гарах уу? Намын удирдлагууд нь шат шатны үүр дамжаагүй мэргэжилтэн залуучуудтайгаа хэр ойр ажилладаг бол?

Харьцангуй хийх гэж байгаа зүйлээ ойлгуулаад, ямар үр дүн гарах вэ гэдгийг ойлгуулж чадах юм бол тийм төвөгтэй асуудал байгаагүй дээ. Хамгийн гол нь яг зөв тайлбарлаж ойлголцох, энэ үнэхээр хэрэгтэй хуулийн өөрчлөлт, энэ үнэхээр зайлшгүй орох шаардлагатай гэдгийг ойлгуулж чадах юм хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйлүүд нэх байгаагүй дээ. Ганц нэгхэн хувийн ашиг сонирхлын үүднээс ханддаг хүмүүс бол ажиллахад хэцүү л юм байна лээ. Улсын ажил, салбарын хөгжил ярихаар өөдөөс хувийн ашиг сонирхол ярьдаг, түүгээрээ ашиг хонжоо хайсан хүмүүстэй бол харилцахад төвөгтэй юм билээ.

Хүрэлсүх Ерөнхий сайдын хоёрдох кабинет харьцангуй залуу, шинэ сайд нараас бүрдсэн. Залуу сайд нартаа илүү ханддаг гэж дуулж байлаа. Яг хамт ажиллаж байхад тэгж санагддаг байсан уу? Намаар дамжаагүй сайд нарт нам дотор дэмжлэг хэр байх уу? Өргөдлөө өгөхөд чинь залуу хүнийг ганцааранг нь явуулахгүй гэсэн сураг байсан.

Хүрэлсүх Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарт явуулж байсан бодлогыг маш сайн дэмжиж ажилласан. Миний гол ярьдаг зүйл энэ л байсан, манай улсын хамгийн гол баялаг бол эрүүл монгол хүн. Тийм ч учраас тэр эрүүл монгол хүний төлөө ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхны өөрсдийнх нь  стресс, ар гэрийн асуудал, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал шийдэгдэж байж энэ улсууд чинь ажилдаа 100 хувь  сэтгэл зүрхээ зориулж байж энэ салбар хөгжих боломжтой болно оо.  Ямар ч хуулийн төсөл, төсөв яригдсан энэ салбарт ажиллаж байгаа улсууд чинь ар гэртэй, хэдэн хүүхдүүдийнхээ талхны мөнгө, нүүрс түлээндээ санаа зовоод байх юм бол ажил мэргэжилдээ 100 хувь анхаарч ажиллаж чадахгүй. Тэгэхээр энэ улсуудын нийгмийн асуудлыг маш сайн шийдэж, дэмжиж ажиллах нь чухал шүү гэдгийг Хүрэлсүх дарга байнга хэлж сануулдаг байсан. Өөрийнх нь үзэл бодол тийм учраас эрүүл мэндийн салбараа 100 хувь дэмжиж ажилласан. Тэрийг бол залуу сайдыг дэмжсэндээ гэж харахгүй л байна.

Тэр утгаараа яг халдварын голомтод ажиллаж байгаа улсуудад дэмжлэг их үзүүлсэн. Яг голомтод ажиллаж байгаа хүмүүсийн ар гэрт 5, 5сая төгрөг өгсөн. Энэ бол Хүрэлсүх даргын өөрийнх нь санаачилсан дэмжлэг, дээрээс нь халдварт өвчний голомтод ажиллаж байгаад халдвар авсан хүмүүст тус бүрт нь 5 сая төгрөгийн дэмжлэг өгсөн.

Таныг ажлаа өгөхөд гоё гоё юм их болсон доо. Манай ардчиллын түүхэнд ч сонин түүх бичигдсэн. Мэргэжлийн хүн олон нийтэд үүссэн улстөрийн уур амьсгал, улстөрийн шалтгаанаар огцорсон. Одоо хараад байхад тэгээд улстөрд оролцъё гэж шийдсэн тал байна уу, намын даргын зөвлөх болоход нь тэгж бодсон. 

Ер нь бол ийм юм байна лээ, эрүүл мэндийн салбар улстөрөөс ангид байх ёстой гэдэг зүйл маш их яригддаг. Яаж улстөрөөс ангид байх уу гээд бодохоор бас болохгүй байгаа байхгүй юу. Ялсан нам сайдаа томилно. Тэгэхээр угаасаа л ангид байх боломжгүй. Ялсан нам мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлдэг. Тэр намын эрүүл мэндийн бодлого зөв байж байж эрүүл мэндийн салбар хөгжих гээд байгаа биз дээ? Тэгэхээр 100 хувь ангид байх боломжгүй болчихоод байгаа юм. Яаж богино хугацаанд хурдан хөгжих юм бэ хараад байхаар намын эрүүл мэндийн бодлого зөв байх хэрэгтэй. Тэр бодлого нь гол нь шийдэлтэйгээ, цаг хугацаатайгаа байх юм бол урт хугацаанд салбар хөгжинө гэж харж байгаа юм. Тэгэхгүй болохоор нэг сайд солигдохоор бодлого өөрчлөгддөг, хэрэгжүүлж байсан ажлууд нь өөрчлөгдөөд өөр ажлууд явдаг юм өнгөрсөн хугацаанд дэндүү их гарлаа гэж харж байгаа. Тийм учраас намын эрүүл мэндийн бодлого дээр маш зөв гарц гаргалгаатай зөв бодлого явах хэрэгтэй, тэрэнд нь манай салбарынхан өөрсдөө маш сайн оролцоотой, яагаад бодлого хэрэгжихгүй байна хяналтаа тавьдаг, шаардлагаа тавьдаг байх юм бол урт хугацаандаа хөгжөөд явах боломжтой, нэг талаас. Нөгөө талаас Хүрэлсүх дарга өөрөө эрүүл монгол хүн Монголын хамгийн үнэт баялаг гэсэн үзэлтэй учраас зөвлөхөөр ажиллаж, намын бодлого, мөрийн хөтөлбөр зэрэгт тусгах замаар хэрэгжүүлэхийг хүсдэг бодлогуудаа шат шатаар бодит болгоод явах боломжтой л гэж харж байна.

Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн кабинет бүрдээд салбарт бодлогын залгамж алдагдсан зүйл хэр гарсан бол?

Одоо ковидэд анхаарал хандуулаад байх шиг байна л даа. Тийм учраас зарим ажил явахгүй байна уу даа гэж л харж байна.

Сайд солигдоод эрүүл мэндийн салбарт очих гал харьцангуй намжсан. Өөрийг чинь байхад нэг бол шүтээд, нэг бол шүүмжлээд, огцорсон хойно нь ч бичлэг гарч ирээд л их л донсолгоотой байсан. Тэгэхэд ажил хийхэд бэрхшээлтэй, хэцүү санагддаг байв уу?

Яахав хамаг гал салбар удирдаж байсан над дээр ирсэн л дээ. Тэрэнд бол би нээх эмзэглээгүй. Тэр бол ирэх л ёстой зүйл, байх л ёстой зүйл гэж байх. Харин салбарыг муухай харагдуулж, салбар руу дайралт ирэхэд бол их эмзэглэсэн. Сүүлд жишээ нь ХӨСҮТ рүү дайрч байх юм. Эерэгийг сөрөг гэж бичиж өгөх ямар ч тийм үндэслэл, боломж байхгүй. Тийм ухагдахуун, тийм ёс суртахуунтай хүн манай салбарт байхгүй, тэрэнд бол 100 хувь итгэлтэй байна. Хэдэн арван мянгаар нь тэгж өгөх ямар ч боломжгүй шүү дээ, тэр мэдээллийн системийг хөгжүүлсэн байгууллагын дарга хүртэл ярьсан байгаа биз дээ, энэ бол боломжгүй зүйл шүү гэж. Тэгэхээр ийм боломжгүй зүйлийг боломжтой мэтээр тайлбарлаж, орон нутгаар тарсан нь ХӨСҮТ-с болсон шүү гэх маягаар тайлбарлаж салбарын нэр хүндийг унагана гэдэг бол байж болохгүй. Энэн дээр сэтгэл нэлээн эмзэглэж байлаа. Жишээ нь нэгдүгээр эмнэлэг дээр дарга нарт вакцин хийсэн гэлцээд л. Хэзээ ч эрүүл мэндийн байгууллага дээр, эмнэлэг дээр ирсэн вакциныг эмч сувилагч нар хулгайн замаар оруулахгүй. Энэ бол вакцин дээр ямар нэг асуудал гарвал нэгдүгээр эмнэлэг рүү, эрүүл мэндийн салбар руу буруугаа чихэх гэсэн увайгүй үйлдэл л байлаа. Энэ дээр бол эмзэглэсэн шүү. Тэрнээс биш сайдаар ажиллаж байхад ирж байсан гал бол яахав.

Содоо сайд та хоёрыг таарахгүй байна гэж бас яригдаад байсан.

Тийм юм огт байгаагүй. Содоо сайд бид хоёр хамгийн их гар нийлж ажилласан. Содбаатар сайд өөрөө мэргэжлийн хүмүүсийг сонсож, яг юу хийх ёстой гэсэн зааврыг маш сайн сонсож шийдвэр гаргаж ажиллаж байсан даа.

Хэцүү хүнд үе байсан л байлгүй. Хамгийн хэцүү байсан дурсамжаасаа хуваалцвал?

Ер нь бол дотоодод халдвар гарлаа гэж сонссон өдөр... (түр саатав).ямар байсан гэх үү, хүнд байсныг санаж байсан.

Эсрэгээрээ хамгийн сайхан байсан, баярласан үе гэвэл?

Эхлээд нийтдээ 6 аймагт халдвар гарсан биз дээ? Тэр 6 аймгаа халдваргүй болгоод хумиад авсан, тэгээд халдварын тохиолдол бүртгэлгүй хоёр хоносон. Тэр үед дотроо горьдож, баярлаж, ингээд хяналтдаа авчих юм болов уу гэсэн итгэл найдвар төрж байлаа. Даанч тухайн үед Баянзүрх дүүргийн эмнэлгээс том голомт гараад ирсэн. Ер нь халдварыг хумих хэцүү болоод л хоёр жил орчим хугацаанд хаа хаанаа олон улс ийм байдалтай удаж байна даа.

Ковидийн нөхцөл байдлыг яаж харж байна?  Гутранги харж байна уу, өөдрөг харж байна уу? Дүр зургийг яаж харж байна?

Халдварын тохиолдлын тоог бол тодорхой хугацаанд үргэлжлэх байх гэж харж байгаа. Хамгийн гол нь вакцинжуулалт эрчимтэй сайн явагдаж байна. Гэхдээ вакцинжуулалт эрчимтэй явна гэдэг чинь халдварын тархалт бууна гэсэн үг биш. Гэхдээ бид нар эрсдэлтэй бүлгийн хүмүүсээ вакцинжуулаад хүндрүүлэхгүй, хүний амь нас алдахгүй байх дээр л маш сайн бодлогоо барих хэрэгтэй. Бодлогоо тийш нь төвлөрүүлэхийн тулд яах ёстой вэ гэхээр өрхүүдийн эмнэлгийн хяналтыг сайжруулах хэрэгтэй. Тэгээд эмнэлэгүүд дээрх эрчимт эмчилгээний чадавхийг сайжруулах хэрэгтэй болно. Багаж тоног төхөөрөмжийн хувьд хангалтуудыг сайн хийж өгсөн. Одоо бол хүний нөөцийн асуудал тулгамдсан асуудал байгаа юм. Энэн дээр бол манай улс бас тэгж учиргүй хүний нөөцийн дутагдалд орчихоогүй. Тэгэхээр зохион байгуулалтын асуудал. Эрчимтийн эмч нараа хэрхэн яаж зохион байгуулах вэ, ковидийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний эмч нараа хэрхэн яаж чадавхжуулж, сайжруулж, зохион байгуулж, бодлогоор хангах вэ гэдэг асуудал чинь л өөрөө хамгийн чухал асуудал байхгүй юу. Энийг бодлогоор хангаад өрхийн хяналтаа маш зөв зохион байгуулалттай, зөв хийдэг болчих юм бол бид нар нөгөө хамгийн гол нь хүнээ алдах эрсдэлийг л аль болох бага байлгаад даван туулаад явчих боломжтой гэж бодож байна.

Манайхан сайн муу вакцин, Хятадынхыг хийлгэхгүй, орос вакцин хийлгэнэ гэх мэтээр нэлээн голж шилж харагдлаа. Вакцины талаар хамгийн сайн вакцин бол олдож байгаа вакцин гэдэг нь үнэн үү? Вакцинаа хийлгэхэд уриална биз дээ?

Уриалалгүй яахав. Вакцины сайн муугийн ялгааг их яриад байна тийм ээ, хүмүүс. Одоо бол сайн муугаас илүү манайх шиг халдварын тохиолдол өндөр байгаа оронд хугацааны асуудал илүү чухал. Хамгийн хурдан хугацаанд хурдан хийлгээд эрсдэлээс сэргийлж чадах юм бол тэр чинь л хамгийн сайн вакцин болно, тухайн нөхцөл байдалдаа. Тэрнээс биш нөгөөтөх нь Хятад байна уу, Орос байна уу, Энэтхэг байна уу гэдэг нь чухал үзүүлэлт нь биш болчоод байгаа байхгүй юу. Вакциныг хийлгэлээ гээд халдвар авахгүй гэсэн үг биш, ямар ч л гэсэн хийлгэснээрээ нөгөө яриад байгаа хүндрэлээс сэргийлэх нь чухал.

Бид нар энэ зун наадмаа хийж чадах болов уу? Гоё зун болох болов уу?

Ковид зунаар дуусна гэж бодож болохгүй. Хэсэгтээ дэлхийд ч, Монголд ч амьдралын нэг хэсэг хэвээр байна. Гэхдээ бид энэ бүхнийг даван туулна, хэвийн амьдралдаа бага багаар орно, гоё зун болно л гэж бодож байна.


  1. 172.69.135.* Зочин 2021-06-04 17:15
    Цаашид улам их өөрчлөлт авчрах сайд байсан юм. Даанч ажиллах боломж олгоогүй. Ковид бол яахав, ганц манайд тулгарсан асуудал биш, тойроод торойгоод ганцаараа ковидгүй үлдэнэ гэж саналтгүй. Ковид дээр ч сайн ажилласаан. Яалтчгүй олооны удирдлагаас хамаагүй мэдрэг ажилласан. Харин салбараа үндсээр нь, гажуу тогтолцоогоо засах зориг, сэтгэлтэй сайд байсан даа.
  2. 162.158.167.* Зочин 2021-06-03 09:59
    Мундаг хүн шүү! Болдог бол энэ хүнийг буцаагаад ЭМ-н сайд болговол манай ЭМ-н салбарч ёстой сайхан хөгжинө гэдэгт огт эргэлзэхгүй байна.
  3. 162.158.166.* Зочин 2021-06-02 19:31
    Амжилт хүсье ❤️
  4. 162.158.165.* zochin 2021-06-01 07:03
    covidg gants taraaj idej uuj uuj zailsan yu ni sain ajilsan bgiin. ahij bitgii tord uzgdeerei gai
  5. 162.158.165.* otgon 2021-06-01 07:01
    ugasa bagaaraa ta nar muu bsn bzdee. yug sain gdgiin zail zail
  6. 172.68.144.* Davaa 2021-05-25 22:49
    Sain baisan.
  7. 162.158.165.* Ganaa 2021-05-19 17:22
    Юм хийх,хийсэн хүнээ явуулчдаг бас сонин шүү.Энхболдоос хамаагүй чадалтай сайд байлаа
  8. 162.158.166.* Зочин 2021-05-16 18:19
    Мөнхсайхан эмчид сайн сайхныг хүсье. Чадалтай, сэтгэлтэй сайн эмч, менежер гэж бодож явдаг.
  9. 162.158.165.* Зочин 2021-05-16 15:46
    Мөнхсайхан эмчдээ амжилт хүсье. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хийж байгаа үйлс бүхэнд нь баярлалаа. Мундаг менежер шүү.
  10. 162.158.166.* Зочин 2021-05-16 11:59
    Сайд та бол сайн ажилласан шуу.ЭМЯ нд нилээд еерчлелт гарсан.Залуу хуншантарч болохгуй.Амжилт,хусье
  11. 162.158.166.* Б.Баясгалан. 2021-05-16 11:38
    ЭМЯ ХӨСҮТ Улсын эмнэлэгүүд Эмч сувилагч нар Ковид-19 өвчний халдвараас Улс орон ард иргэдээ урьдчилан сэргийлэх хамгаалах эмчлэх талаар өдөр шөнөгүй шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн ажиллаж байгаад Талархал илэрхийлье.Маш хүнд эрсдэлтэй нөхцөод ажиллаж байгааг ойлгож байна.ЭСЯам ард иргэдийн хамтын хүчин зүтгэлээр вакцинжуулалт амжилттай явагдаж Ковидгүй зунтай учрахын тулд хүн бүр хичээцгээе.Хамтын хүч агуу шүү дээр.ЭМЯ-ны Сайд хамт олонд Баярлалаа.Та бүхэнд хүн ардынхаа эрүүлийг хамгаалах их үйлстээ их амжилт гаргахыг хүсье
  12. 162.158.166.* Иргэн 2021-05-16 11:35
    Яасан салж чаддаггүй албан тушаал бэ.зөндөө л тодорлоо.Чи ганцаараа энэ бүгдийг хийнэ гэж юу байхав.Албан тушаалд дуртай ийм юмнууд.хэт өөрийгөө дөвийлгөн дон туссан малнуудаас яаж монголыг салгана.Залуу үе нь хэтэрхий өөрсдийгөө үнэлсэн.хархуулаар сайд болчихоод мөнгөө гаргаж авч чадаагүйдээ үхлээ юу
  13. 172.68.144.* Zochin 2021-05-16 10:22
    Chamaas bolj kovid onoodor iim baidald hureed bna chi buruutai dongoj haldvar garch bhad zoruud buh shig zorj bhaar neg haalga neg orh shinjilgeed tsag aldalgui hoer udaa hiitsen bol onoodor iim bhgui bsan shuu ter urd hodoo oron nutagt tarhaagui bsan zovhon UB iin irgeded hiicen bol odiid iim bhgui bsan chi buruutai
  14. 172.68.144.* Чулуун 2021-05-15 19:26
    Ямар ч байсан мундаг мэс засалч хагалгаа хийлгэж байсан . Сайн сайхныг хүсье.
  15. 162.158.165.* zochin 2021-05-15 17:44
    Худалч нөхөр шоу залуу.бүх хүмүүсийн хиййсэн зүйлийг өөрө хиййсэн гээд нүүрны хувиралгүй ярьж чадах юм.
  16. 162.158.165.* zochin 2021-05-15 17:41
    Huukin shig pop gar da.covid dotoodtoi aldsan gol buruutan.200 garui nas baralt uilin ur ni ene nuhurt ochnoo.harj bgaarai
  17. 162.158.167.* Зочин 2021-05-15 17:04
    Сайд байх хугацаандаа сайн ажиллаж байсан. Олон давуу ажлуудыг эхлүүлж байсан даанч хугацаа бага байлаа. Өөр олон ажил хийх байсан байх гэж бодож явдгийштээ. Танд ажлын өндөр амжилт хүсье.
  18. 172.68.144.* Зочин 2021-05-15 14:25
    Үнэхээр мундаг сайд бсан шүүТанд ажлын өндөр амжилт хүсье
  19. 162.158.166.* zochin 2021-05-15 14:14
    ene zaluug ih demjij bsan bogino hugatsaand ih zuil hiij chadvaraa haruulsan iim hunii huchiig ashiglaj eruul mendiin salbaraa hogjuuliye odor bur ovchtei huuhed humuus handiv guij bna solongosiinh shig havdariin sain emneleg baiguulaarai
  20. 162.158.167.* Зочин 2021-05-14 21:20
    Amjilt az jargal hvsie saihan mundag zaluu shvv
  21. 162.158.166.* Зочин 2021-05-14 21:00
    Хувь хүнийхээ хувьд зөв үзэл бодолтой залуу юм шиг санагддаг. Сайдын хувьд оновчтой цаг үеэ мэдэрч өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн. Харин дуусгаж чадсангүй. Улс төр л энэ залуугийн хийх бүтээх үйлд гай болж байна даа!
  22. 162.158.167.* Зочин 2021-05-14 17:26
    Үнэхээр мундаг ажил хэрэгч сайд байсан. Цаашлаад ажилласан бол эрүүл мэндийн салбар цогцоороо өөрчлөглөх байсан гэж боддог
  23. 162.158.165.* Зочин 2021-05-14 16:09
    Дахиад салбартаа ирж олон олон зүйлийг өөрчилж эмнэлгийн ажилчид мэргэжилтнүүдийн цалинг нэмээсэй