Агентлаг

Мод тарьж, ногоон төгөл байгуулах талаар санал солилцлоо

О.Намуун
2015-06-04 01:43

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг “Ногоон Ази” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга И Шин Чолыг хүлээн авч уулзан, мод тарьж, төгөл байгуулах талаар санал солилцлоо.

Тэд ирэх сард Улаанбаатар хотод зочлох БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн айлчлалын үеэр “Сөүл хотын иргэдийн төгөл” байгуулах Санамж бичигт гарын үсэг зурах боломжийн талаар санал солилцсон аж. “Ногоон Ази” ТББ-аас таван жилийн хугацаанд 100 га-д 100 мянган ширхэг мод бүхий “Сөүл хотын иргэдийн төгөл”-ийг байгуулж, ингэснээр Япон Улс, Солонгосын хойгт хүрдэг шар шороон шуурганы голомт болоод буй Монгол Улсын цөлжилтийн эсрэг арга хэмжээ авахаар зорьж буй юм. Нийт 5 аймгийн 6 газарт ойжуулах ажил эхлүүлж, орон нутгийн 200 гаруй иргэнийг цалинжуулан даатгал, шимтгэлийг нь төлж уг ажилдаа татан оролцуулаад байна.

Уулзалтын үеэр “Сөүл хотын иргэдийн төгөл” байгуулах газрыг сонгох, Санамж бичигт гарын үсэг зурах ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ хамтран оролцож болохыг Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хэлж байв.