Агентлаг

Франц улс Монголын прокуроруудыг сургахад тусална

О.Намуун
2015-06-05 00:20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Францын Шүүхийн Үндэсний сургуулийн захирал  Игзавье Ронсен, тус сургуулийн орлогч захирал, гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг нарыг хүлээн авч уулзлаа.

Францын шүүгч, прокуроруудыг бэлтгэдэг Шүүхийн Үндэсний сургууль 2011 оноос Монгол Улстай хамтран ажиллаж эхэлсэн. Тус сургууль 8000 суралцагчтай бөгөөд Европдоо эртний түүхтэй гэдгээрээ онцлог газар юм.  Монгол Улс 1926 онд гадаадад, түүний дотор Франц, Герман улсуудад 35 оюутныг сургаж байсан. Тэднийг  тухайн үеийн Гэгээрлийн сайд, одоогийн нэрээр бол Боловсролын сайд Эрдэнэбатхаан өөрийн биеэр хүргэж өгч байсан. Европт 1926-1930 онд суралцсан тэдгээр оюутнууд Монголд буцаж ирээд том сэхээтнүүд болж, Европ, Францын соёлын үрийг Монголд тарьсан билээ.

Тэгвэл энэ удаад Францын Шүүхийн Үндэсний сургууль Монгол Улсын Прокурорын ерөнхий газартай Санамж бичиг байгуулахаар болжээ. Ингэснээр Франц улс монголын прокуроруудад сургалт явуулах юм.