Агентлаг

Халх голын бүсэд хөдөө аж ахуйг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

О.Намуун
2015-06-10 00:15

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа БНСУ-ийн Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд У Сун тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “КОЙКА” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хүнсний ногооны хүлэмж барих, Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт, малын гоц халдварт өвчин, хүнсний аюулгүй байдлын лабораторийн оношлогооны чадавхийг бэхжүүлэх гурван үе шаттай төслийн тухай ярилцсан байна. Түүнчлэн Дорнод аймгийн Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж, тус нутагт загвар аж ахуй байгуулах төслийн явцыг хурдасгах тухай ярилцжээ.

"Халх гол" төсөл нь зөвхөн “КОЙКА” олон улсын байгууллага бус тус улсын Засгийн газрын бодлоготой уялддаг чухал төслүүдийн нэг аж. Тус улсын шинжлэх ухааны төслийн хүрээнд өнгөрсөн жил манай оронд хөдөө аж ахуйн мэргэжилтний сургалтыг зохион байгуулж, 36 хүн суралцжээ. Энэ жил 30 хүнийг БНСУ-д суралцуулахаар төлөвлөөд байгаа юм.