Агентлаг

Онцгой байдлын үед шаардлагатай тоо мэдээллээр хангаж, хамтран ажиллана

О.Намуун
2015-07-07 03:08

1987 оны 7-р сарын 11-нд манай дэлхийн хүн ам 5 тэрбумд хүрсэн билээ. Үүнээс хойш уг өдрийг дэлхий дахинаа Дэлхийн хүн амын өдөр болгон тэмдэглэх болсон.  Жил бүр дэлхийн хүн амд тулгамдаж буй асуудлыг хөндөн тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил уг өдрийг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон НҮБ-ын Хүн амын сан хамтран "Онцгой байдлын үе дахь эмзэг бүлгийн хүн ам" асуудлын хүрээнд анхаарч, зохион байгуулах гэж байна.

НҮБ-ын тайланд дурдсанаар албадан шилжин суурьшсан иргэдийн тоо 2014 оны эцэст бараг 60 саяд хүрсэн байна. Онцгой байдал тохиолдсон үед охид, эмэгтэйчүүдийг хамгаалж, шаардлагатай тусламж үзүүлээгүйн улмаас тэд хүчирхийлэл, доромжлол, бэлгийн мөлжлөгт өртөх, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой өвчин эмгэгт нэрвэгдэх төдийгүй амь насаа алдах эрсдэл ихээр нэмэгддэг. Иймээс аливаа гамшиг, хямралын үед эмэгтэйчүүд ялангуяа жирэмсэн эхчүүдийн хэрэгцээг хангахад онцгой анхаарах шаардлагатай байдаг байна

Тиймээс Дэлхийн хүн амын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар Онцгой байдлын ерөнхий газар болон Үндэсний статистикийн хороо онцгой байдлын үед шаардлагатай тоо мэдээллээр хангах, харилцан мэдээлэх асуудлаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара: 

"Хямралын үед охид, эмэгтэйчүүдийг хамгаалж, шаардлагатай тусламж үзүүлээгүйн улмаас тэд хүчирхийлэл, доромжлол, бэлгийн мөлжлөг, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой өвчин эмгэгт өртөөд зогсохгүй амь насаа алдах эрсдэл асар ихээр нэмэгддэг. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо хамтран онцгой байдлын талаарх статистик мэдээ, мэдээллийг бий болгож, харилцан солилцдог болж байгаа нь онцгой байдлын үед хамгийн эмзэг бүлгийн хүн амд хүрч ажиллахад чухал алхам юм." хэмээн онцоллоо.