Агентлаг

Ольга Савран : Монгол улс авилгатай тэмцэх стратегитай болох шаардлагатай

М.Энхмаа
2015-11-24 04:08

Авилгатай тэмцэх газар, Азийн хөгжлийн банк, Олон улсын эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуулын Авилгын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинар Улаанбаатар хотноо 3 өдөр үргэлжилж өндөрлөсөн.

Энэ үеэр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ болон Төв Азийн Авилгын эсрэг хэлтсийн Авилгын эсрэг сүлжээний зохицуулагч Ольга Савран Блүүмберг телевизэд ярилцлага өгсөн байна. Түүний авилгатай тэмцэх талаар өгсөн зөвлөгөөг хүргэж байна.


Ерөнхийдөө бид Монголын АТГ-ын бие даасан үйл ажиллагааг дэмжиж байгаа. Учир нь хэдийгээр байгуулагдаад удаагүй байгаа ч маш зоригтой байж үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж бид дүгнэж байна. Энэ газрын талаар шүүмжлэлтэй хандах тодорхой хэдэн асуудлууд байгаа гэхдээ зөв чиглэлтэй явж байгаа гэж найдаж байна. Цаашид ч мөн илүү хүчирхэгжиж сайн үр дүнг авчрах байх. Ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байгаа хэд хэдэн дутагдалтай тал байгааг бид харсан.

- Авилгатай тэмцэх стратеги. Агентлагийн зүгээс оны эхэнд стратегиа боловсруулж парламентад өргөн барьсан. Гэхдээ парламентаас үүндээ ямар нэгэн бодит санал, шүүмжлэл хэлээгүйгээр буцаасан байгаа юм. Бидний хувьд үүнийг дахин хойшлуулах шалтгаан байхгүй гэж үзэж байгаа. Учир нь ЗГ-т авлигын эсрэг тэмцэх тодорхой улс төрийн бүтэц байх хэрэгтэй. Үүнийг энэ стратеги бий болгож байгаа юм.

- Авилгын эсрэг хууль тогтоомжийг нэн даруй шинэчлэх шаардлага байгаа. Эрүүгийн хуулийг дахин хянах ажил хийгдэж байгаа гэсэн. Тиймээс ч эдгээр дутагдлыг засах хамгийн тохиромжтой цаг гэж харж байна.

- Авилга, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх нэг чухал зүйл бол бизнесийн шударга байдал. Хэдийгээр Монгол улсад шинэ ойлголт байж болох ч маш чухал юм. Ашигт малтмалын баялаг, чухал ач холбогдолтой нөөцийг илрүүлж уул уулрхайн компаниуд орж ирсэн. Энэ нь хэдийгээр улс орны хувьд азтай зүйл байж болох ч нөгөө талаас хараал ч байж болох юм. Байгалын баялагтай маш олон улсад энэ нь хараал болж байсан. Тиймээс авилгыг асуудал болгохоос өмнө Монгол улс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

- Олон улсын туршлагаас харахад бизнес эрхлэгчид авилгын тухай ярих тийм ч дуртай байдаггүй. Гэхдээ авилгыг өнөөгийн хэмжээнд байхад нь мөн хэтэрхий оройтохоос нь өмнө компаниудтай уулзаж авилгаас сэргийлэхийн тулд юу хийх шаардлагатайг ярилцах хэрэгтэй.

-Өнөөгийн түвшинд бизнес эрхлэгчидтэй хууль эрхзүйн хүрээнд тодорхой ярилцах хэрэгтэй. Тухайлбал, Монгол улсад одоогоор хувь хүмүүсийн хооронд хийгдсэн авилгад эрүүгийн хариуцлага тооцох хууль байхгүй байна.

- Монгол улс авилгад холбогдсон компаниудад хүлээлгэх хариуцлагын талаар хуулиндаа тусгаж өгсөн. Гэхдээ бодит байдал хэрэгжихгүй байгаа учраас шинэчлэх хэрэгтэй. Компаниуд одоогийн шатанд хэлэлцүүлэгт оролцож байх ёстой. Та зөвхөн шийтгүүлэх биш, өөрсдийгөө хамгаалах хамтарсан үнэлгээ хийх нөхцөлийг олгохуйц хөтөлбөрийг танилцуулах байдал руу компаниудыг идэвхжүүлэх бүтцийг бий болгох хэрэгтэй.

- Зөвхөн АТГ биш төрийн бусад агентлагууд ч гэсэн компаниудтай ярилцахдаа авилгын болзошгүй эрсдлийн талаар ойлгуулж ярилцаж байх хэрэгтэй. Энэ бол ЗГ-ын хийх ёстой хамгийн эхний зүйл. Мөн ЗГ бизнесийн холбоодтой хамтарч ажиллах ёстой. 

- Авилга, хээл хахуулийн эсрэг шат дараатай арга хэмжээ авч тэмцэх боломжуудыг нээж илрүүлэх хэрэгтэй. Монгол улсад энэ төрлийн арга хэмжээ авах цар хүрээ хангалттай байгаа. Ихэнх тохиолдолд үүнийг том хэмжээний бүтцийн төсөл, хөгжлийн төсөл хэрэгжүүлэхэд ашигладаг. Боломжит хувийн хэвшлийн оролцогчтой ярилцаж хээл хахууль өгөхгүй байх талаар ярилцана. Ингэснээр хэн ч энэ хэлэлцээрийг зөрчихгүй байгаа эсэхийг хянах механизмыг бий болгох юм.

- АТГ-тай болно гэдэг бол өөрөө маш том амжилт. Миний зүгээс өгөх зөвлөгөө бол агентлагаа улам хүчирхэгжүүлж бэхжүүлэх. Сүүлийн үед АТГ олон нийтийн итгэлийг бага зэрэг алдаж эхэлсэн. Нэг судалгаанаас харахад иргэд агентлагийн ажилд өнгөрсөнтэй харьцуулахад тийм ч сэтгэл хангалуун биш байна. Гэхдээ энэ нь уг газар муу ажиллаж байгаагийнх биш. Энэ бүхэн анхнаасаа бий болоод байсан өндөр хүлээлттэй холбоотой. Анх АТГ байгуулагдаж байхад хүн бүхэн маргааш авилга алга болно гэж бодож байсан. Монголын загвараа болгодог 1970-аад онд байгуулагдсан Хонконгийн АТГ одоо л үр дүнгээ өгч байна. Тиймээс Монголын агентлагаас ийм үр дүн хүлээж болохгүй. Учир нь Хонконгийн АТГ-тай харьцуулахад Монголынх нялхаараа байна.

- Сүүлийн үед энэ АТГ-т олон даалгавар өгч байгаа ч нөөц бололцоогоор хангахгүй байна. Нөөц бололцоог нь олгох хэрэгтэй. Энэ агентлаг ганцаараа авлигатай тэмцэж чадахгүй. Зарим тохиолдолд АТГ байгуулагдахад бусад байгууллага “Гайхалтай, энэ бол чиний хийх ажил. Явж авлигатай тэмц, бид өөрсдийнхөө ажлаа хийлээ. ” гэж хэлдэг. Хэрвээ энэ аргаар явж байгаа бол энэ сайн зүйл биш.

- Төрийн бүх байгууллага, институцүүд өөрийн гэсэн авилгатай тэмцэх стратеги төлөвлөгөө, хариуцсан хүнтэй байх хэрэгтэй. Энэ бол эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад дагадаг хандлага. Тухайлбал, Монголын Хөгжлийн банк өөрийн гэсэн стратегитай байх ёстой. Уул уурхайн салбар хариуцаж ажилладаг төрийн байгууллагууд ч стратегитай байх хэрэгтэй. Эрүүл мэндийн яам, Соёлын яам ч мөн адил.