Хууль

Н.Жанцан Цэцийг удирдаж эхлэв

А.Сэвжид
2016-02-22 09:23

УИХ-ын ээлжит бус чуулганаар өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах шийдвэр гаргаснаар Цэцийг удирдах эрх мэдэл хамгийн өндөр настай гишүүн болох Н.Жанцан гишүүнд шилжиж иржээ. 

Цэцийн тухай хуульд зааснаар “Цэцийн дарга нь нас нөгчсөн, чөлөөлөгдсөн, огцорсон, түр эзгүй тохиолдолд цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн нь орлоно” хэмээн заасан байдаг аж. Хуульд байгаа дээрх зохицуулалтын дагуу тус газрын даргын үүргийг гишүүн Н.Жанцан түр орлон гүйцэтгэх юм байна.

Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнтэй байх учиртай. Ж.Амарсанаа гишүүнийг чөлөөлснөөр шинэ хүнийг нөхөн томилох ёстой болж буй. Шинээр нэр дэвшүүлэх хүнийг Улсын Дээд Шүүх санал болгох юм. Учир нь Ж.Амарсанааг санал болгож томилуулсан, мөн чөлөөлөхөд нь санал ирүүлсэн газар нь Улсын Дээд Шүүх аж. Ийм учраас тус газраас шинэ хүн санал дэвшүүлсэн цагт УИХ энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Үүний дараа Цэцийн бүрэлдэхүүн бүрдэж,  есүүлээ хуралдан, Цэцийн даргыг дундаасаа сонгох аж. Санал хураалт нууцаар байхаар хуульд зааж өгчээ.

Харин УИХ-аас гаргасан Цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татах шийдвэрийг Цэц хэлэлцэх үү гэсэн асуудалд эх сурвалж  энэ тухай гомдол Цэцэд ирээгүй цагт хэлэлцэх боломжгүй гэсэн хариулт өгч байна.

Тэгвэл Цэцийг удирдаж эхэлсэн Н.Жанцан нь өмнө нь ҮХЦ-ийг удирдаж байсан аж. МУИС-ийг 1972 онд хуульч мэргэжлээр төгсч, ОХУ-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, Ул­сын ерөнхий прокурорын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан, 1992 онд Ерөнхийлөгч нэрийг нь дэвшүүлснээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болжээ. Улмаар 1998 онд дахин томилогдон Цэцийн дар­гаар сонгогдсон. Харин 2005 оноос Цэцийн орлогч дарга, гишүүн зэрэг албыг тус бүр хашиж иржээ.