Гэрчилгээгүй мотоцикл худалдан авахгүй байхыг анхааруулав
Хилээр, ялангуяа урд хөршөөс оруулж ирдэг мотоцикл хөдөө орон нутгийн уул хад, бартаа ихтэй газарт тохирдоггүй, техникийн аюулгүй байдлыг хангаагүй, баримт бичиггүй байх зөрчил нэлээдгүй гарах болжээ. Иймээс техникийн гэрчилгээгүй мотоцикл худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар иргэдэд анхааруулж байна.
2013 онд улсын хэмжээнд мотоциклтэй холбоотой 330 осол, зөрчил гарч 112 хүн амиа алдан, 191 хүн гэмтэж бэртжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн танадалт судалгаанаас үзвэл иргэд уул хадтай, замгүй, бартаа ихтэй газар хурд хэтрүүлдэгээс мотоциклийн обуд нь хагарч цууран осолддог байна.
Манай улсад мотоцикл эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй учир Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломж хомс байдаг ч аймгуудын Мэргэжлийн хяналтынхын орон нутгийнхаа Замын цагдаагийн байгууллагатай хамтран осол, зөрчлөөс сэргийлэх, мотоциклоор хүн тээвэрлэж байгааг зогсоох шаардлага тавьж, зөвлөмж зааварчилгаа өгөх зэргээр боломжтой бүх арга хэмжээг авч байна.