Агентлаг

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Оюутан цэргүүдийн хичээлийн явцтай танилцлаа

О.Намуун
2015-05-25 14:09

Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан оюутнуудынхаа цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээлийн явцтай танилцаж, УБИС, МУИС-ийн хичээлийн байранд суралцаж буй оюутан цэргүүдтэй уулзлаа. Энэ удаагийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулиас 1134 оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр 8 бүлгээр хичээллэж байна. БХИС-ийн 23 багш долоо хоног бүрийн бямба, ням гаригуудын 10.00-15.00 цагийн хооронд оюутан цэргүүдэд “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтыг хичээлийн хуваарь, хөтөлбөрийн дагуу зааж байгаа аж.

Цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээл нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-нд хичээл хаагдана. Тодруулбал, энэ сарын 30-нд онолын сургалтын шалгалт аваад тэнцсэн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан "Цэргийн мэргэжлийн бэлтгэл"-д хамруулах юм. Цэргийн мэргэжлийн бэлтгэлийн хичээл зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Оюутнууд салбарынхаа сайд болон хөтөлбөрийг санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгчдөө талархаж буйгаа илэрхийлж байсан. Түүнчлэн

"Эр хүн болж төрснийх цэргийн алба хаах ёстой юм байна гэдгээ хөтөлбөрт хамрагдсаны дараа ойлгосон. Хичээл нь сонирхолтой байна. Цаашдаа бэлтгэлд гарч, цэргийн амьдралаар амьдарна гэхээр бүр сайхан санагдаж байгаа. Энэ хөтөлбөр нь бидний цаг завыг хэмнэж төрийн албанд орж ажиллах үүд хаалгыг нээж байна" хэмээн ам сайтай байв.