Ерөнхийлөгч

Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда Ерөнхийлөгчид бараалхав

О.Намуун
2015-05-25 14:15

Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон,Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав.

С.Эда эрхэм Ерөнхийлөгчийн Япон улсад хийж буй айлчлал амжилттай болж буйг дурдаад өнгөрсөн хугацаанд Монгол Японы харилцаа хамтын ажиллагаа маш идэвхтэй хөгжиж байгаа нь энэхүү айлчлалаас харагдаж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны цаашдын хамтын ажиллагааны цоо шинэ шатыг нээж байна гэж бид харж байна гэж хэлэв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хоёр орны хамтын ажиллагаа бүхий л түвшинд өргөжин хөгжиж байгаа нь хоёр улсын парламент хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр засгийн газрын хамтын хүчин чармайлтаар байгуулагдаж,Монгол Японы парламентаар батлагдсанд баяртай байгаагаа илэрхийллээ.

Мөн уг айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы эдийн засгийн мэдээллийн нөлөө бүхий томоохон байгууллагад тооцогдох “Никкей” сонин болон Японы гол таван телевизийн нэг “BS Fuji Prime news” шууд нэвтрүүлэгт оролцов.