Манай жүдочид "World master" тэмцээнд багийн дүнгээрээ эхний гуравт жагсчээ
Морокко улсын Рабат хотноо дэлхийн жин, жингийн шилдэг 16 жүдочдын "World masters" тэмцээнд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг аваргаллаа. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа тэргүүлсэн юм. Ийнхүү тэрбээр "World masters"-ын хошой аварга боллоо.
Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар нар хүрэл медалийг хүртсэн бол 100 кг-ын жинд өрсөлдсөн Олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Азейрбайжаны бөх Елхан Маммадовтой барилдаж, базари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнийг дуусгалаа. Жин жингийн шилдгүүд нэр заан уригддаг тус тэмцээнд 50 орны эрэгтэй 114, эмэгтэй 111, нийт 225 жүдоч зодоглосон байна.