Нийгэм

Хууль бус газрын наймаанаас болж Гачууртын иргэд амьдрах газаргүй болсон гэв

Bolor Rose
2015-05-25 16:21

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20-р хорооны Гачууртад амьдардаг иргэд хууль бус газартай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тодруулбал, тус дүүргийн Засаг дарга асан Э.Мөнх-Очир, Б.Батзориг нарыг газрын хууль бус наймаа хийж байгаа, мөн газар олгох ажлын хэсгийн ахлагч гэх  Б.Янжинлхам гэдэг эмэгтэй хувийн тамга тэмдэгтэй болж иргэдээс кадастрын үнэ болох 50 мянган төгрөгийг хувьдаа авсан талаар мэдээллэв.  Энэ талаар тус дүүргийн 20-р хорооны иргэн Ц.Чулуунцэцэг “2011 оны Засаг даргын захирамжаар анх хашаа барьсан иргэдэд 700 мкв газар өгнө гэсэн боловч Б.Янжинлхам гэдэг эмэгтэй 517 иргэний 508-д нь 600 мкв газар өгөөд өөрийн хамаатан гэх есөн иргэнд 700 мкв газар олгосон. Газар эзэмших өргөдлөө өгч, кадастрын мөнгөө дансанд нь хийсэн иргэд Б.Янжинлхамаас газрынхаа тухай асуухад “захирамжинд нэр чинь ороогүй байна” хэмээн залилсан. Нэг газар дээр огт амьдардаггүй 2-4 хүний нэр дээр захирамж гаргаж өгсөн” гэлээ. Хохирч газаргүй болсон  200 гаруй иргэн шүүхэд хандсан ч шүүхийн шийдвэр БЗД-ийн хуучин засаг дарга нарын талд гарсан байна. Тиймээс тэд Э.Мөнх-Очир, Б.Батзориг нарыг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж, Хотын захирагч Э.Бат-Үүлтэй уулзахыг хүсч байгаагаа хэллээ.

Л.Ванчинсүрэн “Олон өрх цахилгаангүй амьдарч байна”

Мөн  хорооны иргэн Л.Ванчинсүрэн  “ Би Гачууртад их олон жил амьдарч байна. Анх 2008 онд Гачууртын уугуул, суугуул иргэдэд газар олгох зөвшөөрөл гарснаас хойш өнөөдрийг хүртэл олон иргэд хохирсоор байна. Өнөөдрийн байдлаар газрын зөвшөөрөлгүй байна гэх шалтгаанаар олон өрх цахилгаангүй лаа барьж амьдарч байна. Заримынх нь хашааг эхнээс буулгаж эхэлсэн. Угтаа бол бид анх газрын зөвшөөрөл гэрчилгээгээ авсан ч, мөн өөр хүмүүст тэр газрын гэрчилгээг давхардуулан олгосноор өнөөдрийн энэ асуудал үүсээд байна. Төр Засгаас бидэнд энэ асуудалд анхаарал хандуулж амьдрах газаргүй болсон иргэддээ анхаарлаа хандуулаач гэж хэлмээр байна.  Бидэнтэй давхардан хууль бус газрын гэрчилгээ авч одоо биднийг амьдрах газаргүй болгоод байгаа тэр хүмүүс  бол тухайн үед газрын зөвшөөрөл олгож байсан эрх мэдэлтнүүдийн хамаатан төрөл төрөгсөд, танил найз нөхөд гэдгийг нотлох баримт байгаа” хэмээн ярилаа.