Засгийн газар

АН-ын бүлэг томоохон төслүүдээ хөдөлгөнө

М.Энхмаа
2015-05-25 08:50

 АН-ын өнөөдрийн бүлгийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцсэн юм.

1. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд ажлын айлчлал хийх үеэрээ Оюутолгойн хэлэлцээрээс гадна амжуулсан ажлаа танилцууллаа.

- Нэг тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын сан байгуулах санамж бичиг байгуулсан.

- Гадаадын эдийн засгийн томоохон сонин сэтгүүлд ач холбогдолтой айлчлал болсон гэж мэдээлсэн нь Монголын эдийн засаг сэргэхэд томоохон түлхэц болно.

- Монголоос махан бүтээгдэхүүн экспортод гаргахаар болжээ. Энэ чиглэлээр манайд үйлдвэр байгуулах боломжтой талаар дурдсан. Үүнтэй уялдуулан махны экспортын стандартыг нэг түвшинд авчрах талаар санал хэлсэн байна.

2. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай танилцсан талаараа мэдээлэл хийлээ. Олон улсын нисэх онгоцны буудлыг тойруулан казино, чөлөөт бүс байгуулах талаар УИХ-ын дарга өөрийн байр суурийг илэрхийлсэн. Энэ асуудлаар харилцан санал солилцож, Дубайгийн нисэх буудал дээр байрлах чөлөөт бүсийн загвараар Монгол Улсад чөлөөт бүс хөгжүүлэх боломж байна гэжээ.

3. Дэд ажлын хэсгүүдийн мэдээллийг сонслоо.

- С.Одонтуяа гишүүнээр ахлуулсан Хот төлөвлөлт, шинэ хөдөө ажлын дэд хэсгийн энэ долоо хоногт Шинэ яармаг төсөлд анхаарал тавьж ажиллана гэлээ.

- Ж.Батзандан гишүүнээр ахлуулсан Ажилгүйдлийг шийдэх дэд ажлын хэсэг 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажээ. Тухайлбал, Цахилгаан торгоны замын төсөл, Нүүрс шингэрүүлэх төсөл, Шинэ төмөр замын бодлого, Хүнд үйлдвэр барих зэрэг төслүүдийг эрчимтэй хөдөлгөх юм байна.