Өнөөдөр "Бурхан Халдун" уулын төрийн тахилга болно
Өнөөдөр "Бурхан Халдун" уулын төрийн тахилга болно. 1818 оноос эхлэн тахин шүтэж ирсэн уг хайрханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ өдөр тахих шийдвэрийг гаргасан. 2013 оны Засгийн газрын тогтоолоор Монгол түмний бахархалт хайрхан болгосон ба 1995 оноос эхлэн орчин үеийн ёс заншлаар тахиж ирсэн түүхтэй.
Энэ жил эрт дээр үеэс улбаатай тахилгын зан үйлийг сэргээж, байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулахаараа онцлог
болох юм.
Тахилгад оролцох иргэд Бурхан Халдун хайрханы бараа нь харагдах газар буюу Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоон дээр хийнэ. Энэ нь Бурхан Халдун уулнаас 40 орчим км-ийн наана оршдог газар юм. Ингэхдээ тус газарт LED дэлгэц байрлуулан Бурхан Халдуны тахилгын үйл явцыг цугласан олонд UBS телевиз шууд дамжуулан хүргэх ажээ. Тахилга, тайлга хоёрын ялгааг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Тахилга гэдэг нь уул, хайрхандаа хүндэтгэл үзүүлэхийг хэлдэг бол тайлга нь тахилга хийсний дараа түмэн олныг цэнгүүлэхийг хэлдэг. Тайлгыг мөн адил Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоо хэмээх газар хийх юм.
Өмнөх жилүүдэд Бурхан Халдун хайрханыг тахих нэрийдлээр байгаль орчноо бохирдуулаад орхих явдал багагүй гардаг байсан учир энэ жилээс ийн зохион байгуулахаар болжээ.