Ерөнхийлөгч

Ерөнхийлөгчид Иран, Мьянмар, Унгар улсын Элчин сайд нар ИЖБ барилаа

О.Намуун
2015-05-26 23:44

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид

  • Исламын Бүгд найрамдах Иран Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Али Асгар Хажи
  • Мьянмарын Холбооны Бүгд найрамдах Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Тит Линн О
  • Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадари нар тус тус Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Ираны Элчин сайд Али Асгар Хажи уулзалтын үеэр Монгол Улсад Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид Ираны Ерөнхийлөгч Хассан Руханийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжиллаа.

Мьянмарын Холбооны Бүгд найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин саяхан Монгол Улсад айлчилж, хоёр орны харилцааны цаашдын чиг хандлагын талаар ярилцсаныг дурдаад Мьянмарын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын үеэр хоёр талын харилцааны өөр олон асуудлыг ярилцахаар төлөвлөөд байна гэв.

Унгар улсын Элчин сайд Акош Мадари нь дипломат ажлын гараагаа Монгол Улсаас эхэлсэн бөгөөд 1992-1997 онд Улаанбаатар дахь Унгарын ЭСЯ-нд дипломат ажилтан байсан тухайгаа уулзалтын үеэр дурслаа. Мөн Унгарын Гадаад хэргийн яаманд Монгол, Хятад хариуцсан ажилтан байжээ. Тэрээр хоёр орны хоорондын харилцаа өргөжин хөгжих үүд нээгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Унгар Улс Улаанбаатарт ЭСЯ-аа сэргээн нээх гэж байгаа нь хоёр талын харилцаа, ялангуяа боловсрол, соёл, эдийн засгийн салбарт илүү өргөн боломжууд гаргаж ирнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв.