Бусад

“Номын баяр”-аар трэнд болсон 5 бүтээлийг танилцуулж байна

Bolor Rose
2015-05-26 23:48

 

"Номын баяр"-ын өдөрлөгт оролсон бүтээлүүдээс хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан, хамгийн их борлуулалт сайтай байсан  трэнд 5 бүтээлийг  танилцуулж байна.

  1. “Монголын нууц товчоо”-ны дэлгэмэл хувилбар- Хамгийн Их анхаарал татсан ном  

Хүн төрөлхтний түүхнээ товойн тодорсон бүх цаг үеийн аугаа их хаан , Монгол түмний эзэн Чингис хааны намтар цадиг болох “Монголын нууц товчоо” хөлгөн судрын дэлгэмэл хувилбар өдөрлөгийн үеэр хүмүүсийн анхраалыг хамгийн их татсан бүтээлийн нэг байлаа. Учир нь энэ бүтээлд “Монголын нууц товчоо”-ны бүхий л үг үсгийг орхигдуулалгүй багтааж нэг хавтгай дээр багтаасан нь уран бүтээлчээс чамгүй авьяас ур ухаан шаардсан бүтээл болж чаджээ. Мөн цаг хугацаа, орон зай, хязгааргүйн бэлгэдлийг агуулсан Хас хээний олон хэв янзаар хүрээлэгдэж, өнө эртний бэлгэдэл нар, сар, гал төв дунд нь гэрэлтсэн мөнхүү бүтээл монгол тулгатны сүр хүчний бэлгэдэл болохыг тайлбарлаж байв. Түүнчлэн дэлхийд хамгийн анхдагч бүтээл болохыг Төрт Ёс  Хаадын Сан ТББ-ынхан онцолсон юм.

  1. 13 боть түүхийн их шаштир- Хамгийн их хөдөлмөр шингэсэн бүтээл

Модун Хаанаас эхлээд Алтан Ургийн Хаад, хамгийн сүүлчийн хаан Богд хааныг  дуустал бүх хаадын намтарчилсан 13 боть түүхийн их шаштир бүтээл өдөрлөгийн трэнд бүтээлүүдийн нэгээр шалгарсан юм. Учир нь  Ч.Далай, Н.Ишжамц, Ж.Болдбаатар тэргүүтэй үндэсний түүхчдийн 15 жилийн хөдөлмөрөөр бүтсэн бөгөөд Монголын соёл, шашин, түүхэн уламжлалыг тодотгон харуулсан бүтээл байв.  Мөн Төрт Ёс  Хаадын Сан ТББ-аас Алтан Ургийн 37 хааны хөргийг бүтээснээрээ мөн  үзэсгэлэн гаргасан байлаа.

  1. Италид хэвлүүлсэн Монгол зураачдын уран зургийн товхимол - Дэлхийд хамгийн анх хэвлэгдсэн уран зургийн товхимол  

Номын өдөрлөгийн  ерөнхий ивээн тэтгэгчээр UNITED COLORS OF BENETON ажилласан бөгөөд тус байгууллагаас  Монгол зураачдын бүтээлийг Итали Улсад хэвлүүлсэн уран зургийн товхимлыг үзэсгэлэнгээрээ дэлгэсэн байлаа. Энэ нь Монгол уран зураачдын хувьд уран бүтээлээрээ дэлхийд танигдах боломж гэдгийг уран бүтээлчид онцолж байсан юм.

  1. Шүүдэрцэцэг “ Үүлэн Хээтэй Орчлон” роман- Хамгийн борлуулалт сайтай ном 

Номын өдөрлөгт хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж, борлуулалтаараа трэнд болсон ном бол зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” роман байсан юм. Зохиолч 1900-аад оны монгол орны хүмүүсийн хурц сонирхолтой амьдрал, үйлийн үрийн тухай хөндсөн шинэхэн романыхаа нээлтийг хийгээд удаагүй байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр номоо өөрөө борлуулж худалдан авсан хүмүүст гарын үсэг зурж бэлэглэж байлаа.

  1. Монголын хамгийн том ном

Номын баярын үеэр хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татсан, иргэдэд өөрсдөд нь зохиолч болох эрхийг нээж өгсөн нэг бүтээл байсан нь Монголын хамгийн том хэмжээтэй сэтгэгдэл бичдэг ном байлаа. Энэ номон дээр хүмүүс сэтгэгдэл болоод гарын үсгээ зурж мөн номын тухай хэлэх дуртай үгээ бичиж байсан юм.