Чехэд гурван Монгол иргэн ял эдэлж байна
Энэ оны тавдугаар сарын байдлаар Чехэд манай улсын гурван иргэн ял эдэлж, нэг иргэний хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа аж. Эдгээрээс хүний амь бүрэлгэсэн хэргээр нэг, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр хоёр хүн ял эдэлж байгаа бөгөөд нэг хүн хар тамхи зөөвөрлөсөн хэргээр мөрдөн байцаалтын явцдаа байгаа гэнэ. Прага дахь Монгол Улсын Элчин Сайдын яамнаас Чех улсын хорих ангиудад ял эдэлж байгаа иргэдээ эргэж, консулын уулзалт хийжээ.Консулын уулзалтын үеэр хорих ял эдэлж буй иргэдийн нөхцөл байдлын талаар тодруулахад хорих ангийн удирдлага, харгалзагч нараас болон бусад хоригдлуудын зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлдэггүй, хэвийн нөхцөлд ялаа эдэлж байгаа тухай ярьсан байна. Ял эдэлж байгаа 3 иргэн 1-р зэргийн хүмүүжигч гэсэн үнэлгээтэй байгаа нь тэднийг хорих анги дотроо ажил хийх болон хугацаанаасаа өмнө суллагдахад дөхөм болдог байна.
Консулын уулзалтын үеэр ял эдэлж буй иргэдэд тус бүр 40 ам.доллартай тэнцэх мөнгөн тусламж үзүүлсэн талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.