Монгол Улсын Ерөнхийлөгч Мянганы сорилтын корпорацийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Мянганы сорилтын корпорац /МСК/-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчид эдгээр өдрүүдэд Монгол улсад айлчилж буй бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа.
2014 оны 12-р сард Монгол Улс АНУ-ын МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгарсан
. Компакт гэрээ байгуулах улс орныг шалгаруулах шийдвэр гаргахдаа тухайн улсын ардчилсан засаглалыг бэхжүүлэх, эдийн засгийн эрх чөлөөг хөгжүүлэх, авилгатай тэмцэх бодлого, үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлсийг харгалзан үздэг. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Улс эдгээр үзүүлэлтийг амжилттай биелүүлж чадсан тул ийнхүү МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгарчээ.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцох ажлыг хариуцсан Ажлын хэсэг, компакт гэрээг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй Үндэсний ажлын алба байгуулаад байгаа талаар ярилцлаа. МСК нь хоёр дахь компакт гэрээг харьцангуй цөөн улстай байгуулдаг. Тийм учраас уг гэрээг хэрэгжүүлэх улс орны хувьд тавигдах шаардлагууд нэмэгддэг байна. Уг гэрээг боловсруулахад 2 жил орчим хугацаа шаардагдах бөгөөд компакт гэрээ хүчин төгөлдөр болсны дараа 5 жилийн хугацаанд төслүүдийг хэрэгжүүлдэг талаар хатагтай Дэйна Хайд танилцуулав.
МСК-ээс Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болох хүчин зүйлсийн судалгааг явуулж, үүн дээр үндэслэн санхүүжилт хийх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх салбарыг тодорхойлдог. Уг судалгааг Үндэсний ажлын алба эхлүүлээд байгаа аж.