Зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
“Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлт ирэх сарын 06-ны өдөр болохтой холбогдуулан бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийт 51 нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орохоор болжээ. Тухайлбал эдгээр чиглэлд 676 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллах бөгөөд гол гудамж замууд хаагдах үед чиглэлийн үйлчилгээ Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчлэх аж
. Мөн Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн Т:2 "ХМК - Офицеруудийн ордон", Т:3 "3.4-р хороолол - БММЗ", Т:4 "Вокзал - Ботаникийн цэцэрлэг", Т:5 "Офицеруудын ордон - 3,4 хороолол" чиглэлийн троллейбуснуудын үйлчилгээ зогсох юм.
Дашрамд дурьдахад Нийслэлийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр энэхүү бүх нийтийн гүйлтийг зохион байгуулж байгаа билээ.