"Хүннү Молл"-ын супер хувилбар "Дубай Молл"
УИХ-аар Казиногийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх үеэр хоёр, гурван казино байгуулах сураг гараад гацаанд орсон.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд Хөшигийн хөндийг түшиглэн Дубайн нисэх онгоцны буудалд байдаг шиг чөлөөт бүс, казиног байгуулах санал гаргасан.
УИХ-ын дарга З.Энхболд :
“Дубайн чөлөөт бүсэд зочлох нийт жуулчдын 60-70 хувийг эзэлдэг хятадууд “Дубай молл”-д очихын тулд 6-8 цаг нисч хүрдэг бол Хөшигийн хөндийд ирэхэд 1.30 цаг л ниснэ. Өөрөөр хэлбэл, газар зүйн байрлалын хувьд Монгол илүү дөт. Энэхүү давуу боломжоо ашиглаад Хөшигийн хөндийд “Дубай молл” байгуулчихвал өмнөд хөршөөс жуулчдыг сая, саяар нь татна гэсэн үг.” гэжээ.
Тэгвэл "Дубай Молл" гэж юу болохыг харцгаая.
“Дубай молл” гэж юу вэ ?
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрлах “Дубай Молл” нь дэлхийн хамгийн томд тооцогдох худалдаа, үйлчилгээний төв юм. Энэхүү чөлөөт бүс нь дэлхийн нэртэй брэндүүдийн 1200 гаруй нэрийн дэлгүүр, аварга том шилэн хорго, мөсөн гулгуур, кино театр, хүүхдийн болон видео тоглоомын төв гээд маш олон гайхалтай зүйлсээс бүтсэн.
1. Дубай шилэн хорго буюу газар доорх ертөнц
51м x 20м x 11м хэмжээтэй энэхүү шилэн хоргонд 33 мянга гаруй усны амьтан , 85 төрлийн 400-аад аварга загас байдаг ажээ. Үзэгчид Дубай шилэн хоргоны яг хажуугаар алхаж гайхамшгийг мэдрэх боломжтой.
2. Мөсөн гулгуур
Олимпын мөсөн гулгуураас ч том энэ талбайд та жилийн аль ч улиралд очин хүссэнээрээ зугаацаж болно.
3. Тоглоомон хот
Хүүхдүүд юу хүссэнээ хийж, томчууд шиг чөлөөтэй амьдрах сонирхолтой байдаг. Энэ нь хүүхдийн төсөөллөөр өөрсдөд нь зориулан байгуулсан тоглоомон хот юм.
Тэд энэ хотдоо онгоцоор нисэх, автобус жолоодох, зоогийн газарт ажиллах гээд юу хүссэнээ хийж боломжтой.
4. Кино театр
Дубайгийн хамгийн том 22 дэлгэцээр киногоо үзэнгээ хүссэн амттангаа идэж болно.
5. Сега тоглоомын газар
"Дубай Молл"-ын 2 давхарт байрлах сега тоглоомын газарт 150 төрлийн видео тоглоомоор тоглох боломжтой. Дубайн анхны Сега тоглоомын газарт нэг тоглосон хүн дахин тоглотол хорхойсдог юм байна.
Эдгээрээс гадна "Дубай Молл"-д үлэг гүрвэлийн яс, усан хүрхрээ гээд маш олон гайхамшигтай зүйлийг үзэх боломжтой ажээ.