Алтай нутгийнхан “Алтайн өдрүүд” -ээр хөгжлөө сурталчлав
Говь-Алтай аймгийн удирдлагууд “Алтайн өдрүүд” өдөрлөгийг энэ сарын 23-28-ний өдрүүдэд зохион байгуулж төгсгөлийн үйл ажиллагаа Чингисийн талбайд түүх соёл, хөгжил дэвшил, шинэхэн брэндийн бүтээгдэхүүнээ дэлгэсэн үзэсгэлэнгээр үргэлжиллээ . Үзэсгэлэнд Алтай нутгийн иргэдийн хийсэн Алтай брэндийн дарс, үндэсний ноолууран хувцас, цагаан идээ, малын эдлэл хэрэглэл гэх мэт олон үндэсний брэндийн бүтээгдэхүүнээ дэлгэсэн байв. Түүнчлэн Говь-Алтай аймагт ашиглалтад ороод удаагүй байгаа шинэхэн цэвэр усныхаа дээжээр үзэсгэлэнгээ чимсэн байв.
Энэ талаар Аймгийн Засаг Даргын Орлогч Д.Батсайхан “ Бид энэхүү өдөрлөгийг “Сонсох, сонсгох” гэсэн уриатайгаар Алтай нутгийнхаа арвин их хөгжил цэцэглэлтийг таниулах зорилготойгоор зохиож байна. энэ өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээнүүд зохиосон. Үүний нэг Говь-Алтай аймгийн 21 сумаас нутгийнхаа түүх соёл, хөгжил, үндэсний брэндээ сурталчилан өнөөдөр Чингисийн талбайдаа үзэсгэлэнгээ гаргаж байна. Манай нутгийн увьд дэд бүтцийн бүхий л асуудал шийдэгдсэн. Мөн Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэддээ аймаг орныхоо хөгжлийн төлөө нэг санаатайгаар дэмжин ажиллаарай гэж уриалмаар байна” хэмээн ярив.