Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж олон хүн орон гэргүй болж байна гэв
Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар Сүхбаатар дүүргийн иргэд өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны 23-р гудамжны 10 гаруй айл 2 жилийн өмнө газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж хашаа байшингаа нураалгасан ч өнөөдрийг хүртэл амьдрах газаргүй түрээсийн байраар амьдарч байгаа тухай тэд мэдээлэл хийсэн юм. Учир нь дээрх 10 гаруй айл “Цэлмэг Ар” ХХК-тай хоёр жилийн өмнө гэрээ хийсэн ч хөрөнгө оруулалт байхгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл байрыг нь барьж өгөхгүй байгаа ажээ.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн 15-р хорооны иргэн Д.Цэрэндэжид “Цэлмэг Ар компани анх 2013 онд манай амьдарч байсан газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон гэж бидэнтэй гэрээ хийгээд хувийн байшин хашааг маань нураалгаж оронд нь хоёр өрөө орон сууц барьж өгөхөөр гэрээ хийсэн. Гэтэл хөрөнгө оруулалт байхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл биднийг хохироож байна. Би бол хөгшин настай хүн орох оронгүй үр хүүхдүүдийнхээрээ тэнүүчлээд амьдарч байна. Бас манай хашаанд байсан бэрийг маань хэдэн өнчин хүүхэдтэй нь орон гэхгүй болгосон. Энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч өгөөч гэж төр засагт хэлмээр байна. Хувийн өмчийг хуулиар хамгаалах бус хуулиар бусниулж байна
. Нийслэлийн удирдлагууд гэр хороолол дахин төлөвлөлтийн талаар хэвлэл мэдээллээр их сайхан сайхан зүйл ярьдаг. Гэтэл бодит байдал дээрээ тэр нь хэрэгжих нь бүү хэл олон хүнийг орон гэргүй болгож байна. Манай дүүрэгт л гэхэд 10 гаруй айл орон гэргүй байна” гэв.
Мөн тус дүүргийн иргэн О.Шүрэнчимэг “ Манайх 2013 онд Цэлмэг Ар ХХК-д газраа зарсан. Гэтэл одоо болтол газрын мөнгөнийнхөө хагасыг авч чадаагүй түрээсийн байраар хоног төөрүүлж байна. Биднийг шаардлага тавиад компани дээр очихоор хөрөнгө оруулалт байхгүй гэдэг шалтгаанаар бидний амыг тагладаг” хэмээн ярьж байлаа.