Дэлхийд

Шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам Францын Боловсролын дээд шагнал “Эрдмийн алтан дал мод” одонгоор шагнагдлаа

Э.Золжаргал
2015-05-27 06:28

Монгол соёл судлалын бүтээл туурвил, Монгол Францын соёлын солилцоонд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам гуйг Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар дамжуулан Францын Боловсролын дээд шагнал болох “Эрдмийн алтан дал мод” (Ordre des Palmes Académiques) одонгоор  шагнажээ.

С.Дулам гуай “Монгол домог зүйн дүр”, “Монгол бэлгэдэл зүй”, “Дархад бөөгийн уламжлал” зэрэг  ганц сэдэвт бүтээл 30 гаруй, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл,  80-аад онол, шүүмжлэл, сурталчилгааны өгүүлэл бичиж хэвлүүлэн, олон улсын болон өөрийн орны эрдэм шинжилгээний хурал дээр  200-аад илтгэл тавьж соёл судлал, утга зохиолын салбарт асар үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын тэргүүлэх эрдэмтдийн нэг юм. Мөн тэрээр Парисын Дорно дахины Хэл иргэншлийн дээд сургуульд зочин профессороор уригдан ажиллаж байжээ.

 “Эрдмийн алтан дал мод” одонг 1808 онд I Наполеон санаачлан Францын Их сургуулийн тэргүүлэх эрдэмтдэд хүндэтгэлийн хэргэм зэрэг болгон өгч байжээ. Харин 1866 онд III Наполеон тус хэргэмийг шагнал болгон өөрчилж Францын соёл, боловсролд хувь нэмэр оруулсан гадны эрдэмтдэд ч мөн өгөх болсон байна.