2015 оны I улирал: Эдийн засгийн эерэг ба сөрөг мэдээ
Энэ сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол улсын төсөв санхүүгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Тэрээр мөнгөний нийлүүлэлт, зээлийн өрийн үлдэгдэл жилийн өсөлт өмнөх оны мөн үеэс саарсан, импорт буурснаас Монгол улсын эдийн засгийн идэвхжил саарч байна гэж мэдэгдсэн. Гэсэн ч тодорхой хэмжээний эерэг өөрчлөлтүүд гарч буйг дурдсан билээ. Түүний мэдээллийн дагуу I улиралд гарсан эдийн засгийн эерэг, сөрөг өөрчлөлтийг визуал хэлбэрээр хүргэж байна:
- 2015 оны I улиралд гарсан эдийн засгийн эерэг мэдээ
Хөдөө аж ахуйн салбарын хувьд 2015 оны эхний улиралд 6811,1 мян.толгой эх мал төллөж, 6764,2 мян.толгой төл бойжсон. Төллөх насны хээлтэгч малын тоо 30,6 хувь нь эхний улиралд төллөөд байгаа бол зүй бусаар хорогдсон малын тоо 2014 оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар буурсан эерэг дүнтэй байна.
Харин аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1752,7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар өссөн. Барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32,9 хувиар өсч, 85,5 тэрбум төгрөгт хүрээд байна.
Гадаад худалдааны тэнцэл 2014 оны эхний улиралд 9,3 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2015 оны эхний улиралд 376,0 сая ам.долларын ашигтай гарсан эерэг мэдээтэй гарчээ. Түүнчлэн экспортын хэмжээ өмнөх оны эл үетэй харьцуулахад 91,1 сая ам.доллар буюу 9,2 хувиар нэмэгдэж, импорт 29,5%-иар буурав
.
- 2015 оны I улиралд гарсан эдийн засгийн сөрөг мэдээ
2015 оны 3-р сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,4 хувиар буурч 9,9 их наяд төгрөгт хүрчээ. Мөн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх онтой харьцуулахад 7,8 хувь буюу 890,5 тэрбум төгрөгөөр өсч, 12,3 их наяд төгрөг боллоо
. Үүнд чанаргүй зээлийн өсөлт голчлон нөлөөлжээ.
Монгол улс 2015 оны эхний улиралд дэлхийн 108 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1779,5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 203,2 сая ам.доллар буюу 10,2 хувь буурсан аж.
Үүний зэрэгцээ төгрөгийн ам.доллартай харьцах Монгол банкны зарласан ханш 2015 оны эхний улиралд дунджаар 1960,6 төгрөг байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,3 хувиар суларсан таагүй мэдээтэй байна.