Засгийн газар

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг : Далд байгаа боломж, баялгаа эргэлтэд оруулъя

М.Энхмаа
2015-05-27 07:30

Өнөөдрийн  “Шийдлийн цаг” уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцон газрыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцсан юм.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг :

“Далд байгаа боломж, баялгаа эргэлтэд оруулах нь энэ уулзалтын зорилго. Засгийн газар газрыг эргэлтэд оруулахтай холбоотой хоёр хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан. УИХ-аар хууль хэлэлцэгдэхээс гадна Засгийн газар, нийслэлийн хэмжээнд Яармаг тойрсон газрыг асуудлыг шийдвэрлэх шийдэл хайя. Энэ асуудлыг зөв шийдвэрлэж чадвал бүтээн байгуулалт хийгдэж, газар эргэлтэд орохоос гадна бусад газраа эмхэлж цэгцлэх туршлага болно.” гэлээ. 

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол: Газрын гэрчилгээгүй, салбарын сайдын шийдвэр гараагүй байхад их хэмжээний газрыг тойруулан төмөр хашаа татсан зөрчлийг арилгах  шийдвэр гаргаж, цэгцлэх нь зөв гэж үзэж байна. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу манай яамны мэргэжилтнүүд Яармаг, Зайсангийн чиглэлд шалгалт хийхэд хууль бусаар газар эзэмшсэн 130 гаруй аж ахуйн нэгж байсан. Мөн газрын татварт нэг ч төгрөг төлөөгүй, хоёр жилд бүтээн байгуулалт хийгдээгүй, эргэлтэд оруулаагүй компаниуд ч байсан.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл : Хотын захиргаа 2012 оноос Яармаг орчимд нэг ч га газар олгоогүй бөгөөд хууль бус 47 газрын эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.Газрын тухай хуулиар хоёр жилийн дотор эзэмшиж буй газар дээрээ хөрөнгө оруулалт хийхгүй, үйл ажиллагаа явуулахгүй бол хүчингүй болгох заалттай. Аж ахуйн нэгжүүд энэ заалтыг зөрчлөө гэж үзэхэд хэцүү. Барилгын зөвшөөрөл авах, зураг төсөл хийлгэх зэрэг захиргааны хүнд суртлын хариуцлагагүйгээс хугацаа алддаг. 

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Яармаг орчимд нэг ч ам метр талбай үлдээгүй хуваарилагдсан, хууль бус газрыг хүчингүй болгох боломжгүй, иргэн, аж ахуйн нэгж газраа авчихсан ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийдэггүй асуудлыг  ил тод нээлттэй, авлига хээл хахуульгүй, газрын наймаагүй ажиллах зарчмаар шийдэх ёстой гэжээ.

Мөн газрын гэрчилгээ авчихсан хуулийн этгээдэд эхний ээлжинд тэр газраа албан ёсоор өмчлөх бололцоог олгож Засгийн газраас нэг га газрын суурь үнэлгээг зах зээлийн ханшаар тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин Яармагийн дэнжид сургууль, эмнэлэг, байр орон сууц, хороолол барих зэрэг төр засгийн холбоотой хөтөлбөрт энэ зарчим үйлчлэхгүй байхаар зохицуулах нь зөв гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Ерөнхий сайд  Улаанбаатар хотоо хөгжүүлэх, газраа эдийн засгийн эргэлтэд зөв оруулахын төлөө тууштай ажиллана гэдгээ илэрхийлээд, үүний төлөө БОНХАЖЯ, Хотын захиргаа зоригтой шийдвэр гарган ажлаа шуурхайлахыг үүрэг болгосон байна.