Унгар улсын гадаад хэргийн сайд анх удаа Монголд айлчилна
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто 2015 оны 5 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийх ажээ. Энэ нь манай хоёр орны хооронд гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал билээ.
Энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буй. Айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Улаанбаатар дахь Унгар Улсын Элчин сайдын яамыг албан ёсоор сэргээх юм.
Мөн Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэнд, спортын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нартай тус тус уулзах ажээ.