Бусад

Бурхан багшийн их дүйчин өдрийг 3 өдөр дараалан тэмдэглэнэ

Э.Золжаргал
2015-05-28 00:41

Бурхан багшийн их дүйчэн өдрийг 2500 жилийн тэртээгээс Ази тивийн улс орнууд тэмдэглэн ирсэн уламжлалтай. Энэ өдөр хийсэн буян хязгааргүй ихээр арвиждаг хэмээн үздэг билээ. Яагаад энэ өдрийг их дүйчэн хэмээн нэрлэж байгаа учир нь: Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, Гэгээрлийн хутгийг олсон, Нас нөгчсөн гурван үйл явдал нэг өдөр давхцан тохиодогтой холбоотой. Дэлхийн улс орнууд Бурхан Багшийн их дүйчэн өдрийг өөр өөрийн ёс заншилтайгаа нийцүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэ өдөр нь "Төгс буянт"-ын зурхайн ёсоор Зуны эхэн сарын шинийн 15 нд жил бүр тохиодог юм. Жил бүрийн баярыг яг таг тогтооход бэрхтэй ч нэгээс хоёр жилийн өмнөөс мэдэх боломж бас бий. Харин энэ жилийн их дүйчин өдөр 2015.6 сарын 2 тохиож байгаа боловч 5 сарын 31, 6 сарын 1 -ны өдрүүдэд олон нийт, хүүхдүүдэд хандсан үйл ажиллагаанууд зохион байгуулахаар болжээ. 

2006 оноос бурхан багшийн их дүйчэн өдрийг зөвхөн шашин номын үйлээр хязгаарлахгүй олон нийтэд ялангуяа хойч үеийнхэндээ таниулан сурталчлах зорилготойгоор өргөн хэмжээнд тэмдэглэж байгаа билээ. 2015 онд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг /МБШТ Гандантэгчэнлин хийд болон ТББ -ууд/ байгуулагдаад бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Бурхан багшийн их дүйчэн өдрийг тохиолдуулан дараах 3 үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ:

2015.5САРЫН 31 - ЭНЭРЭНГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БЯСАЛГАЛЫН ФЛАШ МОБ, ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ

Хүндэтгэлийн жагсаал. Бурхан багшийн гурван гол үйл явдлыг харуулсан дүр хөргийг залсан энэхүү жагсаалыг 2 дахь жилдээ бурхны шашинтнууд хамтран зохион байгуулж байна. Сонирхсон хэн ч оролцох боломжтой бөгөөд нийтийн сайн сайхны төлөө энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэн хүүхдэд ээлтэй нийгмийг төлөвшүүлэх уриалгыг дэвшүүлж байгаа юм.

 

2015.6 САРЫН 1 - ДАРЬ ЭХИЙН АЧЛАЛ – ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ

Гандантэгчэнлин хийдээс жил бүр хүүхдийн баярыг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн Дүйчэн өдрийн өмнөх өдөр ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан хүүхэд багачууддаа сонирхолтой хөтөлбөрийг бэлтгээд байна.

2015.6 САРЫН 2 - ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ

Гандантэгчилэн хийд дээр үүрийн 05.30-с оройн 17.00 хүртэл хурал ном уншин, маань хөгжөөж, “Болжмор Бодьсадва” жүжиг , “Агь гэгээн, Далай багшийн магтаал” , Ногоон дарь эхийн магтаал, урлагийн тоглолт зэрэг олон үйл ажиллагаа зохиогдоно.