Бусад
Хүүхдэдээ бэлэг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай
2015-05-28 01:01
Эх үрсийн баяр болох гэж буйтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн, нэн ялангуяа хүүхдэдээ бэлэг сонгож авахдаа анхаарах зүйлсийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргажээ:
- Шошго: хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг нягтлах
- Хөлдөөсөн, хөргөсөн хүнс: Худалдаж авсан даруйдаа хөргөгчид хийх, эсвэл хурдан хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлах
- Мах, махан бүтээгдэхүүн: Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй, эрх бүхий лабораторид аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлах
- Гэрийн нөхцөлд: Хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, дэлгүүр дэх хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн, удаан хадгалсан бүтээгдэхүүн авахгүй байх
- Сав, баглаа: Бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдсан, гэмтсэн бол худалдаж авахгүй байх
- Түргэн чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүн: зориулалтын хөргөх төхөөрөмжид хадгалаагүй, чингэлэг болон ил задгай газраас авахгүй байх
Муудсан хүнсний шинж:
- Лаазалсан бүтээгдэхүүн: Зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсөн, дарахад хонхолзох, задалж үзэхэд дээрээ хийн бөмбөлөгтэй
- Шилтэй бүтээгдэхүүн: Тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторх хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн
- Өндөг: Хальс нь нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон
- Хиам: Гадаргуу нь үрчийсэн, нойтон, өнгө нь хувирсан, элдэв гаж үнэртэй
Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа дээрх зүйлсийг анхаарахын зэрэгцээ ариун цэврийн шаардлага хангаагүй газраас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Ингэж чадсанаар та хүүхэд болон гэр бүлээ хоол, хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс хамгаалах боломжтой болно.