Улсын их хурал

Газар барьцаалах асуудлыг хэлэлцлээ

М.Энхмаа
2015-05-28 01:39

Өнөөдрийн чуулганаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад гишүүд санал бодлоо солилцсон юм.

Х.Тэмүүжин гишүүн : Өмч дээрээ түшиглэн шударгаар нэмэлт ашиг олж авах боломжийг олгох, банк болон иргэн харилцаанд ороод зээл авахад үүсэх эрсдлийг нь багасгах зэрэг олон хүчин зүйлийнх нь хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ Цэц энэ асуулыг ингэж харахгүй. Өмнөх хэд хэдэн хуулийг иргэн давж заалдах эрхтэй, заавал дээд шүүхээр дамжих ёстой гээд унагаасан. Хувь хүний гэрээний нөхцөлд хөндлөнгөөс төр оролцох нь буруу. Бүх зүйлийг шүүхээр шийдэж  болохгүй.

Б.Ганбаатар гишүүн : Мөнгө хүүлэгчид барьцаа хөрөнгийг авах гэсэн захиалгын хуулийг дэмжихгүй. Зээл авах, өгөх хүмүүсийн хооронд эрх тэгш харилцаа үүсээгүй байна. Бизнес хийх нөхцөлийг нь бүрдүүлэхгүйгээр, маргаан хийхгүйгээр эд хөрөнгийг нь хурааж авч болохгүй. Тэдэнд давж заалдах эрхийг олгох хэрэгтэй.

Л.Болд гишүүн : Энэ хууль цаг үеэ олсон. Иргэн бүр газар өмчлөх хууль хэрэгжиж байгаа энэ үед иргэд газраа эргэлтэнд оруулах боломж олгож байгаа нь зүйтэй. Хуулийг  хэлэлцэх явцад нухацтай шийдэх зүйлүүд гарч ирсэн. Гарын үсгээ зураад газраа туугаад явуулчихдаг асуудал болон газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилангийн хэргийг анхаарах хэрэгтэй

Г.Баярсайхан гишүүн : Газар гэдэг улсын үндэс суурь. Үүнийг давж заалдахгүй шуурхай шийднэ гэдэг  буруу. Мөнгө хүүлэгчдийн гарт газар цуглуулах боломжийг олгож болохгүй. Газар бол угаалгын машинд хийгээд угаачихдаг зүйл биш. Тиймээс энэ асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй.

Ц.Оюунгэрэл гишүүн : Хүүхдийн газрын асуудал дээр тусгайлсан заалтыг оруулах хэрэгтэй. Шаардлагатай бол иргэний хуулинд газрын заалтыг нэмж оруулах нь зүйтэй. Хүүхэд насанд хүрсэн хойноо газраа захиран зохицуулах эрхтэй учраас насанд хүрсэн хүн, хүүхэд хоёрын газрын асуудлыг тусад нь хэлэлцэх хэрэгтэй.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын дарга З.Энхболд хүүхдийн газрыг насанд хүртэл нь барьцаалахгүй байх санал гаргасан юм. 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж анхны хэлэлцүүлэгт нь шилжүүллээ.