Нийгэм

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө “тэрэгтэй тэмцэгчид” удахгүй тайван жагсаал хийнэ

Э.Золжаргал
2015-05-28 02:08

"Тэрэгтэй парад 2015" нь 2015 оны 6 сарын 6-ны өдөр тохиох “Автомашингүй өдөр” –өөр зохион байгуулагдах бөгөөд энэ өдөр эцэг, эхчүүд сайн дурын үндсэн дээр нэгдэж, төрөөс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардан тайван жагсаал хийхээр боллоо. Энэхүү парадыг "Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд" ТББ зохион байгуулах гэж байгаа бөгөөд хүүхэдтэй аав,ээжүүдээс:

-Машины дуут дохио (сигнал) хүүхдийг тань айлгаж, цочоодог уу?

-Хүүхэдтэйгээ зам хөндлөн гарахдаа ногоон гэрэл асах хугацаанд амжиж чаддаг уу?

-Хүүхдээ тэрэгтэй нь түрээд явахад тохиромжтой бартаа саадгүй, цэвэр цэмцгэр зам, талбай хангалттай юу?

-Ер нь таны хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих эрхээ эдэлж чадаж байна гэж та үздэг үү? 

гэсэн асуултуудыг асууж хэрвээ эдгээр асуудлууд тулгардаг бол “Тэрэгтэй парад 2015”-д нэгдэхийг уриалжээ.

Тус арга хэмжээнд оролцохын хүссэн "тэрэгтэй тэмцэгчид" 2015 оны 06 сарын 06-ны өдөр буюу бямба гарагт 11 цагаас Чингисийн талбайд цуглана. Харин цаашаа үргэлжлүүлэн баруун 4 зам хүртэлх автомашины замаар алхах бөгөөд оролцохыг хүссэн хэн бүр хүүхдээ тэрэгтэй нь түрэх, хөтлөх, тэврэх, үүргэвчинд үүрэх ямар ч хэлбэрээр алхаж болно.


Дэлгэрэнгүй мэдээллийг 99193102, 8800-3320 дугаарын утаснаас авна уу.