Агентлаг

Цэргийн албан хаагчдыг орон сууцжуулахад Хаан банк хамтран ажиллана

О.Намуун
2015-05-28 03:46

Батлан хамгаалах салбарын албан хаагчдын тулгамдсан асуудал нь нийгмийн хамгаалал байдаг. Нэн ялангуяа орон сууц хувьчилж авах, хөнгөлөлттэй үнээр болон зээлээр худалдаж авах асуудал орхигддог.

Энэ салбарын хэмжээнд 400 орчим цэргийн алба хаагч албан тушаалын орон сууцанд амьдардаг байна. Тэд орон сууцаа хувьчилж авах асуудлыг олон жил тавьж буй тул хувьчлалын асуудлыг 8 дугаар сард багтаан шийдвэрлэх тухай БХЯ-ны БХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа П.Жаргалан ярьсан.

Харин хөнгөлөлттэй үнээр худалдан авах, зээл авах асуудлыг шийдвэрлэхээр Батлан хамгаалах яам, ХААН банк хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Санамж бичигт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ХААН банкны гүйцэтгэх захирал ноён Норихико Като нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Ингэснээр “Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөр”, “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр”, “Цэргийн алба хаагчдын орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажиллаж, банкны зүгээс цэргийн алба хаагчдыг хувийн мөнгөн хадгаламж, орон сууцны төлбөрийн хуримтлалтай болгох зэрэг банк санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх юм.

Батлан хамгаалах яамны зүгээс салбарынхаа ажиллагсдын нийгмийн хамгаалалд чиглэсэн хөрөнгийг банкинд төвлөрүүлэн байршуулах, орон сууцны зээлийн баталгаа болон ажилтнуудад орон сууцны урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Харин банкны зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж буй  дэд хөтөлбөрийн  орон сууцны ипотекийн зээлийн шаардлага хангасан батлан хамгаалах салбарын ажилтнуудад орон сууцны зээлийг олгох ажээ.


  1. 178.162.207.* Зочин 2015-05-28 15:07
    yaj hamragdah yum bolo
  2. 178.162.207.* Зочин 2015-05-28 15:07
    yaj hamragdah yum bolo