Түрэгийн үеийн "Шороон бумбагар"-ын цогцолборыг хамгаалахад хамтран ажиллахаар боллоо
Монгол дахь эртний Түрэгийн үеийн соёлын өвийг хамгаалах, хадгалахад хамтран ажиллах тухай санамж бичигт 5 сарын 26-ны өдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Али Маскан нар гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Булган аймгийн Баяннуур сумын нутгаас олдсон "Шороон бумбагар"-ын олдвор буюу эртний Түрэгийн үеийн язгууртны бунхант дурсгалт газрыг авран хамгаалах төслөөс танилцуулга хийж Туркийн талтай хамтран ажиллахаар боллоо.
2011 онд нээсэн энэ бунхны хананы зарим хэсэгт мөөгөнцөр үүсч газрын хөрсөн дээр зурсан 1300 настай зурагнууд бүдгэрч эхэлсэн байна. Тиймээс авран хамгаалах ажлыг даруй эхлүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Одоогийн байдлаар бунхнаас олдсон алт мөнгөн эдлэл болон ховор сонин баримал эртний зоос тэргүүтнийг Хар хорины музейд хадгалж байна. Мөн бунхант булшийг авран хамгаалах сендвичин барилгыг барьжээ. Цаашдаа ханын зургийг бүтнээр нь хуулж авах, "Шороон бумбагар"-ын цогцолбор газарт музей байгуулах зэрэг ажлыг хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Санамж бичиг үзэглэх үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр:
"Өнөөдрийн байдлаар ерөнхий санамж бичиг зурж байна. Эндээс эхлээд аль аль тал нь ажлын хэсэг гаргаад ажиллана. Бид "Шороон бумбагар"-ыг авран хамгаалах ажилд 600,000 ам.долларын санхүүжилт хэрэгтэй
байна гэсэн эхний тооцоог гаргасан. Мэдээж бүгдийг нь Туркийн талыг гаргаач гэхгүй. Харилцан хамтын ажиллагаа бий болно. Цаашдаа энэ дурсгалт газарт томоохон музей байгуулж, үнэт ховор олдворыг ард түмний хүртээл болгох ажлыг хийнэ. Тэгэхийн тулд сайн мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Өнөөдрийн хэлэлцээрийн хүрээнд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ажлыг давхар хийх юм" гэлээ. Харин Туркийн тал "Энэ дурсгалыг хамгаалах ажил судалгаа шинжилгээ хийж өнөөдрийн байгаа нөхцөлийг тодорхойлохоос эхэлнэ" гэдгийг хэлж байлаа.
"Шороон бумбагар"-ын олдвор:
Монгол- Казахстан улсын хамтарсан судлаачид 2011 онд Монгол улсын Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн Шороон бумбагар хэмээх дурсгалд археологийн малтлага явуулсны үр дүнд олон сонирхолтой олдворууд бүхий бунхант булшийг нээн илрүүлжээ. Улаан хэрмийн Шороон бумбагарыг МЭ VII зууны II хагаст хамаарна хэмээн урьдчилсан байдлаар тогтоосон байна. Монгол улсын нутгаас анх удаа олдсон ханын зураг бүхий бунхант булш нь эртний нүүдэлчдийн гоо зүй, уран сайхны сэтгэлгээ, урлах эрдэм, ертөнцийг үзэх үзэл, гадаад харилцаа, нийгмийн хөгжил зэрэг асуудлуудыг өөртөө шингээн, бидний үед авчирч буй гайхалтай дурсгал юм.
Бунхны үүдэвч нь 42 м урт, 180 см өргөн, бунхан нь 7.5 м гүн, үүдэвчний хоёр хана болон бунхны хананд 40 гаруй ханын зурагтай бунхан олдсон бөгөөд Монголд төдийгүй Төв Азийн бүс нутгаас олдож байгаагүй олдвор юм байна. Тус бунхнаас нийт 550 гаруй олдвор олдсон бөгөөд тэдгээрээс алтан эдлэл 150 орчим, модон эдлэл 110 гаруй, төмөр хүрэл, 17, мөнгөн эдлэл 12 ширхэг олдсон бөгөөд харьцангуй сайн хадгалагдсан байна.