Хууль
Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдаалсан иргэдийг 3 сая төгрөгөөр торгожээ
2015-05-28 23:18
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран тамхины хууль бус худалдаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдлээс хамгаалах зорилгоор энэ сарын 27-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байна. Шалгалтад төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явууулдаг 45 аж ахуйн нэгж, 389 иргэнийг хамруулсан байна. Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдах зөрчил нийтлэг байгаа нь илэрсэн бөгөөд орон сууц, сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг болон гар дээрээс ширхэглэн худалдаж байгааг илрүүлж дөрвөн аж ахуйн нэгж, 22 иргэнд гурван сая гаруй төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн шалгалтын явцад 1053 хайрцаг тамхи хураан авч улсын орлого болгосон байна.