Агентлаг

Олон улсын энхийг сахиулах өдөр: Монгол улс энхийг сахиулдаг топ улсуудын нэг

О.Намуун
2015-05-29 00:00

Өнөөдөр буюу 5-р сарын 29-нд Олон улсын энхийг сахиулах өдөр тохиож байна. Дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүндийг эерэгээр таниулж яваа салбар бол батлан хамгаалах салбарын энхийг сахиулагч залуучууд билээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаа анх 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд 2 цэргийн ажиглагч илгээснээс эхэлж байжээ. Үүнээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд нийт давхардсан тоогоор 11500 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн ба одоогоор 1200 орчим цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэсээр байгаа билээ. 

Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэх болсон. Мөн НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2014 оны 6 дугаар сарын үзүүлэлтээр 30-д жагсаж байв. Энэ онд нийт 940 цэргийн алба хаагч (61 нь эмэгтэй)-ийг 6 ажиллагаанд илгээн оролцуулж байжээ.

200 орноос 30 дугаарт жагсана гэдэг төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхийг нэмэгдүүлэх зорилтоо ханган ажиллаж буйн илрэл юм.