Хууль зөрчсөн СӨХ-ийн удирдлагуудаар учирсан хохирлыг төлүүлдэг болно гэв
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт ШӨХТГ-ыг удирдлагууд болон СӨХ-ны төлөөлөл, иргэд оролцож байгаа бөгөөд ШӨХТГ-т ирдэг нийт санал гомдлын 30 орчим хувь нь СӨХ-тэй холбоотой асуудал байдаг
гэнэ. Тиймээс орон сууцны тоо нэмэгдэж, СӨХ-дын эрх зүйн зохицуулалтын асуудалд доголдол гарч буйтай холбоотой хуулийн төсөлт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан ажээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Иргэдээс СӨХ-г байгуулахдаа иргэдийн санал, гомдол, оршин суугчдын оролцоог хангаж чаддаггүй, СӨХ-ийн төлбөр хураамжийн хэмжээг тогтоох, зарцуулалтыг тодорхойлох, хянах хэрэгтэй, мөн оршин суугчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж оршин суугчдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусад байгууллагад олгодог төдийгүй СӨХ-тэй холбоотой хууль тогтоомжид төрийн болон захиргааны байгууллагуудын эрх үүрэг тодорхойгүй зэрэг түгээмэл зөрчил, гомдол ирдэг учир СӨХ-ны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дараах хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнд:
- Хууль зөрчсөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх дарга нарыг албан тушаалаас чөлөөлөх хариуцлага тооцох, СӨХ-д учирсан хохирлыг нөхөн төлдөг болгох
-Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалал, үйлчилгээтэй холбогдох зардлын хэмжээг хэрхэн тогтоох талаар нарийвчилсан зохицуулалт болон төрийн захиргааны төв байгууллага, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалал, үйлчилгээтэй холбогдох үйл ажиллагаанд мөрдөх журам, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох аргачлалыг тус тус баталдаг байх зэрэг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Тэд өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос санал авч хуулийн төслийг улам боловсронгуй болгох ажээ.