“Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран зохион байгууллаа.
Туул голын сав газар 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамардаг
бөгөөд нийтдээ 49774.3 км2 талбайг эзэлж, Монголын нийт хүн амын талаас дээш хувь ямар нэгэн байдлаар Туул голоос ундаалдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 онд гаргасан мэдээллээр дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавд Туул гол орсон.
Уг хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг Туулын бохирдлын гурван гол шалтгаан болон гарах шийдлүүдийг дурдсан юм.
Туулын бохирдлын гол гурван шалтгаан:
Нэгд,Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдэн Туул голд цутгагдаж буй бохир ус. Хоногт 170 мянгаас190 мянган шоо метр бохир ус Туул голд цутгагддаг
Хоёрт, Эрэг дагуу элс хайрга ихээр олборлосноос голын голдирол, татам эвдэрч урсац саринан горим нь өөрчлөгдөж, голын эко систем бүхэлдээ экологийн доройтолд орсон.
Гуравт, Төрийн байгууллагуудын ажлын уялдаа сул, ойлголтын зөрүү их, хариуцлагын систем тодорхой бус хамгийн гол нь нэгдсэн ажлын зураг байдаггүй.
Туул голын шийдлүүд:
- Үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага хангахуйц хэмжээнд цэвэрлэх хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих. Шинэ цэвэрлэх байгууламжийг барихад шаардагдах 400-500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нь яаралтай шийдвэрлэх;
- Туул голын эх орчимд олон жилийн урсцын тохируулга хийж, үер, хур борооны ус хуримтлуулах хиймэл нуур, боомт бүхий усан цогцолбор байгуулах. Ингэснээр Туул голыг тасардаггүй, байнгын экологийн урсацтай байлгах боломжтой. Энэ төслийг хэрэгжүүлэхэд мөн 500 гаруй тэрбум төгрөг шаардагдана.
- Туул голын хамгаалалтын бүсэд нэмж газар олгохгүй байх, нэгэнт бий болсон суурьшлын бүсэд үерийн хамгаалалтын асуудлыг цогцоор шийдэх, газар болон усны нөөц ашиглалтад онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчинг бүрдүүлж татварын бүсийг Туул голын сав дагуу бий болгох
- Туул голтой холбоотой төр, хувийн хэвшил, иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бүхий, тогтмол уулздаг механизмыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд бий болгох