"Монгол гэр” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо (Зураг)
Нийслэлийн боловсролын газар, Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх "Улаанбаатар глобал шейперс нийгэмлэг" хооронд Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, залуучуудад боловсрол, мэдлэг, дадал олгох замаар соёлын өвийг хадгалан уламжлуулах “Монгол гэр” төсөлд хамтран ажиллахаар "Санамж бичиг"-ийг байгуулсан байна. Харин төслийн нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 5 дугаар сар 28 –ны өдөр болж Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны сайд Л. Гантөмөр болон Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Эндрью Вүдлей нар хүрэлцэн ирж үг хэллээ.
Уг төслийн санаа анх 3 жилийн өмнө гарсан ч “Монгол гэр” төслийг санаачлагч Г. Бат-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л. Гантөмөрд 2014 онд хүсэлт гаргаснаар энэхүү төсөл дэмжигджээ. Төслийг Рио тинто групп ивээн тэтгэж, гүйцэтгэгч байгууллагаар Техник, технологийн дээд сургууль ажиллаж, өнөөдрийн нээлтийн үйл ажиллагааг Монголын Урлагийн Зөвлөл зохион байгуулсан байна.
Төслийн эхний шатанд Техник, технологийн дээд сургуулийн багш, хүүхдүүд хамтран 60 гэр урлаж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад өгөхөөр болжээ. Төслөөс олгосон гэрийг “Иргэний боловсролын төсөлт хичээл”-ийн агуулгад хэрэглэх зөвлөмж гаргах, үр дүнг тооцож ажиллахаар боллоо.