Улсын их хурал

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин : Иргэд нотлогдохгүй байгаа хэрэг дээр цагаатгагдах ёстой

М.Энхмаа
2015-05-29 04:03

УИХ-ын нэгдсэн чуулганаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр Х.Тэмүүжин энэ хуулийг дэмжиж байгаагаа дурдаад өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

Х.Тэмүүжин гишүүн :

" Бид хэд хэдэн үндсэн асуудал дээр саналаа нэгтгэж, үзэл баримтлалын хувьд нэг шийдэлд хүрэх ёстой гэлээ.

1. Одоо үйлчилж байгаа болон шинээр өргөн барьсан Прокурорын тухай хуулинд хууль цаазын итгэмжлэх зөвлөх гэсэн прокурорын албан тушаалын цол маягийн нэр томьёо байгаад байна. Энэ цолыг бид нар энэ хуулинд байх үгүйг шийдэх хэрэгтэй.

Яагаад гэвэл прокурор ЗГ-ын бүтэц дотор байдаг, хууль зүйн сайд нь прокурорын чиг үүргийг давхар хэрэглэдэг улс орнуудад хууль цаазын итгэмжит зөвлөх гэсэн чиг үүрэг байдаг. Гэтэл бид нар прокурор  нь ЗГ-т байдаггүй, гүйцэтгэх эрх мэдэлд хамаардаггүй тогтолцоо сонгосон мөртлөө зөвлөгөө өгөх шинжтэй гэсэн чиг үүргийг оруулчихаар прокурор ЗГ-ыг төлөөлж арбитард орох уу, иргэний болон захиргааны шүүхэд орох уу гэсэн асуудлууд гарч ирээд байгаа юм.

Үндсэн хуулинд энэ заалтыг  Эрүүгийн хэрэгт яллагчаар шүүхэд орно гэсэн тодотголтойгоор  заасан хирнээ хоёр загварыг холиод хуульчилчихаар төөрөгдөл үүсээд байна. Иймээс аль нэгийг нь сонгох хэрэгтэй

2.Өмнө нь боловсруулж байсан хуулинд прокурорын дэргэд дэмжлэг үзүүлэх байдлаар мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бүтэц байж болно гэж заасан. Үүнийг 2 чиг үүрэгтэйгээр хийж байгаа.

- Одоо үйлчилж байгаа эрүүгийн байцаан шийтгэх хуулинд байгаа шүүхээс мөрдөн байцаалтанд хэрэг буцдагийг болиулах 

- Иргэн нотлогдохгүй байгаа хэрэг дээр цагаатгагдаад гардаг зарчмыг оруулах 

3. Прокурорын цол, өмсгөлийг зогсоох хэрэгтэй. Шүүхийн өмнө бүгд эрх тэгш байна гэж заачихаад прокурор нь дүрэмт хувцас, цолтой орж ирээд, тэр байдлаараа шүүх  хуралдаанд өмгөөлөгчөөс давуу байдал эдэлдгийг таслан зогсоох ёстой. Бусад улс оронд прокурор дүрэмт хувцас, цол хэрэглэхгүй түүнийгээ цагдаад хэрэглэдэг. Гэтэл бид цагдаад цэргийн цол хэрэглээд, цагдаад хэрэглэх ёстой цолыг прокурорт хэрэглэж байна. Тиймээс энэ зарчмыг прокурорын хуулиар нэгмөсөн шийдэх ёстой." гэсэн юм.

Мөн гүйцэтгэх ажилтай холбоотой бүх зөвшөөрлийг шүүхээс авдаг тогтолцоо руу ороод прокурорын хяналтанд оруулах ёстой гэв. Гэхдээ энэ хүрээнд тагнуулын үйл ажиллагааг прокурор хянахгүй гэсэн зааг гаргаж өгөх хэрэгтэйг сануулсан юм.

Х.Тэмүүжин гишүүн тагнуулд гэмт хэрэгтэй тэмцэж байгаа чиг үүрэг байгаа бол түүнийг нь 100 хувь хянах хэрэгтэй  гэжээ.