Монгол улс тамхины хяналтад онцгой хувь нэмэр оруулж байна
Өнөөдөр Төрийн ордонд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн тавдугаар сарын 31-нийг “Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх өдөр” болгон зарласантай холбоотой хэвлэлийн бага хурал болжээ.
Хурлын үеэр Л.Эрдэнэчимэг гишүүн , “Монгол Улс Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн ороод 10 гаруй жил болж байгаа бөгөөд анх 2008 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайн биелүүлж байгаа гэж онцолж байсан бол өчигдөрхөн тус байгууллагаас Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яаманд тамхины хяналтад онцгой хувь нэмэр оруулж байгааг үнэлэн Батламж хүргүүлсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна” гэлээ.
Батламж гардуулах албан ёсны ажиллагаа энэ оны 6 дугаар сарын 4-нд Эрүүл мэнд, спортын яаманд болох юм байна.
Уг конвенцид нэгдэж орсон улс холбогдох хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох үүрэг хүлээдгийн дагуу Монгол Улс 2012 онд Тамхины хяналтын тухай тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий хуулийг баталсан. Үүнээс хойш хэрэгжилт сайн байгаа гэсэн үнэлгээ авсаар байгаа нь дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх хуулийн зорилго сайн биелж байгаагийн илрэл хэмээн мэдээлсэн юм.