Унгар болон Монгол улсын албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино
Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож, Унгар улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартогийн Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалынхаа хүрээнд тэрээр 2006 онд хаасан Унгар улсын элчин сайдын яамыг сэргээн нээсэн төдийгүй гадаад хэргийн сайдууд ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийжээ.
Хэлэлцээний үеэр талууд энэхүү сэргэж буй уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй болон барилгын салбарт түлхүү хөгжүүлэхэд санал нэгджээ. Үүний зэрэгцээ дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хоёр улсындипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчихоор болсон байна. Мөн “Зөвлөлдөх уулзалтын механизмыг байгуулах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурлаа.
Унгар улсын гадаад хэргийн сайд "Монгол улс удахгүй Унгарын технологи экспортолдог голлох улсуудын нэг болно. Монгол улсын уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжсөнөөр улсынх нь эдийн засаг хурдацтай өсч байгаа. Ингэснээр технологийн дэвшил зайлшгүй шаардлагатай болж байна. Тиймээс энэ нь Унгар, Монгол улсын хооронд технологийн экспортыг хөгжүүлэх томоохон боломж
юм." гэжээ.