“Чалко” компанитай хийсэн гэрээний талаар залруулга мэдээлэл хийжээ
Хэвлэлээр Таван толгойн асуудалтай холбоотой ам.долларын зөрүүтэй байдлын талаар ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компани болон Уул уурхайн яамнаас залруулга мэдээлэл хийжээ.
Уг мэдээлэлд :
Нэг тонн нүүрсний үнийн зөрүүтэй байдал нь үйл ажиллагааны болон тээврийн зардалтай холбоотой
70 ам.долларыг зах зээлийн нөхцөл байдлаас үл хамааран тогтмол байхаар “Чалко” компанитай хийгдсэн гэрээнд тусгасан байдаг талаар ташаа ойлголт үүссэнийг дурдаад гэрээнд уг үнэ нь индексийн үний өөрчлөлтөөс шалтгаалж улирал болгон өөрчлөгдөж байхаар заасан байдаг гэжээ.
Харин 33 ам.доллар гэдэг нь 2014 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баруун цанхийн нүүрсийг бусад компанид борлуулж байсан үнэ бөгөөд “Чалко”-д ямар ч хамааралгүй гэсэн байна.
Өөрөөр хэлбэл 70 ам.доллар нь Хятад улсын нутаг дэвсгэрт байрлах Ганц модны боомтын агуулахын үнэ, 33 ам.доллар нь Баруун цанхын уурхайн амны үнэ ажээ.
Шинэчлэлийн Засгийн газар болон Уул уурхайн яамнаас ямар ч чиглэл өгөөгүй
Шинэчлэлийн Засгийн газар болон Уул уурхайн яамнаас “”Эрдэнэс Тавантолгой” ХК-д “Чалко” компанитай байгуулсан гэрээг өөрчлөх талаар ямар ч чиглэл өгч байгаагүй гэж мэдэгдсэн байна. Харин тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж "Чалко" компанитай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагын улмаас 2 удаа 2 сараар нийт 4 сар экспорт түр саатаж байсан бөгөөд үндсэн гэрээний дагуу нүүрс нийлүүлж байсан бол 17,5 сая ам.долларын алдагдал хүлээх байсан гэжээ.
Гэрээнд өөрчлөлт оруулснаар 21 орчим сая ам.долларын алдагдлаас сэргийлсэн
Өнгөрсөн хугацаанд Я.Батсуурь захирлын үед “Эрдэнэс Тавантолгойн” компани өөрийн бүрэн эрхийн хүрээнд “Чалко” компанитай байгуулсан гэрээнд харилцан тохирч өөрчлөлт оруулснаар зээлийн хүүг 4 хувиар бууруулж, энэ гэрээгээр хүлээх байсан алдагдлыг 20,4 сая доллараар бууруулж чадсан байна.